“Boeing 747” ба 1087+35

Нэгэн үед зорчигч тээврийн хамгийн том онгоцонд тооцогддог байсан “Boeing 747” 500 хүрэхгүй суудалтай. Гэсэн хэдий ч эл хөлгөөр нэг удаа 1122 хүн тээвэрлэсэн түүх бий. Үйлчлүүлэгчид нь бүгд иргэний дайны улмаас Этиопоос Израил руу зугтсан еврейчүүд. Эл үйл явдал 1991 оны тавдугаар сард Африкт болсон бөгөөд түүхэнд Израилын цэргийн “Соломон” ажиллагаа хэмээн тэмдэглэжээ. Этиопын еврейчүүдийг Израил руу “экспортолж” онгоцны даацыг хоёр дахин нэмэн, эрсдэлтэй алхам хийсэн “Соломон” ажиллагааг Гиннесийн хороо бүртгэсэн байдаг. Учир нь 1122 хүн нэг онгоцоор эх орноосоо дүрвэсэн анхны бөгөөд цор ганц тохиолдол учраас тэр.

Этиоп улсад иргэний дайны улмаас нөхцөл байдал хурцадсан байлаа. 1991 он гэхэд төрийн тэргүүн, дарангуйлагч Менгисту Хайле Мариамынх нь дэглэм унах нь тодорхой болж, Тигре мужид Эритрейн босогчид ялав. Энэ үед Израил улс болон Еврейчүүдийн холбооныхон Этиоп дахь еврейчүүдэд санаа зовж байлаа. Этиопын еврейчүүдийг Израилд авчрах ажиллагаа бүр 1977 оноос эхлэлтэй аж. “Моисей”, “Иехошуа” зэрэг хэд хэдэн ажиллагаа нь тодорхой хүрээг хамарчээ. Харин 1991 онд болсон “Соломон” ажиллагааны үеэр 36 цагийн хугацаанд Этиопоос 14 325 еврейг Израилд аваачсан байдаг. Тодруулбал, хагас цаг тутамд Этиопын нийслэл рүү онгоц илгээн, нийт 41 удаагийн нислэгээр элэг нэгт ахан дүүсээ тээвэрлэсэн ч Гондар мужид хашигдсан 1500 орчим еврейг аргагүйн эрхэнд орхисон түүхтэй аж.

“Соломон” ажиллагаанд Израилын иргэний болон нисэх хүчний нийт 34 онгоцыг дайчилжээ. Тэр дундаа иргэний агаарын тээврийн “Эль-Аль” компанийн “Boeing 747” онгоцоор нэг удаагийн нислэгээр 1122 хүн тээвэрлэсэн нь түүхэнд байгаагүй явдал болжээ. Онгоц 480 суудалтай байсан ч илүү олон хүн багтаахын тулд сандалнуудыг нь авч зай гаргаснаар 760 зорчигчтой ниснэ гэж Израилын тал тооцсон байв. Гэхдээ дүрвэгсэд бүгд жин багатай байсан учраас тооцоолсноосоо олныг багтаахаар 1087 хүнтэй хөөрөв. Тэгтэл Израилд газардсаны дараа онгоцноос 1122 хүн буулаа. Бүртгэлийн хуудсанд тэмдэглэгдээгүй 35 хүүхэд хаанаас гарч ирэв гэтэл тэднийг ээж нар нь банзал доороо нууж бүхээгт нэвтэрснийг мэдэв. Үүнээс гадна нислэгийн үеэр таван эмэгтэй амаржсан гэдэг. Дайн тулааны улмаас төрсөн газраасаа зугтан дүрвэсэн еврейчүүд өмссөн хувцаснаасаа өөрийг авч явах боломжгүй байсан учраас Израилд амьдралаа босгох гэж зүдэрсэн ч эсэн мэнд үлдсэндээ үргэлж бурхандаа талархдаг аж. Израилын тал ч тэдгээр дүрвэгчийг суурьшуулах гэж багагүй ачаа үүрсэн. Гэхдээ энэ бол тусдаа түүх.

Бэлтгэсэн: Ж.Хаан