Тамирчид Трампын эсрэг

АНУ-ын Төрийн тэргүүн Д.Трамп саяхан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэргэжлийн тамирчдын эсрэг таагүй үг унагажээ. Өнгөрсөн улиралд америк хөлбөмбөгийн дээд лиг NFL-ийн зарим тамирчин улс төрийн эсэргүүцлээ илэрхийлж, улсынхаа төрийн дууллыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байв.

Үүний хариуд ноён Д.Трамп “Төрийнхөө дуулалд хүндэтгэлтэй бус хандсан тамирчдыг лигээс хөөх хэрэгтэй” гэж ярьсан аж. Түүний энэ ярианаас үүдэлтэй мэргэжлийн тамирчдын дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна. Америк хөлбөмбөгчин Колин Каеперникийн эхлүүлсэн эсэргүүцлийг бэйсболын тамирчин Брюс Максвелл үргэлжлүүлэв. “Оаклэнд Атлетикс”-ийн бөмбөг баригч Брюсийн эцэг насаараа армид алба хаасан нэгэн.

Цэргийн гэр бүлд төрсөн Брюс энэ шийдвэрээ “Цэргүүдийнхээ үгийг сонсдоггүй удирдлагуудад зориулсан” гэжээ. Дашрамд, мэргэжлийн лигт түрүүлсэн багууд Цагаан ордонд зочилдог уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн улиралд NBA-ийн аварга болсон “Голден Стэйт Уорриорс” багийнхан Д.Трампын бодлогыг эсэргүүцэж, түүнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзсан гэнэ.

Тэдний энэ шийдвэрийг Леброн Жэймс, Коби Брайант зэрэг алдартан дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин “Дайчид”-ын шийдвэрийг лигийн комиссар Адам Сильвер таатай хүлээж аваагүй. Тэрбээр улс төр, спорт холилдох ёсгүй гэж үздэг нэгэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай