Авлигатай тэмцэх газар 588 газарт хяналт тавилаа

Авлигатай тэмцэх газар 588 газарт хяналт тавилаа

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газар сар бүрийн 25-ний өдөр иргэд олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ. Тэгвэл өнгөрсөн нэг сарын хугацаанд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 588 мэдүүлэг хяналт тавьсан талаараа мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар тайлагналаа.  588 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчилтэй 2, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 байна. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар илт  мэдэгдэм ашиг сонирхлын зөрчилтэй 2 хүнийг онцолж мэдэгдлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Дашням нь Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ нь төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч "аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх", мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Жигмидийн Хатанбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт "сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх" гэж заасан ерөнхий шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон.     

Тус хэлтэст энэ хугацаанд нийт 47 өргөдөл ирсэн. Үүнээс 12-ыг нь шийдвэрлэсэн. Одоогоор 36 өргөдлийн үлдэгдэлтэй байна. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнгөрсөн сарын хугацаанд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс, ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны төв, орон нутгийн удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэлийн байцаагч гэх мэт нийт 484 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт зохион байгуулсан байна. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар оролцлоо. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай