“Asia folk 2019” наадмын алтан медалийг Дорнодын авьяастнууд хүртэв

Азийн ардын урлагийн анхдугаар “Asia folk 2019” наадам нийслэлд тав хоногийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт Лар” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан уг наадмын үеэр Азийн 12 орны 200 гаруй, Монголын 1700 орчим ардын авьяастан оролцсон “Asian championship of folklore” уралдаан таван төрөлд болсон юм. Уралдааны тэргүүн байрыг Дорнод аймгийн авьяастнуудын “Туургатан” чуулга эзэлж, алтан медаль хүртэн, 4000 еврогоор шагнууллаа. 

Хоёрдугаар байрт БНСУ-ын ардын урлагийн “Cheong choon” хамтлаг шалгарч 2000, харин гуравдугаар байрыг ӨМОЗО-ы хөөмийч Атгаа эзэлж 1000 еврогийн шагналтан болов. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Санкт-Петербургийн Соёл, урлагийн их сургуулийн профессор, Оросын нэрт уран бүтээлч Н.Кравцов, БНСУ-ын иргэн, ЮНЕСКО-д итгэмжлэгдсэн Багт урлаг, соёлын олон улсын байгууллагын Азийн бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Хюнг Сук Мүүн, Узбекистан улсын Соёлын яамны дэргэдэх үндэсний бүжгийн “Узбекконцерт” хүрээлэнгийн тэргүүн Гульнара Мусаева, Дэлхийн ардын урлагийн академийн маэстро цолтон, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, хөгжим судлаач, профессор, урлаг судлалын ухааны доктор Д.Энхцэцэг нар ажиллалаа.

Азийн ардын урлагийн анхдугаар “Asia folk 2019” наадмыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор явуулсан бөгөөд цаашид жил бүр зохион байгуулах болбол Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Азийн анхдугаар наадмын шагнал гардуулах ёслол, хаалтын хүндэтгэлийн тоглолтыг өчигдөр орой Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах байсан ч цаг агаарын байдлаас болж Соёлын төв өргөөнд явууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)