"Boeing 737 Max” онгоцны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ

"Бойнг" компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр "Boeing 737 Max” агаарын хөлөгт программ хангамжийн шинэчлэлт хийж дууссан байна.

Түүнчлэн FAA-ийн хяналт доор олон удаагийн давтамжтай инженерчлэл туршилт, шалгах нислэгүүдийг үйлджээ. БОЙНГ компаниас программ хангамж, агаарын хөлгийн хяналтын дэлгэцийн шинэчлэлт, үүнтэй холбоотойгоор холбогдох журам, заавар, сургалтын материалд дагалдах өөрчлөлтүүдийг боловсруулан тэдгээрийг FAA-д хүргүүлээд буй аж.

Үндсэндээ "Бойнг" компанийн зүгээс хийгдэх ёстой ажил, арга хэмжээнүүд дууссан, одоо FAA-ийн шийдвэрийг хүлээж байна гэдгээ мэдэгдлээ. Улмаар энэ оны аравдугаар сарын эцсээр түр техникийн зогсолт хийгдээд байгаа "Boeing 737 Max” маягийн агаарын хөлгийг ашиглалтад оруулах боломжтой болно гэлээ. Агаарын хөлгийн программ шинэчлэлт, түүнийг дагалдсан заавар журмын өөрчлөлттэй холбоотойгоор авиакомпаниудын холбогдох ажилтнуудад богино хугацааны танхимын сургалт хийгдэхэд хангалттай гэж "Бойнг"-ийнхон үзэж байна. Гэхдээ улс орнуудын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас нэмэлт сургалт, дадлагыг шаардаж болох юм.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа/FAA/-ын зүгээс "Бойнг компанийн агаарын хөлөгт хийсэн программ шинэчлэл, дагалдах журам, сургалтын программын өөрчлөлтүүдийг нягталж байна" хэмээн мэдээлсэн. Түүнчлэн “B737 MAX” маягийн агаарын хөлөгт хийсэн загварын өөрчлөлтийг гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байна гэв.

Энэхүү мэдэгдлийг Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын нийслэл Катманду хотноо болж буй DGCA-56 хурлын хоёр дах өдрийн хуралдааны төгсгөлд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа буюу FAA, "Бойнг" компанийн төлөөллүүд Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ хийсэн байна.
Энэхүү мэдээллийн эхэнд уулзалтанд оролцогчдыг ямар нэг зураг, бичлэг хийхгүй байхыг сануулсан байна.

Эх сурвалж: МССА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)