Г.Хайдав яг л ханхүү шиг байлаа

СУИС-ийнхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдав багшийнхаа мэндэлсний 90 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхдээ түүнийг Монголын дуурийн ханхүү хэмээн өргөмжилсөн билээ. Ой тэмдэглэх хүрээнд Монголын дуурийн урлагийг үндэслэгч Г.Хайдавын амьдрал, уран бүтээлийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Монголын дуурийн ханхүү” хэмээх хөрөг ном бүтээж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, СУИС-ийн “Оюутан” театрт оюутнуудын концерт, харин УДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж насны амьдралаа Монголын дуурийн урлагийг үндэслэж, хөгжүүлж, цэцэглүүлэхэд зориулсан буурал багш, “амьд бурхан”-даа гүн хүндэтгэл үзүүлсэн юм.

Хүндэтгэлийн тоглолт Монголын дуурийн ханхүүг УДБЭТ-ын үүдэнд улаан хивснээ угтаж авах, үзэгчдийн танхимын үүдэнд хүндэтгэлийн идээ тавагны хажууд хадаг барин, мөнгөн аягатай сүү өргөн барих, театрын фоед дэлгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнд урих, тайзнаа залах, тайзнаас үзэгчдийн суудлын голд өндөрлөж зассан хүндэтгэлийн сэнтийд залах, дуурийн үе үеийн уран бүтээлчид дуулах концерт гэсэн хэсгүүдээс бүрдэв.

Концерт хоёр хэсэгтэй. Эхнийхэд нь СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн он оны төгсөгчдийн төлөөлөл Г.Хайдав багшийн тэртээ 1950-1960 болон түүнээс нааших он жилүүдэд дуулж түмэн олны сонорт хүргэж ирсэн дуунуудаас дуулсан юм. Энд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сругуулийн Морин хуурын чуулга удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн удирдлагаар тоглосон.

Харин хоёр дахь хэсэгт дуурийн дуучид УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхийн удирдлагаар Г.Хайдав багшийн 60-аад жилийн хугацаанд тоглосон, гол дүрүүдийг нь амилуулсан дууриудын ари дуулсан юм. СУИС төгсөж эдүгээ гадаадад ажиллаж буй болон УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж буй дуучид ар араасаа дуулахад үзэгчид алгаа хорстол алга ташиж, “Браво” хашгирч байсан юм.

Энэ үед “Монгол юугаар баян, дуурийн дуучдаар баян болжээ” гэж дуу алдтал сэтгэл хөдөлж байлаа. Ардын жүжигчин Г.Хайдав энэ үдэш яг л үлгэрт гардаг ханхүү шиг байв. Гэхдээ энэ бүхэн үлгэр биш, үүх түүх, бүтээсэн байгуулсан бодит үнэн билээ.   

Гэрэл зургийг СУИС-ийн Радио телевизийн сургуулийн багш Төмөрсүх.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай