BBC: Францад Covid-19 халдварын анхны тохиолдол өнгөрсөн 12-р сард гарчээ


Францад Соvid-19 халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны 12-р сард гарсан талаар Жан Вердиер эмнэлгийн хурц халдвартын тасгийн эрхлэгч профессор Ив Коэн “BBC” агентлагт ярьжээ. Тэрбээр хэлэхдээ “Бид өнгөрсөн 12-р сараас энэ оны 1-р сарын хооронд уушгины хатгалгаагаар өвдөн эмчлүүлсэн 24 өвчтөнд хийсэн давтан шинжилгээгээр нэг эерэг хариу гарсан. Тэр өвчтөн миний ажилдаг эмнэлэгт өнгөрсөн оны 12-р сарын 27-нд хуурай ханиалгах, өндөр халуунтай, амьсгал давчидсан шинж тэмдэгтэй хүргэгдэж ирсэн” гэжээ. Тус өвчтөн эмнэлэгт хэвтэхээсээ өмнө хилийн чандад зорчоогүй, мөн гадаадаас ирсэн хүмүүстэй уулзаагүй байна. Энэ үйл явдал ДЭМБ-ын Хятад дахь салбар Уханьд үл мэдэгдэх төрлийн уушгины хатгалгаа өвчин гарсан талаар мэдэгдэхээс дөрөв хоногийн өмнө болжээ. Коэн эмчийн хэлж байгаагаар энэ өвчтөн хэзээ, хэрхэн COVID-19-ээр халдвар авсан болохыг тодорхойлох боломжгүй байгаа тул түүнийг Францад гарсан коронавирусийн анхны тохиолдол гэж хэлж болохгүй аж. Тиймээс тус улсад 12-р сараас 1-р сарын хооронд уушгины хатгалгаа туссан өвчтөнүүдэд коронавирус байгаа эсэхийг дахин шалгахыг Коэн эмч бусад вирус судлаачдад хандан уриалсан байна.  Эл уриалгыг ДЭМБ ч гэсэн бусад улс орнуудад хандан гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)