C.ЭНХЦАГ: Аюултай, хортой хог хаягдлыг булсан хөрс хэзээ ч нөхөн сэргэхгүй

Монголын геологи, уул уурхай, геоэкологийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн, зөвлөх геологич С.Энхцагтай ярилцлаа.

-Танай байгууллагынхан уул уурхай, геологи хайгуулын чиглээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад мониторинг хийх санал хүргүүлж буй гэсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юү?

-Тиймээ, бид аж ахуйн нэгжүүд хайгуулын ажил эхлүүлэх үед болон уурхайн ажлыг хэрхэн явуулж байна, нөхөн сэргээлтийн чанарт үнэлгээ өгөх, аюултай хог хаягдлыг хэрхэн зайлуулж буй талаар нь мониторинг хийж, зөвлөгөө өгөн, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж, санал хүргүүлж байна. Одоогоор 100 орчим компанитай холбогдсон.

-Аж ахуйн нэгжүүдэд тухайн ордод хайгуул эхлэх үеэс нөхөн сэргээсний дараах зөвлөмж өгч, хамтран ажиллана гэдгээ тодруулахгүй юу?

-Одоогоор манай улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг 1800, ашиглалтынх 1600 орчмыг олгочихоод байгаа бөгөөд ийм тооны уул уурхай, геологи хайгуулын ажил өрнөж байна гэвэл буруудахгүй. Тухайн орд орчмын байгаль орчин сүйдэх, нөхөн сэргээх боломжгүй болох, хийсэн ажил нь ч үр дүнд хүрэхгүй байх нь юуны түрүүнд хайгуулыг мэргэжлийн түвшинд, зөв эхлүүлсэн, эсэхээс шалтгаалдаг. Тодруулбал, гадаад, дотоодын зарим иргэн, аж ахуйн нэгж хайгуулын лицензийг өндөр үнээр худалдан авч, геологичдоор ордоо үнэлүүлэн, эдийн засагчдаар техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулуулж, шуурхайлж ажилдаа ордог. Хэрэв туршлага, мэдлэг багатай хүмүүстэй хамтран ажиллавал том эрсдэлд хүрнэ. Ордын үнэлгээг зөв хийлгэсэн ч ашигт малтмалаа бүрэн олборлож чадаагүй бол ашиг буурч, тухайн орчны хөрс сэндийлэгдэн үлдэж, бичил уурхайчдын “үүр” болно. Улмаар байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учрах үндэс тавигдаж буйг бид 10 гаруй жил харлаа. Тиймээс хайгуул эхлэл, орд ашиглалтын явцад хөндлөнгийн үнэлгээ зайлшгүй шаардлагатай. Мэдээж холбогдох байгууллагууд нь зохих ёсны үнэлгээ хийж байгаа ч төдийлөн үр дүнгүй байх нь бий. Хөндлөнгийн үнэлгээ, дүн шинжилгээг зөв хийлгэвэл тухайн аж ахуйн нэгжид ч, алсдаа байгаль орчинд ч өгөөжтэй. Үүнийг л бид хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж явна.

...Нааштай үр дүнд хүрнэ, аюултай хог хаягдлыг цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг авна гэж найдаж байна. Мөн судалгаа хийх, түүнийгээ боловсруулах, мэдээллээ түгээх, шийдвэр гаргах түвшнийнхэнд уламжлах бидний ажил хэвээр үргэлжлэх болов уу...

-Та бүгдийг сонгож үнэлгээ хийлгүүлэхийн ач холбогдол юу вэ. Аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээн авч байгаа бол?

-Төрийн зарим үйлчилгээг төрийн бус мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэх, тухайн салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшин дэх оролцоогоо нэмэгдүүлэх нь өгөөжтэйг олон улсын жишиг харуулдаг. Манай улсын зарим салбарын төрийн болон төрийн бус байгууллагынхан сайн хоршин ажиллаж буй. Тиймээс бид геологи, уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулахаар ТББ-аа 2003 онд байгуулсан. Хамгийн гол нь манайд геологич, геофизикч, уул уурхайн инженерүүд, ус, хөрс судлаачид зэрэг эрдэмтэн, мэргэжилтэн багтдаг. Бид уурхайн ашиглалтын эхэн үед буюу хайгуул эхлэх үеэс л зөвлөгөө өгөх чадвар, боломжтой. Тухайн ордын техник, эдийн засгийн үндэслэлийг зөв гаргасан уу, уулын ажлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан, ажлаа төлөвлөснийхөө дагуу явуулж байгаа, эсэхийг үнэлнэ. Мөн тухайн ордыг бүрэн ашиглах, уурхайн орчимд хуримтлагддаг аюултай хог хаягдлыг хэрхэн зайлуулж байгаа талаарх дүгнэлт гаргахад голлон анхаарч байна.

-Уурхайн орчинд аюултай, хортой хог хаягдал маш их үүсдэг. Түүнийг хэрхэн зайлуулж буй талаарх судалгаа бий юү?

-Бид уул уурхайн голлох бүс Өмнөговь, Дорноговь, Дорнод зэрэг таван аймагт ажилласан. Эдгээр аймагт ажиллаж буй уурхайн орчинд маш их хог хаягдал гардаг. Тэдгээрийг газарт булах ганцхан аргаар л зайлуулж байна. Хөдөлгүүрийн тос, дугуй, тэсэрч дэлбэрдэг бодисын үлдэгдэл зэрэг олон төрлийн хаягдлыг нийлүүлж булдаг. Мэдээж холбогдох байгууллагуудаас нь тогтоосон стандарт, хэм хэмжээ, журмыг дагадаг. Гэхдээ ийм арга хэрэглэх нь явуургүй.

Аюултай, хортой хог хаягдалтай хөрс хэзээ ч нөхөн сэргэхгүй. Үүнийг хаана хаанаа олон жил ярьсан ч шийдвэрлэж чадахгүй байна. Боловсруулах үйлдвэр барих техник, эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмал, газрын тосны газар цөөнгүй жилийн өмнө боловсруулсан ч яриа төдий л байгаа.

-Хог хаягдал боловсруулах үйлдвэр барих ажилд танай оролцоо хэр байх вэ. Төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудад хандав уу?

-Уул уурхайн салбар манай улсын эдийн засагт өгөөжөө өгдөг, том хөдөлгөгч хүч боловч байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь тоочоод баршгүй. Аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээхэд боломжийн хэрээр хөрөнгө, хүч зарж буй ч асуудал байсан хэвээр. Уурхайн ашиглалтын нийт талбайн 10 орчим хувьд л техникийн болон байгалийн нөхөн сэргээлт хийсэн дүн байдаг юм билээ. Энэ бол манай улсад геологийн алба үүссэн 80, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтай баяжуулах, боловсруулах, борлуулах үйлдвэрүүд эрчимтэй хөгжсөн 20 жилийн хугацаатай харьцуулахад туйлын хангалтгүй дүн. Ахин хэлэхэд аюултай хог хаягдлыг хэрхэн боловсруулах талаар юу ч хийдэггүй. Тухайн уурхайнхан өөрсдөө шийдэн, тодорхой талбай гарган, булж далдалдаг. Тиймээс бид манай улсын зүүн, баруун, төвийн бүсэд аюултай хог хаягдал хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр барих төслийг АМГТГ-т өргөн барьсан. Нэг үйлдвэр байгуулах дундаж өртөг 1-2 тэрбум төгрөг бөгөөд 50 гаруй ажлын байр бий болгоно. Тухайн бүсийн уурхайгаас гарсан бүх хогийг хүлээн авч, анхан шатны түвшинд боловсруулах боломжтой. Тодруулбал, 10 000 тонн хаягдал дугуй боловсруулахад хоёр орчим тонн төмөр, зургаан тонн гаруй резин гардаг. Резинээр авто зам хийхэд шаардлагатай асфальт, явган хүний зам хийдэг шахмал материал үйлдвэрлэж болно. Мөн төмрөөр нь хайлш хийнэ. Хэрэв ахисан шатны боловсруулалт хийвэл хогноос эрчим хүч, дулаан гарган авах ч боломжтой.

-Төрийн бус байгууллагынхан үйлдвэр барих төсөл боловсруулан, санхүүжилт татахаар зорьж буй нь үр дүнд хэр хүрэх бол?

-Уул уурхай, байгаль орчинтой хамааралтай нэр хаягтай төрийн бус байгууллага гэдэг нь эх орон, газар шороогоо сэндийчүүлэхгүй хэмээн “хөөрцөглөн”, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулдаг, үйл ажиллагааг нь хааж боогдуулах хүсэлтэй хүмүүсийн нэгдэл хэмээн олон нийт ойлгож хэвшжээ. Зүй нь тухайн салбарынхаа талаар мэдлэг, мэдээлэлтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн төрийн бус байгууллага нь аж ахуйн нэгжүүд болон төрд өгөөжтэй ажиллах бүрэн боломжтой. Бид юутай ч төслөө боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэр зайлшгүй шаардлагатай энэ үед бидний ажил амжилт олох болов уу гэж найдаж байна.

-Хөндлөнгийн үнэлгээ хийхэд та бүгд хэр чадамжтай гэж өөрсдийгөө дүгнэж байна. Хамтран ажилладаг байгууллагууд бий юү?

-Манайд ШУТИС, МУИС-ийн багш, эрдэмтэд, шинжлэх ухааны академийн гишүүд харьяалагддаг. Мөн бид Монголын био эрчим хүчний танхим, Цөм цацрагийн нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Ялангуяа аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Цөм цацрагийн нийгэмлэгийнхэнтэй хамтран боловсруулсан.

-Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд мониторинг буюу дүн шинжилгээ хийхэд ямар өртөгтэй вэ?

-Одоохондоо өртгийг нь дурдмааргүй байна. Тийм ч хямд биш. Гэхдээ шинжилгээ хийлгэх нь тухайн компани болон байгаль орчинд өгөөжтэйг л хэлье.

-Үнэлгээ хийх, үйлдвэр байгуулах зэрэгт нэлээд хөрөнгө шаардлагатай юм байна. Хэрэв санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол яах вэ?

-Бид төрийн албад болон уурхайнуудад санал тавьж буй. Эл ажлыг маш богино хугацаанд бүтнэ, ирэх 1-2 жилд “гараас гарна” гэж бас найдахгүй л байна. Энэ сарын 18-нд зохион байгуулсан “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулганд бид илтгэл тавьж, санал гаргахад холбогдох байгууллагуудын төлөөлөл дэмжихээ илэрхийлсэн. Нааштай үр дүнд хүрнэ, аюултай хог хаягдлыг цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг авна гэж найдаж байна. Мөн судалгаа хийх, түүнийгээ боловсруулах, мэдээллээ түгээх, шийдвэр гаргах түвшнийнхэнд уламжлах бидний ажил хэвээр үргэлжлэх болов уу.

-Та геологийн салбартай хэрхэн холбогдож байв. Ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?

-Би МУИС-ийг 1979 онд геологичоор төгсөн, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн. Тухайн үеийн Геологи, уул уурхайн яамнаас ажлын гараагаа эхлүүлсэн. Одоо хийж буй ажлаа оролцуулбал 40 орчим жил уул уурхайн салбарт ажиллаж байна. Оюутолгойн ордын геохимийн судалгааг хийлцэн, Хөвсгөл аймаг дахь ногоон хашийн ордыг нээхэд оролцож явснаараа бахархдаг, жирийн нэг геологич хүн дээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)