М.Энхболд: Манай намд бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчний шинэчлэл шаардлагатай болжээ

- МАН их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 20-21-нд хуралдуулахаар товлов –

МАН-ынхан “Эв нэгдэл, хариуцлага, шударга ёс” уриан дор бага хурлаа өчигдөр хуралдуулж эхэллээ. “Эв нэгдлээ алдлаа” гэж адлагдаж буй тус намынхан эл хуралдаанаас шинэ Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулах учиртай. Нам дотроо төдийгүй нийгэмд хүлээлт үүсгэсэн энэ л асуудлаар эрх баригчид өчигдөр хуралдаан эхлэх мөч хүртэл эв найртай ярилцаж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Ж.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэгч болсон цагаас эхэлсэн Ерөнхий сайдын төлөөх марафон өнгөрөгч 20 орчим хоногийн хугацаанд ямар өрнөл, өрсөлдөөн дагуулсныг энд дурдах нь илүүц бөгөөд өмнөх өдрөөс нь дамнан хуралдсан Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэг биш, гурван хүнийг нэр дэвшүүлэхээр бага хуралд танилцуулсан юм.

Өөрөө өөрийгөө сойсон Ө.Энхтүвшин, Засгийн газраа унагасан “33-ын бүлэг”- ээс дэмжлэгтэй У.Хүрэлсүх, одоогийн удирдлага нь халаагаа өгөхийг зорьж байгаа гэгдэх Н.Энхболд болон бусад (заалнаас нэр дэвших боломжтой хэмээж буй) горилогчоос хэнийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг шийдэх үйл явц ч эв нэгдэлтэйгээр өрнөх, эсэхийг хэлж мэдэхгүй нь. Учир нь бага хурал урьдын адил хаалттай хуралдсан.

Мөн энэ тухайд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сүүлийн хоёр сарын туршид манай намд бодол санааны тэмцэл өрнөж, Засгийн газраа огцруулсныг та бүхэн мэдэж байгаа. Удирдах зөвлөл аль нэг нэр дэвшигчийг сонгож, шийдвэр гаргахыг хүссэнгүй. Бага хурлын гишүүдэд сонголт хийх илүү боломж олгохыг хүссэн.

Мөн намын эв нэгдлээ улам батжуулахын тулд дээрх гурван нэр дэвшигчийг бага хурлын хуралдаанд танилцуулж байна. Бага хурлын гишүүдээс олонхын санал авч, ялсан нь намын эв нэгдлийг хангаж, гишүүдийнхээ санаа бодлыг тусгасан Засгийн газрыг бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлийг богино хугацаанд шийдвэртэйгээр даван туулахын төлөө алхам хийх ёстой гэсэн ерөнхий зарчим барьсан. Нэр дэвшигч тодорсны дараа Засгийн газрыг ямар зарчим барин байгуулахаа Удирдах зөвлөлийн түвшинд ярилцана” хэмээнэ лээ.

Уламжлал ёсоор хуралдаан эхлэхэд л сэтгүүлчдийг байлцуулав. Бага хурлын 310 гишүүнээс 181 нь хүрэлцэн ирж, 58 хувийн ирцтэйгээр ээлжит IX хуралдааныг эхлүүлсэн. Тус хуралдааныг даргалагчаар Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, дэд даргаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарыг сонгохыг оролцогчдын олонх нь дэмжсэн юм. Гишүүн Х.Нямбаатар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор хуралдааныг даргалуулах санал гаргасан ч МАН-ын дарга М.Энхболд “Удирдах зөвлөлөөр үүнийг тал бүрээс нь ярьсны эцэст тэднээр хуралдааныг удирдуулахаар санал нэгтэй шийдсэн юм шүү” гэж тодотгосны дараа Ц.Нямдорж “Удирдах зөвлөлөөс С.Төмөр-Очир даргыг санал болгосон учраас нэрээ татаж байна” хэмээн мэдэгдсэнийг тэмдэглэе.

“УДИРДАХ ЗӨВЛӨЛ 33 ГИШҮҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ДҮРМИЙН ЗӨРЧИЛ”

Үнэндээ дараагийн Ерөнхий сайдыг тодруулах нь тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын хамгийн сүүлд байв. Юуны түрүүнд МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлттэй танилцан, ээлжит 28 дугаар их хурлыг товлож, хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, тэднийг сонгох журмыг тогтоосон юм.

Тус намын дүрмийн дагуу Хяналтын хороо нь сонгуулийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх эрхтэйгээс гадна Удирдах зөвлөлөөс чиглэл болгосноор ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, судалгааны зарим байгууллагатай хамтран ялагдлын шалтгааныг тодорхойлсон юм байна. Засгийн газар болон Удирдах зөвлөл, сонгуулийн төв штабын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, амлалтын хэрэгжилт зэрэг нь ялагдлын шалтгаан болж буйг судалгаанаас харж болохоор байгаа гэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг намын дүрэмд нийцүүлж, өөрчлөх талаар энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхийг хүсэж байна. МАН-ын дүрэм бол гишүүн бидний хувьд “Үндсэн хууль”. 27 дугаар их хурлаас Удирдах зөвлөлийг 21 гишүүнтэй байхаар баталсан. Сүүлд өөрчлөлт оруулан 29-31 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан. Өнөөдөр Удирдах зөвлөл 33 гишүүнтэйгээр ажиллаж, намын өдөр тутмын асуудлаар шийдвэр гаргаж байна. Дүрмээ хэрэгжүүлж, зөрчүүлэхгүй байх үүрэг нь бага хурал болон Хяналтын хороонд хадгалагддаг” гэснийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэмжиж, “Энд дүрэмд өөрчлөлт оруулах биш, дүрэмдээ нийцүүлэх тухай ярьж байна. Дүрмийн 26.1-т “Удирдах зөвлөл 29-31 хүний бүрэлдэхүүнтэй байна” гэж тодорхой заасан. Харин өнөөдөр 33 гишүүнтэй ажиллаж байгаа нь дүрмийн зөрчил учраас засах, нийцүүлэх ёстой тул хэлэлцэх асуудал болгон оруулж өгнө үү” хэмээсэн юм.

Үүнээс гадна УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Төрийн тусгай албанд томилогдож, намын гишүүнчлэлээс татгалзсан хүмүүсийг бага хурлын бүрэлдэхүүнээс чөлөөлөөгүй байна хэмээн ярьж буй. Дүрэмдээ нийцүүлэн бага хурлын бүрэлдэхүүнийг цэгцлэх хэрэгтэй байна. Ийм байдлаар хуралдааныг үргэлжлүүлбэл ганц хоёрхон саналын зөрүү гарч, эцэс, төгсгөлгүй маргаан болно. Аягүй бол хуулийн дагуу гишүүнчлэлээс түдгэлзэх хүмүүс “гэрэлд цохиулж”, ажил албанаасаа чөлөөлөгдөхдөө тулна.

Тиймээс Удирдах зөвлөлөөс тэдний нэрийг танилцуулж, даргын илтгэлийг хэлэлцэх зуур уг асуудлыг нэг тийш болгомоор байна. Хуулийн дагуу тусгай албанд томилогдохоос өмнө гишүүнчлэлээс татгалзан, өргөдлөө гаргах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ингэж ажиллаагүй байна” хэмээн хэлэлцүүлж өгөхийг хүслээ. Ингэснээр хуралдааныг хаалттай болгосон бөгөөд намын даргын илтгэлээ танилцуулсан юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр дээрх гишүүдийн саналыг хүлээж аваагүй бөгөөд их хурлаар хэлэлцэж, удирдлагын бүтэц, байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх аж. Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 20-21-нд хуралдуулахаар товлосон байна.

“ТӨРИЙН БОЛОН НАМЫН БҮХ ШАТНЫ БОЛОВСОН ХҮЧНИЙ ТОМИЛГООГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА”

МАН-ын дарга М.Энхболд илтгэлийнхээ эхэнд улсаа уналтаас аврах зорилтоо хэрэгжүүлэх, намын эв нэгдэлд онцгой анхаарч, шинэчлэлийг гүнзгийрүүлэх түүхэн цаг үед тулж ирснийг онцлоод, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ ямар үр дүнд хүрснийг товч дурдаж, зарим эерэг үзүүлэлтийг дурдаж байлаа. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа манай улс төрийн амьдралд үүссэн шинэ нөхцөл байдал, намд өрнөж буй үйл явдлуудыг нийтээрээ нухацтай шүүн хэлэлцэж, даацтай шийдвэр гаргахын тулд анхан шатны болон төрийн бус байгууллагууд тус бүртээ илэн далангүй ярилцаж, тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйд нийцнэ” гэв.

Мөн “Энэ удаа Засгийн газраа огцруулсан явдал нь хувь улстөрчид, тухайлбал, УИХ дахь манай намын бүлгийн зарим гишүүнээс үүдсэн. Тэднийг “эсэргүү”, эсвэл “элсний” хэмээн өөлж, гадуурхмааргүй байна. Тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлсэн, буруутгах аргагүй. Гэхдээ намын дүрэм, журмын хүрээнд асуудалд хандсан уу, нийт гишүүний санаа бодлын бүрэн илэрхийлэл мөн үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байгаа юм” хэмээгээд “Манай намд бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчний шинэчлэл шаардлагатай болжээ.

Нийгэмд бүхэлдээ намын цогц шинэчлэл хүлээсэн уур амьсгал бүрдсэн байна. Бидэнд муугүй боловсруулсан бодлогын баримт бичиг хангалттай бий. Харин түүнийг тогтвортой хэрэгжүүлэхэд гол асуудал оршиж байна. Юуны түрүүнд, аливаа томоохон шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлаж, шаардлагатай бол намын олон нийтээр хэлэлцүүлж байя. Төрийн болон намын бүх шатны боловсон хүчний томилгоог үнэлж, дүгнэх, болохгүй байгаад нь хариуцлага тооцох чиглэлд шат шатны байгууллагын удирдлага хамтран ажиллах шаардлагатай байна.

Улс төрийн аливаа ээдрээт асуудлыг юун түрүүнд намын эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан шийдэх, алдаа гаргасан албан тушаалтан сайн дураараа хариуцлага хүлээх улс төрийн соёлтой байх, төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдлыг хангаж, Засгийн газар хэвийн ажиллах боломжийг бүх талаар бүрдүүлье. УИХ дахь бүлгийн түвшинд яриа, мэтгэлцээн, ойлголтын зөрүү, байр суурийн ялгаагаа нэг тийш болгож, олонхын саналд хүндэтгэлтэй хандаж, нийгэмд нэг агуулгаар түгээдэг парламентын ардчиллын сонгодог аргачлалыг баримталъя.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар эхэлсэн үйл явцыг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэн, төрийн тогтолцоо, түүний тэнцвэржилт, хяналт, хариуцлагын зөв механизм бүрдүүлэхэд үзэл баримтлал, бодлогын хүрээнд байр сууриа нэгтгэж, шийдвэртэй алхам авч, хэрэгжүүлье” хэмээн мэдэгдсэн юм.

Ийнхүү 13.00 цагт эхэлсэн хуралдаан тус бүр нь нэг цаг хэртэй хоёр удаа завсарлаж, дугаар шилжих 22.30 цагт намын даргын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлж байлаа. Санал хэлэхээр бүртгүүлсэн 50 орчим гишүүнээс 10 гаруй нь хүлээж байсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай