Хөрөнгийн захыг хөөргөсөн хоёр бух

Хөрөнгийн захыг хөөргөсөн хоёр бух

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөг давлаа. Гурван сарын өмнө 1.5 их наяд төгрөгтэй дүйж байв. Гэнэт л тэнгэр өөд тэмүүлэн, 500 тэрбум төгрөгөөр тэлэв. Эдийн засаг 17.3 хувиар өссөн 2011 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурван их наяд төгрөг давсан удаатай. Энэ бол хөөс байсан. Хөөсрөл нь Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индексийн мурийд Алтайн уулсын оргил мэт огцом дээш өгсөөд, гэнэт уруудсан дүрс үлдээсэн. Одоогийн гэнэтийн “үсрэлт” хөөс үү, бодит уу гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Хөрөнгийн зах зээлийн арилжаа идэвхжиж, үнэлгээ тэлэхэд хоёрхон компанийн хувьцааны ханш өссөн нь илт нөлөөлжээ. Тэлсэн хоёрын нэг нь “Тавантолгой”, нөгөөх нь АПУ компани.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн ордоос коксжих нүүрс олборлож, өмнөд хөрш рүү экспортолдог орон нутгийн “Тавантолгой” компанийн хувьцаа долдугаар сард 4500 төгрөгийн ханштай байв. Тэгвэл өдгөө 9100 төгрөгт хүрээд байна. Хувьцааных нь ханш өсөхөөр зах зээлийн үнэлгээ тэлэх нь дамжиггүй. Тус компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн баасан гариг буюу сүүлчийн арилжааны дараах байдлаар 475 тэрбум төгрөгт хүрэв. Сүүлийн гурван сарын хугацаанд зах зээлийн үнэлгээ нь 240 орчим тэрбум төгрөгөөр өсөөд буй нь энэ.

Хятадын зах зээлд нүүрсний үнэ энэ онд гурав дахин нэмэгдэж, Монголын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болоод буйг бид мэднэ. Үүнийг дагаад тус компанийн хувьцааны ханш огцом дээшиллээ. “Тавантолгой” компани эхний хагас жилд 57 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тайлан танилцуулжээ. Одоогоор тэднийх шиг нэгж хувьцаанд 1000 төгрөгийн өгөөжтэй ажиллаж буй компани Монголын хөрөнгийн зах зээлд алга. “Тавантолгой” компанийн удирдлага “мөнгө хийсэн” үедээ их хэмжээний ногдол ашиг тараадаг уламжлалтай. Хөрөнгө оруулагчид ханшийн зөрүүнээс ашиг олохоос илүүтэй тэднийхээс ногдол ашиг хүртэхээр хувьцааг нь цуглуулж байна гэж таамаглая.

Нүүрсний үнэ уруудвал “Тавантолгой”-н хувьцааны ханш дагаад доошилно. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011 онд огцом “таргалахад” мөнөөх л “Тавантолгой” компанийн хувьцаа нөлөөлж байв. Тухайн үед коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 300 ам.долларт хүрч, эл компанийн нэгж хувьцааны ханш сая төгрөг даван, дэлхийд рекорд тогтоож байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрвөх чадварыг нь сайжруулах зорилгоор тус компанийн нэгж хувьцааг 1000 дахин хуваах шийдвэр гаргасан билээ. “Тавантолгой” компанийн хувьцааны ханш нүүрсний үнийн өсөлтийг дагаж дээшилсэн 2011 оны түүхээ өдгөө давтаж байна.

АПУ компанийн хувьцаа яагаад “бух” зах зээлд орсон бэ? Бух уулын өөд мөргөж хөөдөг учраас өсөж буй зах зээлийг түүгээр бэлгэддэгийг энд сануулъя. Гол шалтгаан нь “Эвэргрийн инвестментс” гэх эцэгтэй “Спирт бал бурам” компанитай нэгдэж буй явдал тэдний хувьцааны ханшийг хөөргөлөө. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан “Спирт бал бурам” АПУ-тай нэгдэх замаар хөрөнгийн зах зээлд эргэн ирэх нь. Нэгдсэн компаниуд хаалттай хүрээнд нэмэлт хувьцаа гаргахаар бэлтгэл хангаж байгаа. Нэгж хувьцаагаа 1050 төгрөгөөр борлуулахаар тогтоод буй.

Өдгөө АПУ-гийн хувьцаа 595 төгрөгийн ханштай байна. Гурван сарын өмнө нь 271 төгрөгөөр арилжиж байсан юм. Хувьцааных нь ханш “Тавантолгой”-нхтой адил хоёр дахин өссөн байгаа биз. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ нь ч хоёр дахин “бүдүүрнэ”. АПУ-гийн зах зээлийн үнэлгээ 440 тэрбум төгрөгт хүрчээ. Долдугаар сараас хойш зах зээлийн үнэлгээ нь 240 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарч байна.

“Тавантолгой”, АПУ компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн гурван сард нийт 480 тэрбум төгрөгөөр өслөө. Хөрөнгийн зах зээлийн үнэл гээг “бух” зах зээлд орсон хоёр компанийн хувьцааны ханш ийн тэлжээ. Хоёр компанийн нийт зах зээлийн үнэлгээ 915 тэрбум төгрөгт хүрсэн. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээлийн бараг тэн хагасыг дээрх хоёр аварга бүрдүүлж эхэлсэн байгаа биз. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй МИК компанийн зах зээлийн үнэлгээ 218, “Говь”-ийнх 148, “Сүү”-гийнх 57 тэрбум төгрөг. Хөрөнгийн зах зээлийн 65 хувь нь дээрх таван компанийн нуруун дээр л тогтож буй дүр зураг гарч байна.

АПУ компани 742.8 сая ширхэг хувьцаатай. Нэмэлт хувьцаа гаргаснаар нэг тэрбум гаруй үнэт цаастай компани болно. Хөрөнгийн зах зээлийн шинжээчид нэмэлт хувьцаагаа гаргасны дараа АПУ-гийн нэгж үнэт цаасны ханш 1000 төгрөг давна гэж таамаглаж байна. Хэрэв таамаг байгаа оновол нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй аварга компани хөрөнгийн зах зээлд мэндлэх болно. Юутай ч “Спирт бал бурам” компанийн нэгдэл хөрөнгийн зах зээлийн хэмжээг олон тэрбум төгрөгөөр өсгөх нь дамжиггүй.

Хэний мөнгө хөрөнгийн зах зээлийг 500 тэрбум төгрөгөөр тэлсэн бэ? Мэдээж ийм хэмжээний хөрөнгө зах зээл рүү орсон учраас үнэлгээ нь “таргалж” таарна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн захыг сонирхож эхлэв үү гэсэн асуултад шинжээчид “Үгүй” гэж хариулав. Харин Засгийн газрын бонд эзэмшиж байсан хөрөнгө оруулагчид тэндээс “суларсан” мөнгөөрөө хувьцаа худалдан авч байна гэсэн таамаглал үнэнд илүү ойр юм. Засгийн газрын бондын хүү буурсан тул хөрөнгө оруулагчид үүнийг сонирхохоо больсон. Яг энэ үед “Тавантолгой” өндөр ашигтай ажиллаж, АПУ ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компанитайгаа нэгдэх шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татжээ. Нөгөөтэйгүүр тэд банкинд мөнгөө хадгалуулахын оронд хөрөнгийн зах зээлд хүчээ сорих болсон нь сайн хэрэг.

Тэд зөвхөн “Тавантолгой”, АПУ-гаар тогтохгүй “Говь”, “Сүү”, “Багануур” компанид хөрөнгө оруулж, хувьцааных нь ханшийг өсгөж байна. “Говь”-ийн хувьцааны ханш гурван сарын өмнө 12500 төгрөг байсан бол 19000-д хүрлээ. “Сүү” компанийн нэгж хувьцаа 122 төгрөгийн ханштай байсан бол 167 болжээ. “Багануур”-ынх 800-гаар өсөж, 2550 төгрөгтэй дүйв. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тэлэхэд эдгээр компанийн хувь нэмэр бага боловч бийг дурдах нь зүйтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай