АНУ-ын конгрессийн гишүүн өсвөр насны охиныг садар самуунд уруу татсан хэргээр 21 сарын ял авлаа

АНУ-ын конгресийн гишүүн асан Энтони Вейнер насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр Нью Йорк хотын шүүхээс 21 сарын ял авчээ. Энэ жил 53 настай улс төрч эр ялаа ирэх арваннэгдүгээр сарын 6-наас эдэлж эхлэх бөгөөд үүнээс гадна 10 мянган ам.долларын торгууль төлөх болжээ. Түүнчлэн секс гэмт хэрэгтэнд бүртгэж, бүх насаараа цагдаагийн газарт бүртгүүлэх шаардлагатай болов.

Вейнер цахим сүлжээгээр насанд хүрээгүй охинтой чатлаж, "Skype" ашиглаж, 15 настай охиныг нүцгэлэхийг хүссэн мессеж нь ил болсон юм. 

Вейнер шоронд хоригдох бус тэнсэн харгалзах ял оноохыг шүүгчээс хүссэн ч түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм. Шүүгч насанд хүрсэн хүн насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах нь ноцтой гэмт хэрэг хэмээн онцлоод ялангуяа Вейнер шиг нэр хүндтэй хүн хөнгөн хуумгай хандсанд гайхаж байгаагаа илэрхийлжээ.

Сонирхуулахад, Вейнерийн салсан гэргий Хума Абедин шүүхэд нэхэмжлэл гаргаж, таван настай хүүгээ төрсөн эцэгтэй нь уулзуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Тэрбээр хүүгээ өөр дээрээ авч, дахин Вейнертэй уулзах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. 

Вейнер 1999 оноос хойш конгрессийн гишүүн болсон. Тэрбээр 2011 онд албаа хүлээлгэж өгөх хүртэл улс төрийн замналаа үргэлжлүүлсэн юм. Түүнчлэн Нью Йорк хотын захирагчийн сонгуульд 2005, 2013 онд оролцсон ч ялагдсан билээ.

Вейнер 2011 онд онлайн ертөнцөөр мөн хувтйн асуудлаар шуугиан дэгдээж байв. Түүнийг бусад эмэгтэйчүүд рүү нүцгэн зурагаа явуулж, мессеж илгээдэг байсан нь тогтоосноор конгрессийн гишүүний суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм. Хоёр жилийн дараа Нью Йорк хотын захирагчийн суудлын төлөө өрсөлдөж байхдаа "Carlos Danger" хэмээх цахим нэрээр 22 настай эмэгтэй рүү нүцгэн зурагаа явуулаад асуудал үүсч байв. 

Харин өнгөрсөн онд бас нэгэн нүцгэн зурагаа бусад руу явуулсан нь илэрчээ. Энэ бүх үйлдлийнх нь дараа эхнэр нь салах өргөгдлөө өгсөн юм. Харин өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хиллари Клинтоны цахим шууданг холбооны мөрдөх товчоо шалгах үеэр Вейнертэй холбоотой цахим шуудан гарч ирсэн юм. Үүнд түүнийг 15 настай охинтой холбоотой болохыг нь илрүүлснээр шүүх танхимд дуудагджээ. Х.Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныхаа нэгээр Веймерийн хэргийг дурдаж байв.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай