30 дахь Ерөнхий сайд хэн бэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулж, Засгийн газраа унагаад даруй хагас сар өнгөрчээ. Дараагийн Засгийн газрын тэргүүнийг тодруулах МАН-ын бага хурал хуралдахад гурван хоног үлдэв. Харин энэ хугацаанд эрх баригч намын гүйцэтгэх дээд байгууллага болох Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр бага хурлын хуралдаанд оруулах эрхмийн нэрийг албан ёсоор зарласангүй. Зарлах нь бүү хэл эл асуудлаар хуралдсангүй.

Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч Ерөнхий сайд бус, нийслэлийн ИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх тухай л ярилцжээ. Бага хурлын гишүүдээ 21 аймгаас нийслэлд авчран хуралдуулж, УИХ-ын ээлжит бус чуулган зарлан шинэ Ерөнхий сайдаа томилж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоож, тохоож ч болохоор хугацаа өнгөрсөн атал хэн ч үгүй атлаа хэтэрхий олон горилогч төрүүлсэн энэ өдрүүд МАН-ынхан өөр хоорондоо ойлголцоход хол буйг бэлхнээ харуулав.

“Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гарын үсэг зурсан, зураагүйгээрээ талцахаа байсан, эв нэгдэлтэй байгаа” хэмээн мэдэгдэх тус намын хариуцлагатай албан тушаалтан, УИХ дахь намын бүлгийн удирдлагын үгнээс үнэн зүйл үгүй бололтой. УИХ-ын гишүүн, нөлөө бүхий улстөрчид нь өөр хоорондоо хатуу үгс чулуудаж, сөргөлдсөөр байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ.

У.ХҮРЭЛСҮХ ӨГСӨХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэгэнт ил болсон хагарал, үл ойлголцлоо МАН-ынхан бага хурлаараа нэг тийш болгох учиртай. Бага хурал бол тус намын их хурлаас төлөөлөн сонгогддог удирдах дээд байгууллага юм. Гэвч эцсийн шийдвэр УИХ-аас гаргана. Парламентад буй 65 хүнийг хайрцаглаж чадахгүй байгаа тус намын удирдлага бага хурлын хэдэн зуун гишүүнийг базаж дөнгөх үү гэдэг нь ч цаг хугацаанаас хумсалж буй асуудал.

Тиймээс ч “хотын” гэгддэг фракцынхан нийслэл, У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “зүүний хүч”-нийхэн орон нутагт суртал, ухуулга хийж яваа бололтой. У.Хүрэлсүхийн тухайд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 болон унагах товчлуур дарсан нэр бүхий гишүүд түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжиж, лообийдож буй нь нэгэнт ил болсон. Ж.Эрдэнэбатыг суудлаасаа буугаагүй байхад л Шадар сайдын өрөөнөөс салахаа байсан тэдний сонирхол энэ өдрүүдэд улам нэмэгдэж байгаа.

Гэвч У.Хүрэлсүхийн гаргаж тавьсан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийг нь тагнаж, чагнасан гэх мэдээлэл, баримт, улмаар Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг, АН-ыг дэмжиж ажилласан гэх бичлэг, сэлтээс улбаалан түүний нэр хүнд нам дотроо нэлээд унаад буй. Нам, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гэх хүмүүстэй бага хурал хариуцлага ярина гэдгийг ч гадарлаж байгаа.

Түүнийг Ерөнхий сайд болох нь бүү хэл намдаа үлдвэл л зол гэж ярих хүн ч цөөнгүй байгаа бололтой юм. Гэвч өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийг санагдуулам хар пи ар, кампанит ажил, хөрөнгө, хүч хаясан зохион байгуулалттай ажиллагаа дараагийн Ерөнхий сайдыг тодруулах марафонд хэдийнэ байр сууриа эзэлсэн нь У.Хүрэлсүх эцсийг нь хүртэл явахаар шийджээ гэж хэлж болохоор байгаа. Түүнийг Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлэхгүй ч танхимаас өөрөө, эсвэл дэмжигчид нь сойх биз ээ.

ДАВХАР НҮҮДЭЛ БУЮУ Ө.ЭНХТҮВШИН

Ингэхдээ шууд Ерөнхий сайд руу зүтгэх үү, эсвэл намын дарга болох замаар дүрэмд дөрөөлөн гүйцэтгэх засаглалыг атгах уу гэсэн хувилбарын аль алийг нь бодолцсон байж таараа. Хэрэв У.Хүрэлсүх Ерөнхий сайд болбол “МАН-ын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн дүрмийн заалтаар түрээ барьж, намын удирдлагыг гартаа авах магадлал өндөр. Харин тэр Ерөнхий сайдын сунгаанд ялагдвал хэрхэх бол. Намын даргын төлөө өрсөлдөх болов уу. Аанай л “Намын дарга нь Ерөнхий сайд болно” гэсэн дүрмийг хэрэгжүүлэх гэж хэдхэн сарын өмнө байгуулсан Засгийн газар руу санаархаж зүрхлэх болов уу.

Яг ийм байдлаар хэдхэн сарын дотор хэд хэдэн Засгийн газар солихгүйн тулд түрүүлж томилсон Ерөнхий сайдаа их хурлаараа намын даргаар батламжлах бодлого баримталж буй нь лавтай, МАН-ынхан. У.Хүрэлсүхтэй эсрэгцэж буй буюу МАН-ын одоогийн удирдлага, “хотын” фракцынхан эл зарчмыг баримтлан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон сурагтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын бурууг Засгийн газартаа тохдог “ёс” үгүйг сануулж, хариуцлага үүрэх ёстой бол парламент дахь бүлгийн 65 гишүүнд ч хамаатай хэмээн Ж.Эрдэнэбатыг огцруулахыг эсэргүүцэж байсан түүний тулх, туршлага Монголын улс төр, Засгийн газарт гологдохгүй. УИХ-ын гишүүн гэсэн “давхар дээл”-нд ч түүртэхгүй биз.

Түүнд эл намыг удирдаж явсан туршлага ч бий. Намын удирдлагаа шүүмжилж, эсэргүүцэж, шинэчлэлийн хөдөлгөөн эхлүүлсэн замнал ч түүнийх. Алдаа, хариуцлагаа ухамсарлаж, албан өгсөн түүхийг ч Ө.Энхтүвшиний намтраас харж болно. Чухам эдгээр давуу талыг харгалзан, бага хурлын гишүүдэд татгалзахын аргагүй санал тавих үүднээс түүнийг нэр дэвшүүлэхээр шийдсэн биз ээ.

Ц.НЯМДОРЖ УУ, Ч.ХҮРЭЛБААТАР УУ

Тэд ч бас Монголын улс төрд нөлөө бүхий улстөрч. Өмнөх Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурсан хүмүүс. Энэ талаас нь харвал Засгийн газраа унагасан нөхдөөс эл хоёр эрхмийн хэнийг нь ч бай Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал гаргахад тэгтлээ гайхахгүй болов уу. Гэвч нутаг нугаараа ижилссэн тэдний нэрс энэ удаа “Увс” гэгдэх фракцаас сонсогдож буй юм.

Ц.Нямдорж гишүүний хувьд УИХ-ын дэд дарга тул Ерөнхий сайд руу тэгтлээ шунахгүй байгаа ч “Ерөнхий сайдад нэр дэвшихгүй” гэж хэлээгүй ээ. Тэр ямар ч шийдвэр гаргаж мэднэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд олон талаар багтах боломжтой эрхэм бол Ч.Хүрэлбаатар. Түүнийг шинэ Засгийн газарт Сангийн сайдаар нэрлэх хүмүүс ч бишгүй. Гэсэн ч энэ удаа түүнийг нутгийн фракцаасаа Ерөнхий сайдад үзээд алдана гэж таамаглах хүн цөөнгүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай