C.Баярцогтын томилолтын маргааныг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж, Сангийн сайд С.Баярцогтыг “шүүв”. Иргэн Лхагважаваас тус Дэд хороонд өргөдөл ирүүлж, Сангийн сайд гаднын байгууллагын зардлаар НьюЙоркт болсон хөрөнгийн биржийн хуралд оролцсон нь ёс зүйгээ зөрчсөн эсэхийг хянаж өгөхийг хүссэн билээ. Тус дэд хороо зургаан гишүүнтэй. Эднээс Г.Баярсайхан, Су.Батболд, Н.Энхболд, Ц.МөнхОргил нар хуралд оролцов. Д.Энхбат, Э.Бат-Үүл нар гадаадад томилолтоор ажиллаж байгаа гэнэ.

С.Баярцогттой холбоотой гомдлыг иргэн Лхагважав АТГ-аар мөн шалгуулсан юм байна. АТГ үүнийг шалгаад “Гаднын байгууллагын биш, хувийн зардлаар явсан” хэмээн тогтоожээ. Үүнийг Дэд хороо шийдвэр гаргахдаа үндэслэсэн байна.

Засгийн газрын протоколыг ч үзсэн аж. Ингээд С.Баярцогтыг АНУ руу Засгийн газрын томилолтоор явуулсан, ирэх, очих томилолтын зардлыг гаргасан. Харин Нью-Йоркт болсон хөрөнгийн биржийн хурал руу сайд өөрийн зардлаар очиж оролцсон аж. Уг хуралд Ерөнхий сайд оролцох ёстой байсан ч амжаагүй тул Сангийн сайд түүнийг орлосон гэнэ.

Дэд хороо асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа “Асуудлыг цаашид хэлэлцэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргасан байна. Ажлын айлчлалын ач холбогдлыг тэд түлхүү авч үзжээ. Дэд хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйл тодрууллаа.

-Засгийн газрын албан ёсны томилолтын дагуу С.Баярцогт тэр арга хэмжээнд оролцсон юм байна. Мөн улсаа сурталчлах ажлаа хийсэн. Төрийн холбогдох байгууллагын дүгнэлтийг шийдвэр гаргахдаа үндэслэсэн. Сангийн сайд өөрөөсөө зардлаа гаргаж явсныг АТГ тогтоосон.

-Засгийн газар гишүүндээ томилолт өгсөн атлаа замын зардлыг нь яагаад хариуцаагүй юм бол?

-Сангийн сайд албан томилолтоор явсан учир шаардлагатай арга хэмжээнүү- дэд оролцсон. Зарим тохиолдолд УИХ-ын гишүүд ч хувийн зардлаар тойрогтоо очиж ажилладаг. Тиймээс хувиасаа зардлаа гаргаж явсан нь буруутгах үндэслэл болохгүй.

-Су.Батболд гишүүн хурал хаяж гарсан юм уу. Түрүүлээд гараад явчихсан?

-АТГ-аас тухайн асуудалтай холбоотой материалыг ирүүлж, судлах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлээд Су.Батболд гишүүн гарсан.

С.Уул

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)