Өдөр тутмын сонинууд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлнэ

Баруунд хэвлэмэл бүтээгдэхүүний эрэлт багасаж, Азид хүрээгээ тэлэх төлөвтэй байгааг судлаачид өгүүлэв. Харин манай улсад сонины борлуулалт 10 хувийн өсөлттэй байгааг “Сонины форум-2017”-ын үеэр танилцууллаа. Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулж буй анхдугаар форумаар сонины редакцад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг даван туулах шийдэл зэрэг асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцэв.

Тухайлбал, өдөр тутмын сонинууд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай байгааг, хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээл, нийгмийн сэтгэлгээ хаашаа эргэснийг, уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл технологид суурилсан цахим хэвлэлд хэрхэн дасан зохицож буй, ямар арга замаар хөгжүүлэх вэ гэх зэрэг шийдлийн талаар хэлэлцэж, сэтгүүлчдийн саналыг сонссон юм. Дэлхийн жишгээр тогтмол хэвлэл мэдээллийн гинжин холбооны тэргүүн эгнээнд байдаг. Үүний нэгэн адил Монголд өдөр тутмын сонины мэдээлэл хамгийн бодитой, үнэ цэнэтэй, сайн контент, анхны эх сурвалж болдог нь судалгаагаар батлагджээ.

Товчхондоо мэдээллийн циклийн хувьд сонин анхдагч байдаг. Гэвч олон нийт телевиз, сайт шуурхай гэж ойлгодог. Уншиж байвал сэтгэж байна, сэтгэж байвал оршин тогтнож байна гэдэгтэй адилхан хамгийн хариуцлагатай бөгөөд үндэсний оюуны чадамжийг хадгалахад гол үүрэг хүлээж, сэтгүүл зүйд манлайлагчид бол өдөр тутмын сониныхон. Эл үнэнийг олон нийт, уншигчдад тунхаглаж соёлт нийгэмд ойлгуулах нь форумын гол зорилго байлаа. Энэ удаагийн форумд өдөр тутмын сонинуудын удирдлага, сэтгүүлчид, цахим мэдээллийнхэн, багш нар оролцов.

“Сонины форум-2017”-гийн үеэр болсон бас нэг онцлох үйл явдал нь өдөр тутмын сониныхон анх удаагаа нэгдэж, Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг болон Монголын өдөр тутмын сонинуудын ёс зүйн тунхгийг үзэглэсэн юм. “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхгийг ёс зүйн тунхагтай хамтатган баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүл зүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулсан хэрэг боллоо.

Үндэсний дархлаагаа хадгалах, хамгаалах, оюуны чадавхаа бусад хөгжингүй орнуудын хэмжээнд барих нь өдөр тутмын сонинуудын ажил учраас бид нийгэмд чухал үүрэгтэй” хэмээн оролцогчид онцлов. Мөн өдөр тутмын сонинуудад сайн нийтлэлч, мэдлэгтэй сэтгүүлчид олон байгаа ч сайн менежер дутагдаж байгааг дурдав. Нөгөө талаар сонинууд ёс зүйн тунхгаа албажуулсан нь бүхий л өдөр тутмын сонины мэдээллийн бодит байдлыг баталгаажуулж, олон талын эх сурвалжаас нотлогдсон мэдээлэл нийтлэх шаардлага хүлээснийг онцолж өглөө. Түүнчлэн өдөр тутмын сонинуудын хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөвхөн тухайн мэдээллийн бодит байдлаар хязгаарлагдахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг тунхагт тусгасан байна.

ТӨР ӨДӨР ТУТМЫН ХЭВЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ

Б.ГАНБОЛД (“Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч):

-Цахим хэвлэл хурдтай хөгжиж байгаа цаг үед цаасан сонин үнэхээр хүнд үеэ туулж байна. Телевиз, радиогийн мэдээ өөр хэлбэрээр хүмүүст хүрдэг. Хамгийн хэцүү нь өдөр тутмын сонинууд байна. Цаасны үнэ өсөж, бензин шатахууны үнэ нэмэгдлээ. Өөр олон шалтгаан бий. Үүнийг даван туулахад зөвхөн өдөр тутмын сониныхон махийх ёсгүй юм.

Жишээ нь төр, засгаас туслах хэрэгтэй. Хувийн, хувьсгалын гэлтгүй телевизүүдийн дамжуулах станцийн төлбөрийг улсаас өгдөг. Гэтэл сонинд юу ч өгсөн юм. Харин бид шууданд татвар төлдөг. Төр, засгаас даацтай бодитой

мэдээлэл цацдаг гэдэг үүднээс бидэнд туслаад өгвөл өдөр тутмын сонинууд тогтвортой оршин тогтнох нөхцөл бүрдэнэ.

ХЭВЛЭЛ ХӨГЖИХ ХӨРС СУУРИЙГ НЬ ТАВЬЖ ӨГӨХ ЁСТОЙ

Р.АМАРЖАРГАЛ (Монгол Улсын Ерөнхий сайд асан):

-Хэвлэл мэдээллийн үүргийг төр, засаг сайн ойлгох хэрэгтэй юм. Төр, засаг гэдэг хийсвэр ойлголт. Төр, засгийг илэрхийлж байгаа нь тодорхой Бат, Дорж, Дондог гэсэн субеъкт байж байна. Тэр хүмүүс өөрийн хувийн үзэл бодлоо төрийн бодлогын хэмжээнд хольж хутгаад ойлгоод байна. Төр, засаг нээлттэй нийгмийн амин чухал элемент болж буй сонин хэвлэлийг дэмжих ёстой.

Шуудан харилцааг өргөжүүлэх, теле сүлжээний асуудлыг хөгжүүлэх зэргээр дэд бүцийг дэмжиж хөрс суурийг нь тавьж өгөх учиртай болов уу. Тэр хөрсөнд өнөөдөр сонин юу тарих юм, телевиз юу ургуулах юм гэдэг нь редакцын асуудал. Хэвлэл гаргаж байгаа асуудлынхаа агуулгыг сайтар бодох хэрэгтэй.

Тэрийг нь төр, засаг үйл ажиллагаандаа удирдлага болгох юм уу, мэдээллийн эх үүсвэр болгоод ашигладаг бол арай ондоо. Аль алиндаа эерэг нөлөөтэй байх ёстой. Энэ маань гинжин холбоо шиг явж нийгмийг урагш нь авч явах ёстойгоос биш намаг руу түлхэж болохгүй.

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ ЗӨВ ХӨГЖЛИЙН ЗАМААР ЯВЖ БАЙГАА

Б.БААБАР (Нийтлэлч):

-Үнэн чанартаа бид төрийн ганц хэвлэлтэй, өөр мэдээллийн хэрэгсэлгүй байсан. Монголд сүүлийн 30-аад жилд сонин хэвлэл зөв замаар явж, хурдацтай хөгжиж байна гэж хардаг. Сонингуудыг буруу хандлагаар их шүүмжилж бичих юм. Тухайлбал, баян хүмүүс сонин гаргалаа гэж. Тэгээд ядуу хүн хаанаасаа мөнгө олж, яаж сонин гаргах юм. Өдөр тутмын сонин гаргана гэдэг асар их хөдөлмөр, хөрөнгө шаардсан ажил.

Америк, өөр Барууны оронтой харьцуулахад алдаа дутагдал бий. Гэхдээ гурван настай хүүхдийг доктортой харьцуулаад байгаа мэт харагддаг. Манай хэвлэл, өөрийн хөгжлийн жамаар явж байна. Хуулиар төр өөрийн мэдлийн сонин гаргах нь хориотой юм чинь хэн нэг мөнгөтэй хүн л сонин гаргана шүү дээ. Олон мэдээллийн хэрэгсэл алдагдалтай ажиллаж байгаа болов уу. Манайх телевизийн сувгийн тоогоор дэлхийн 10-т орсон байна лээ. Манай ард Бразил, Герман ордог.

Сонингийн тоог ч хүн амын тоотой харьцуулахад өндөр. Гэхдээ дэлхийн 200 орноос манайх дундуур нь л яваа. Манай сэтгүүлчид олсон мэдээллээ аль ч өнцгөөс бичиж болно. Гэхдээ мэдээллийн дараа гарах үр дүнг бодолцож, хувь хүнийхээ үүднээс ёс зүйтэй хандах хэрэгтэй.

РЕДАКЦИЙН УЛАМЖЛАЛТ АРГА ХЭРЭГЛЭГЧДЭД ГОЛОГДООД БАЙНА

З.ЭНХТӨР (“Слайд” компанийн гүйцэтгэх захирал):

-Хэвлэл мэдээлэл дэлхий даяар цахим захиалга руу шилжиж байна. Гэхдээ хөгжингүй орнуудад энэ явц жаахан удаашралтай. Онлайн захиалгын тоо сүүлийн таван жилд зургаа дахин өссөн. Монголын хувьд хэвлэл мэдээллийнхэн захиалгаа цахим хувилбараар авах шаардлагатай болсон. Учир нь сонинд зар сурталчилгаа өгөх нь дэлхий даяар буурч байна.

Тэгэхээр сонинууд агуулга дээрээ анхаарч, үүнд түшиглэн захиалгын тоогоо өсгөх шаардлага гарч ирлээ. Сонин гүйцэтгэлийн хувьд сайн, баталгаатай эх сурвалжтай учраас хүмүүс сонинг сонгодог. Гэхдээ уншигч гарч буй мэдээллийн алийг уншаад алийг нь алгасаад байна вэ, ямар сэдэв эрэлттэй байгааг сонинууд судлах ёстой болов уу. Сүүлийн үед залуучууд шар мэдээ, гэмт хэрэг гэхээсээ илүүтэй хувь хүний хөгжил, зөвлөгөө, интертайнмэнт мэдээг уншдаг болсон.

Тиймээс редакцийн уламжлалт арга хэрэглэгчдэд гологдоод байна.

ЦААСАН ХЭВЛЭЛ ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАГДАНА ГЭЖ АЙХ ХЭРЭГГҮЙГ ОЙЛГОСОН

Д.МӨНГӨНДАЛАЙ (Өдрийн сонины Улс төр, гадаад мэдээлэл, эрэн сурвалжлах албаны дарга):

-Сонин эрхлэн гаргагчид тулгамдсан асуудал, ололт амжилтаа хэлэлцэхээр анх удаа цуглаад байна. Технологийн хөгжлийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд хэвлэлийн зах зээлд цахим хэвлэл хүчээ авсан. Үүнтэй холбоотойгоор уламжлалт буюу цаасан хэвлэл “шахагдана” гэсэн ойлголт, хандлага нийгэмд удаан хугацаанд зонхиллоо. Хөгжингүй орнуудын сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнгээс харахад энэ айдас хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон.

Уншигчдын тоо өсөх хандлагатай байна. Хүмүүс сонинг үнэн гэж итгэдэг. Цаасан дээр хэвлэгддэг учраас баримттай. Сэтгүүлчид нийтлэлээ бичихийн тулд өөрсдөө явж мэдээ, материал цуглуулдаг, хөдөлмөрлөдөг. Сонингийн нийтлэлд цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан учраас илүү мэдээлэлтэй байдаг юм.

ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙСНААРАА ОРШИН ТОГТНОЖ ЧАДНА

С.ГАНТОГОО: (Монголын өдөр тутмын сонинуудын холбооны гүйцэтгэх захирал)

-Технологид суурилсан цахим мэдээлэл хурдацтай хөгжиж буй энэ үед тогтмол хэвлэл буюу уламжлалт сэтгүүл зүйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярих цаг болсон. Хэвлэл мэдээллийн салбарт эзэлж байсан анхдагч, ёс зүйтэй байр сууриа баримталж ажиллах нь чухал байна. Өдөр тутмын сонинууд дэлхийн жишигт мэдээллийн анхдагч байдаг. Энэ байр сууриа хэрхэн хадгалж үлдэх вэ, цаашид яаж хөгжих вэ гэдгээ ярилцаж байна. Ёс зүйтэй, хариуцлагатай байх гол зарчмаа баримталж ажиллавал технологийн эрин үед ч оршин тогтнож чадна.

Бид энэ форумд сэтгүүлчдийн ёс зүйн тунхгийг анх удаа баталлаа. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг өдөр тутмын сонин цаашид яаж авч явах вэ гэдгийг хэлэлцлээ. Нийгэм, улс төр цэвэр байхад өдөр тутмын сонины үүрэг өндөр. Цаашид ч энэ хэвээр байсаар байх болно гэдэгт итгэдэг. Сэтгүүл зүй нийгмийг чирч явах уу, чирэгдэх үү гэсэн чухал цаг үедээ ирээд байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай