Цөмдгийг цөлмөчих вий

Самар түүхийг зөвшөөрсөн хугацаа эхлээд удаагүй байна. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас бэлтгэхээр тогтоосон. Тухайн суманд нөөц ямар байна, түүнээс хэр хэмжээтэйг түүж болохыг сум дундын Ойн анги тогтоодог. Самрын ургацын хэмжээг тогтоохын тулд эхний ээлжинд Ойн анги бүр дүгнэлт гаргаж, яамныхан харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд ирүүлдэг.

Тус төвийнхөн дүгнэлтийг нягтлаад их ургацтай газруудад очин судалж, үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж болох, эсэхийг шийддэг. Энэ жилийн тухайд харьцангуй их ургацтай гэж тооцсон бололтой, үйлдвэрлэлийн зориулалтаар цөөнгүй сумын нутгаас самар түүлгэхийг зөвшөөрсөн байна.

БОАЖ-ын сайд энэ оны наймдугаар сарын 30-нд А/243 дугаар тушаал гаргаж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж, бэлтгэх аймаг, сумдыг бүсчлэн тогтоожээ. Уг тушаал ёсоор энэ жил Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий гэсэн найман аймгийн 31 сумын ойн сангаас хушны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэж болох нь.

Түүнчлэн Архангай, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн 16 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан болон тусгай хамгаалалттай найман газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсийн ойн самрыг ахуйн зориулалтаар түүхийг зөвшөөрсөн байна. Иргэн ахуйн зориулалтаар 25 кг самар түүх эрхтэй. Харин аж ахуйн нэгжид хэмжээ заадаггүй.

31 сумын нутгаас үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүхийг зөвшөөрсөн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг хоёр дахин олон юм. Тухайлбал, 2016 онд үйлдвэрлэлийн зориулалтаар зургаан аймгийн 16 сум, ахуйн зориулалтаар бол есөн аймгийн 25 сумаас самар түүж болох байв. Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим сум, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархсан хушин ой нийт ойн сангийн 5.5 хувийг эзлэн ургадаг.

2013 он хүртэл Засгийн газрын тогтоол болон Байгаль орчны сайдын тушаалаар хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүн бэлтгэж, үйлдвэрлэл явуулж, экспортлохыг хориглож байв. 2012 онд Ойн тухай хуулийг шинэчилснээр түүж бэлтгэх, ашиглах, үйлдвэрлэл явуулах, экспортлох эрх зүйн орчин бүрдсэн юм.

Зөвшөөрөл олгосон хэмжээнээс харахад энэ намар самраас болж бум бужигнаж баймаар. Гэтэл нам жим. Ой сүйтгэдэг “хэрэмнүүд” гэнэт ухаараад, засарчихав уу гэлтэй. Гэтэл гол учир тэдэнд биш, самар маш бага ургасантай холбоотой гэх сураг сонсогдов. Жилд дунджаар 3000-70.000 тонн самар манай орны хушин ойд ургадаг. Тухайн жилийн нөөцийн 40 хувийг ашиглаж, бусдыг нь байгальд үлдээх ёстой. Ойн тухай хуульд зааснаар бага ургацтай жил түүхийг хориглож, дунд бол ахуйн, их ургацтай жил аль ч зориулалтаар ашиглаж болдог.

Самар түүж бэлтгэх аймаг, сумдыг бүсчлэн тогтоох шийдэр гаргах гол үндэслэлийг боловсруулдаг Ойн судалгаа, хөгжлийн төвийнхнөөс энэ жилийн нөөц хэр байгааг тодруулахад ахлах мэргэжилтэн Ч.Ганбаатар “Нөөцийг тухайн ойн анги тогтоодог. Бид ургацын ерөнхий байдал буюу ургасан, эсэхийг нь үндэслэж яаманд саналаа өгдөг. Нөөц тийм ийм гэсэн тоо байхгүй шүү дээ” гэсэн бүдэг бадаг тайлбар өглөө.

Тэгвэл ойн ангиуд нөөцөө хэрхэн тогтоодгийг Хөвсгөл аймаг дахь Баяншишгэд сум дундын ойн ангийн дарга Б.Нямхишигээс лавлалаа. Тэрбээр “Манайх Хөвсгөл аймгийн хойд талын таван сумыг хариуцдаг. Үүнээс дөрвөн суманд нь ахуйн зориулалтаар самар бэлтгэх сайдын тушаал гарсан. Ер нь нөөц бага байна. Манай ангийн хариуцсан газруудаас жилд дунджаар гурван тонныг л бэлтгэх боломжтой гэсэн дүн бий. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхээс хамаагүй бага гарсан тул 200-500 кг-ийг түүлгэх болов уу. Самар түүх гэж олон хүн шавааралдсан газар одоогоор алга” гэсэн юм.

Уг баялгийг ашиглагчид болох үйлдвэрлэгчид энэ тал дээр ямар байр суурьтай байгааг Монголын самар үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Баянмөнхөөс тодруулахад “Ойн судалгаа, хөгжлийн төвөөс энэ жил их нөөцтэй гэж мэдээлж буй. Бүрэн судлаагүй, мэргэжлийн бус хүмүүсийн гаргасан дүгнэлт гэж харахад хүрч байна. Ойн ангиуд жил бүр ургацынхаа төлөвийг худал гаргадаг. Ажлаа хайхрамжгүй хийж буйтай л холбоотой. Нөөц энэ жил бага байна, өнгөрсөн жилийн ургацын 20 хувьд ч хүрэхгүй. Монголын ой 3-5 жил өнжиж амардаг, тэр хугацаа нь эхэлж байгаа юм шүү дээ. Албаныхан үүнийг сайтар судалж мэдэхгүй байна. Бид ойд олон жил ажилласан тулдаа хэзээ сайн ургаж, хэзээ өнжихийг гадарлана. Мэргэжлийн байгууллагууд зөв дүгнэлт гаргаж сурмаар байна. Ургац сайн байна гэж буруу мэдээлснээс аж ахуйн нэгжүүд хөрөнгө гаргана, өчнөөн зардал гаргачихаад ургацгүй хоцорно биз дээ. Миний бодлоор энэ удаа 3000 орчим тонн самар алаг цоог ургасан” хэмээв. Уг нь тус холбооныхон самар түүж бэлтгэх зохих зөвшөөрлөө авч ажилдаа гараад буй ч ургацгүй шахуу болохоор ажил нь зогсонги байдалтай байгааг Х.Батмөнх нэмж тэмдэглэсэн.

Нөөц бага байхад яагаад үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх саналаа өгсөн талаар Хөвсгөл аймгийн “Эрчимт идэр” сум дундын ойн ангийн дарга Ё.Батсайханаас асуухад өнгөрсөн хавар, мөн наймдугаар сард ойгоор явахад самар сайн ургасныг харсан. Гэтэл есдүгээр сар гарангуут гэнэт алга болчихсон гэх утга бүхий зүйл ярилаа. “Манай анги Хөвсгөл аймгийн урд талын долоон сумыг хариуцдаг. Үүнээс Галт, Жаргалант суманд самар ургадаг юм. Хоёр сумын нутгаас 400 гаруй тонн самар бэлтгэх боломж бий.

Одоогоор нэг компани 200 тоннын гэрээ хийгээд байна. Өнгөрсөн хавар биднийг очиход их ургацтай байсан. Үүний дараа БОАЖЯ-наас ажлын хэсэг ирж, үйлдвэрлэлийн зориулалтаар түүж болно гэж дүгнэсэн. Наймдугаар сард ч их ургацтай байсан. Гэтэл одоо самар багасчихсан байна гэж хүмүүс ярих боллоо. Гурван жил болоод самар гаралгүй өнждөг. Энэ онд ургацын сүүлийн жил таарсан учраас арай буурсан биз. Ирэх жилээс багасаж, 2-3 жил өнжих болов уу” гэж Ё.Батсайхан хэллээ. Хөвсгөл аймгийн таван суманд үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх зөвшөөрөл олгосон нь бусадтай харьцуулахад дээгүүр үзүүлэлт юм.

Журмын дагуу гуравдугаар сарын 15 хүртэл самар түүх боломжтой. Нөөц хязгаарлагдмал байхад дээр дурдсан хугацаа хүртэл иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа жаахныг нь цөлмөчихвөл хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг амьтад хоолгүй болно. Жирх, хэрэм 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100- 150 кг өөх хуримтлуулж байж ичнэ.

Зэрлэг гахай өдөрт 2-2.5 кг самар идэж байж онд орно. Самрын ургацгүй жил жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг амьтан бас хоолгүй болно. Хуш бүрэлдэхүүнд нь орсон хөвч, тайгын ойд 50 зүйл хөхтөн, 160 орчим зүйл шувуу, зургаан зүйл хоёр нутагтан, дөрвөн зүйл мөлхөгч амьдардаг гэсэн тоо бий гэхээр цөмдгийг цөлмөхийн уршиг тодорно.

Уг нь самрыг зохистой хэмжээнд түүсэн, эсэхийг орон нутаг дахь ойн ангийнхан, байгаль хамгаалагчид хянах үүрэгтэй. Тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид чадлынхаа хэрээр шалгаж, хянадаг ч хүч мөхөстдөг “жишигтэй”.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай