Д.Мөнгөндалай: Сүүлийн үед эрх баригчид хэвлэлд улам хаалттай болж мэдээллийг нууцлах боллоо

Өдөр тутмын сонины анхдугаар форумын үеэр тавигдсан "Өдрийн сонин"-ы Эрэн сурвалжлах албаны дарга Д.Мөнгөндалайгийн "Эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон сонины манлайлал" илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрхэм сэтгүүлчид, хүндэт зочид оо

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

Юуны өмнө Өдөр тутмын сонинуудын холбооны анхдугаар форумыг зохион байгуулж буй Өдөр тутмын сонинуудын холбоо,   холбооны удирдлагууд, зохион байгуулагч нарт талархлаа илэрхийлье.

Өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ярихдаа цоо шинэ төрөл зүйл Монголд  орж ирчихсэн мэт шинэ соргогоор хүлээж авах хэрэггүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж өнөөдөр л ингэж сүр бадруулан ярьж байгаа болохоос Монголын сэтгүүлчид үеийн үедээ эрэн сурвалжилсаар ирсэн. Өчигдөр өнөөдрийн ялгаа нь гэвэл нийгэм нь өөр, нөхцөл боломж арай өөр байсан төдий л юм.

Нэг намын тогтолцоотой хаалттай гэгдэх нийгмийн үед ч сэтгүүлчид эрэн сурвалжилж, зоригтой хурц  нийтлэл, сурвалжлагуудыг хүргэсээр байсныг энд дурдах хэрэгтэй. Зохиолч сэтгүүлч Барамсайн “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” нэртэй 1990-ээд оны эхээр гарч байсан прокурор Отгонбаярын хэрэг буюу, олон хүн хэлмэгдүүлж,  цаазын ял оноосон байсныг сэтгүүлч илчилснээр хэлмэгдсэн хүмүүсийн хэрэг задарч шоронгоос суллагдаж байлаа. Барамсай гуайн энэ эрэн сурвалжилсан нийтлэл тухайн үеийн  нийгмийг цочроосон дуулиант хэрэг юм.  Мөн л 1990-ээд онд  агаарын орон зайг гадныханд нууцаар түрээсэлчихсэн байсан хэрэг  “Ил товчоо” сонинд нийтлэгдэж дуулиан тарьж байлаа. Ганц нам дангаар эрх барьдаг байсан хатуу үеийн  Улс төрийн товчоог хуралдуулахад хүргэж байсан О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” эрэн сурвалжилсан цуврал нийтлэл, “Номон дээр гишгэсэн алдас” бүтээлүүд тухайн үеийн “Үнэн” сонинд нийтлэгдэж нийгмийг цочоож байлаа.  Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэнд дээрх бүтээлүүд томоохон  байр эзэлдэг. Одоогоос арав гаруй жилийн өмнө 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан бүсгүйн талаар  “Өдрийн сонин” нийтэлж,   олон нийтэд хүргэсний үр дүнд  хүний эрхийн хуульчид анхаарал хандуулан хуулийнхан цаашлаад Ерөнхийлөгчид асуудлыг тавьж эцэст нь суллагдаж байлаа.

С.Зоригийн хэргийн сэжигтэн болгож Д.Энхбатыг Францаас  Европын холбооны улсуудаар дамжуулан олон улсын гэрээ контракт, хүний эрхийг ноцтой зөрчин, нууцаар авчирч хорьсон хэргийг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Долзодмаа  эрэн сурвалжилж хүргэснээр   энэ адармаатай хэргийг үнэн илчлэгдэж,  энэ хэрэгт Д.Энхбат  холбогдолгүй болохыг нь тогтоож шоронгоос суллагдсан ч удалгүй насбарсан байдаг. Тэрээр шоронгоос гарч ирээд “Өдрийн сонин”-д сүүлийнхээ ярилцлагыг өгсөн юм.

Хадгаламж банкны 14 тэрбум сох дутсан хэргийг “Өдрийн сонин” мөн л эрэн сурвалжилж нийтэд ил болгож байлаа.

Саяхны жишээ хэлэхэд Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн  гранпри шагналыг  “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ” эрэн сурвалжилсан цуврал нийтлэлээрээ авсан бөгөөд чимээгүй дарагдсан энэ мэдээллийн үнэнийг  сурвалжилснаар үрээ тэвэрсэн эх үхэлтэй тэмцэж байхад харсаар байж тусалж чадалгүй үхүүлчихсэн Онцгой байдлынхны техник хэрэгсэлд гурван тэрбум төгрөг  нэмж төсөвт тусгуулж чадсан билээ. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн Балдорж шагналын эзэд ихэвчлэн сонины сэтгүүлчид, тэр дундаа тэдний сурвалжилсан эрэн сурвалжлах бүтээлүүд багтаж  байгаа нь сонины сэтгүүлчдийн ур чадвартай, тэр тусмаа явж хийсэн, цаг хугацаа зориулж, баримт цуглуулан, ул суурьтай нухацтай, үр дүнтэй ажилласны жишээ юм. Судалгаанаас харахад ч хамгийн даацтай эрэн сурвалжилсан материалууд сонины редакциас л гарч байна.

Эрэн сурвалжилсан нийтлэлүүдийг захаас эхлээд дурдахад л ийм байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй өнөөдөр ч ажлаа хийсээр л байгаа. Гэвч хуучин хаалттай нийгмээсээ дутахгүй хэвлэл мэдээллийн амыг хаах  заалтуудыг үе үеийн эрх баригчид ил далдаар хуулинд оруулсаар ирсэн. Сүүлийн үед эрх баригчид хэвлэлд улам хаалттай болж мэдээллийг нууцлах болов.

Хууль бус үйлдээ, авлига хээл хахуулийн хэргээ эрх мэдэлтнүүд   нууцалдаг. Энэхүү нууцыг ил болгох нь сэтгүүлч бидний үүрэг юм. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль гарсанд хэн хүнгүй баярлаж байсан ч энэ хуулийн хэрэгжилт ямар ч хяналтгүй болж, мэдээлэл олж авах эрх улам л хумигдсар байна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж тусдаа нэг ойлголт болгон салгаж ярих нь төдийлөн оночтой бус юм. Сэтгүүл зүйн бүхий л  төрөл жанрт эрэн сурвалжлах явц  их,  бага хэмжээгээр орж байдаг. Тэгэхээр сэтгүүл зүй тэр чигтээ эрэн сурвалжлага гэж нэг талаас хэлж болох юм. Үйл явдлын энгийн нэгэн мэдээг ч бид илүү чанартай, агуулга дүүрэн болгохын тулд эх сурвалжуудаас нэмэлт мэдээлэл цуглуулдаг шүү дээ.  Өдрийн сурвалжлага бэлдэхдээ ч мөн л эрж сурч, лавлаж тодруулж, илүү мэдээлэл багтаахыг эрмэлзсээр ирсэн. Харин эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж тусад нь хэлээд байгаа ойлголт нь санаатай, санамсаргүйгээр нуусан, нийтэд хамаатай асуудлыг сөхөж,  цаг хугацаа хүч хөдөлмөр, ур чадвар,  эр зориг   гарган, олон нийтийн анхаарлыг хандуулахуйц сэдэв рүү орохыг хэлээд байгаа юм.  

Эрэн сурвалжилж явахад мэдээж эрсдэлтэй тулгардаг. Бидэнд тохиолдсон практикаас харахад  цуврал сурвалжлагын эхний хэсэг олон нийтэд хүрч хэвлэлд гарч эхэлснээс хойш буюу нийтлэл сурвалжлага нэгэнт олны хүртээл болсон хойно дарамт шахалт ирэх нь илүү байдаг. Ялангуяа төрд ажиллаж байгаа, эрх мэдэлтэй хүмүүс, тэр ч бүү хэл рецедив гэмт хэрэгтнүүдээс ч айлган сүрдүүлэх, дарамтлах нь олонтаа тохиолддог. Энэ бүх эрсдэл дундуур туучин, алдаа оноотойгоо Монголын сэтгүүл зүй өнөөдөртэй золгосон билээ. Ямар нэг эрэн сурвалжилсан материал нийтлэгдсэний дараа хуулийнхан, өнөөх нийтлэлд дурдагдсан улстөрчид сэтгүүлчдээс хамгийн түрүүнд эх сурвалж шаарддаг. Эх сурвалжаа нууцлах үүрэгтэй гэсэн Олон улсын сэтгүүл зүйн хартийг л хэлэхээс өөр Монголын аль нэг хуулинд энэ талаар заалт байхгүй тул зарим тохиолдолд эх сурвалжаа хамгаалснаараа сэтгүүлч буруутан болох нь бий.  

Мэдээлэл олж авах арга олон янз.  Заримдаа өрсөлдөгч талуудын маргаан, нэгнийхээ мууг үзэх гэсэн санаархлаас үүдэлтэй баримт, мэдээлэл сэтгүүл зүйн эх сурвалж болох нь бий. 1972-1974 оны үед АНУ-д дуулиан тарьсан Уотергейтийн хэрэг ч эрэн сурвалжлах сэтгүүлчдийн  олж авсан мэдээлэл гэхээсээ өрсөлдөгч талуудын тавьсан өгөөшөөс л үүдсэн байдаг шүү дээ. Дээрх дуулиант тэр хэрэг хэдийгээр үр дүнд хүрсэн ч эх сурвалж нь ашиг сонирхлоос үүдэлтэй байсныг дурдахгүй байхын аргагүй ээ. Ийм   бэлэн орж ирсэн мэдээлэл  үнэн эсэхийг, сайтар нягталж, өөр эх сурвалжуудаас баримтаа нягтлан баталгаажуулж олон нийтэд хүргэсээр ирлээ. Мэдээлэл нягтлаагүйгээс болон сэтгэлийн хөөрлөөр нэг эх сурвалжийн мэдээллийг эцсийн үнэн гэж үзэн, алдаа гаргах нь манай сэтгүүл зүйд бий. Мөн мэргэжлийн ёс зүйг зөрчин бодит үнэнийг хэт гуйвуулан нэг талд үйлчилснээр тухайн хэвлэлийн байгууллага, сэтгүүлч эрсэлд орох нь бий.

Зарим үед  сэтгүүлч хэт нэг талыг барьж, захиалгаар мэдээ сурвалжлага нийтэлсэн нь тогтоогдвол   нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нийтэд нь захиалгат, худал хуурмаг мэтээр Монголын сэтгүүл зүйг тэр чигээр нь харлуулж харагдуулж байгаа нь манай сэтгүүл зүйн нэг эмгэнэл юм.  Зарим тохиолдолд мэдээлэл үнэн байсан ч буруутай тал хүлээн зөвшөөрөхгүй, хэвлэл мэдээллийг буруутгаж, нийтэд сэтгүүл зүйн  нэр хүндийг унагадаг. Мөн бидэнд тохиолдож буй нэг бэрхшээл бол сэтгүүл зүйн талаар ямар ч ойлголтгүй, нэг ч  мэдээ бичиж үзээгүй бизнес, улс төрийн нэг мөнгөтэй нөхөр хэвлэлийн эзэн болчихдог. Мэдэхгүй юм мэдэхгүй л байдаг. Тэд төдийлөн ашиг олоод байдаггүй хэвлэлийн салбар луу ингэж олноороо орж ирж байгаа нь өөрийн бизнесийг болон нэр төрөө хамгаалах бамбай, зэвсэг болгон хэвлэл мэдээллийг  ашиглаж байна. Ингэж хэвлэлийн салбарт эзэн суучихаад хэвлэл мэдээллийг өөрийгөө болон танилыгаа, хамгаалуулах хэрэгсэл болгож хувиргасан нь энэ салбарыг муухай харагдуулж байна. Мэргэжлийнхэн бид ажлаа муу хийж байгаа учраас мэргэжлийн бус хүмүүс энэ салбарыг амархан гэж хараад байна. Хэн нэгэн бизнес эрхлэгч зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалуулаад өөрсдийнх нь эрх ашиг, фракц бүлэглэлийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр дуулиант хэргээс тойрч дөлөөд тэр тухай сэтгүүлчдийнхээ олж ирсэн мэдээ материалыг нийтлэхгүй, эсвэл бурууг зөв юм шиг өмгөөлж хамгаалсан захиалгын нийтлэл, сурвалжлагууд гаргаад байхаар манай салбар муухай харагдаж байгаа юм. Нэг ёсондоо энкубаторт байгаа юм шиг цаанаасаа ивээн тэтгэгчтэй, хөдөөх гэрийн  авдрын сүүдэрт ургасан   ногоо шиг болгоод байна.  Тэгэж ургасан ногоо туниагүй, байгалийн ногоон өнгөө олж чадаагүй,   шим шүүсгүй болчихдог. Манай сэтгүүл зүй  яг тэр авдар доорх ногоо шиг шимгүй, туниагүй болж, нэр хүнд нь унасаар байгаа юм.  Тийм эзэнтэй хэвлэлүүд сэтгүүлчдийнхээ зориг, зүрхийг мохоож,  сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийг нийтэд манкурт боол мэт харагдуулж байна.   Өнөөдөр Монголд улстөрч, сэтгүүлч хоёр хамгийн хэл аманд өртдөг, хамгийн бузар булхайтай, муу хүмүүс болж хэлэгдэх боллоо. Бизнес эрхлэгч эзэнтэй зарим хэвлэл өөрсдийгөө захиалгагүй  хэмээн  орой бүр зарлах нь ч бусад хэвлэл захиалгатай шүү гэж басамжлан хэлээд  байгаа мэт. Сэтгүүлчийн ажил бол хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд хэцүү мэргэжлийн тоонд уурхайчны дараа нэрлэгддэг байлаа.  Одоо харин эсрэгээрээ болсныг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Хэн дуртай нь манай салбар луу, бидний мэргэжил рүү шүлсээ үсчүүлэх болов. Энэнд бид ч бас буруутай. Мөн нийгмийн болон технологийн хөгжил ч тодорхой хэмжээгээр сэтгүүл зүйн салбарын хөгжилд ч, алдаанд ч нөлөөгөө үзүүлж байна. Нийтийн сэтгүүлзүй гэх ойлголт нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж хүн болгон сэтгүүлч гэж өөрийгөө бодоход хүрлээ. Хаа нэгтээ түймэр гарч байвал тэрийг гар утсаараа  зургийг нь аваад л “Энд тийм юм болж байна” гээд мэдээлчихэж байна. Байрных нь дэргэд хүн насбарчихсан байвал зургийг нь аваад нийтийн сүлжээнд цацчихаж байна.  Үүнийг нийтийн сэтгүүл зүй гэж нэрлээд байгаа. Харин мэдээлэл үүгээр хязгаарлагддаггүй. Сэтгүүлч бид үүний цаад нарийн учир шалтгааныг илүү, баттай болгож,   эрэн хайж, олон нийтэд хүргэдгээрээ тэднээс ялгаатай. Гэтэл зөвхөн нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийг шууд нягтлалгүйгээр хэвлэлийнхэн олон нийтэд хүргэх нь ихэсчээ. Нийтэд цацсан мэдээллийнхээ төлөө хариуцлага үүрэхгүй, мэргэжлийн бус хүний тавьсан мэдээллийг олон нийтэд мэргэжлийн гэгдэх хүмүүс нь нягтлалгүй тавих нь алдаа юм.

Бидэнд тохиолддог, тохиолдож байгаа  бэрхшээл саад, ололт амжилтын аль нь ч дэлхийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ч яг адилхан тохиолддог.   Мэдээлэл олж авах, эрэн сурвалжлах арга замууд ч тийм ч их эрс тэс ялгаа байхгүй ээ. Ялгаа нь ердөө л хууль эрх зүйн орчин.  Монголын сэтгүүл зүй дэлхийн сэтгүүл зүйгээс тэгтэл их хоцорчихоод байгаа ч юм биш. Асуудлыг бид дэлхийтэй зүйрлэж, дэлхийгээс хайх хэрэг ер байхгүй. Өөрсдөөсөө, дотоодоосоо л хайх хэрэгтэй. Харин тэднээс сайн жишээ, сэтгүүл зүйн ажиллах боломж, эрх зүйн таатай боломжийг нутагшуулахад л анхаарах хэрэгтэй байна.

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах баг олон жилийн хугацаанд “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” цуврал булан нээж эрэн сурвалжилсан  сурвалжлагуудыг өнөөдрийг хүртэл хүргэсээр  байгаа. Зарим хэвлэлийнхэн  биднээс танайх энэ айхтар, эрсдэлтэй сурвалжлагуудаа бэлтгэхдээ хэр их мөнгө зориулсан бэ, бид эрэн сурвалжилсан ийм материал бэлтгэх гэхээр  мөнгө хөрөнгө дутагдалтай байдаг гэж хэлэх нь бий. Үнэн хэрэгтээ улс хооронд дамжин явахгүй л бол дотооддоо болсон явцыг сурвалжлахын тулд  тийм ч их мөнгө төгрөг шаардагдаад байх нь юу л бол. Үүний оронд залхууралгүй эрж сурч,  чин сэтгэл, хүсэл тэмүүлэл,  сэтгүүлчийн овсгоо, эр зориг, ур чадвар, эрсдлээ тооцон, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөлгүй, шантралгүй л явах хэрэгтэй байна. Мэдээж  томилолт өвөрлөн явж буй сэтгүүлчийн зардлыг редакциас төлдөг нь дэлхий нийтийн л жишиг.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Тулгараад байгаа бэрхшээлүүдээс эрх баригчид болон, энгийн иргэд биднийг гаргахгүй ээ.  Сайныг хажуугаар саар гэгчээр мэргэжлийн ёс зүй алдагдах тохиолдол манай салбарт мэр сэр бий. Үүнийг ч бид өнөөдөр ярилцах ёстой болов уу. Өнөөдөр энд сонинуудын удирдлага, сонины сэтгүүлчид олон иржээ.  Сэтгүүл зүйд хэвлэмэл сонин шахагдах нь гэсэн ойлголт бий болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Гэвч зах зээлийн жамаар өрсөлдөх чадвараасаа шалтгаалж, хаагдсан сонин, захиалагчийн тоо цөөрч, үүдээ барихаас  аргагүйд хүрсэн сонинууд  бий ч,  цаасан сонинг барьж уншиж таашаах, сонин уншихыг соёл гэж үзэх, мэдээллийн үнэн гэдэгт сошиалаас илүү итгэдэг хэвээрээ байгаа нь саяхны нэг судалгаагаар гарсан байсан. Энэ нь үнэн гэдгийг “Өдрийн сонин”-ы захиалгын тоо л   өнөөдрийг хүртэл бууралгүйгээр, харин ч тодорхой хэмжээний өсөлттэй явж ирснээс харж болох юм.  Дэлхийн цаасан сонины эрхэгчдийн санааг зовоож байсан асуудал таатай эргэж байх шиг. Сүүлийн  жилд сонин уншигчдын тоо буурсан гэдэг нь худал гэдгийг дотоод, гадаадын судалгаанууд хэлээд байна.  Технологийн хөгжлийн эринд хүмүүс асар их мэдээлэлд бөмбөгдүүлж,  зүсэн зүйлийн мэдээллийн урсгал нийгмийн сэтгэл зүйд цутгаж байна. Сүүлийн үед маш олон сайт бий боллоо. Мэдээлийг  шуурхай хүргэх тал дээр телевизийн мэдээнээс ч хурдтай байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч сайт, сошиалын мэдээллийн хурдын энэ давуу тал нь зарим талаар сул тал болдог. Мэдээллийг нарийн нягтлах, дэлгэрүүлэх, баримтыг баталгаажуулахад  хугацаа хэрэгтэй байдгаас тэр юм.

Цөөн хэд нь л мэргэжлийн редакцитай, уншигчдын хандалт олон болохоос, үнэн гэдэгт нь уншигчид төдийлөн итгээд байдаггүй.  Сайтын  болон телевизийн мэдээллийг устгах боломжтой бол сонин баримт болж үлддэгээрээ давуу талтай.   Эрэн сурвалжилна гэдэг нь агшин зуур хэдхэн минут секундэд хийчихдэг юм биш. Төлөвлөх, судлах, сурвалжлах гэсэн тодорхой үе шаттайгаар явагддаг. Сонины сэтгүүлчид энэ ажлыг хийдэг. Тэдний цаг хугацаа зарж, эрсдэл үүрэн олсон мэдээллийг харин зарим сайтууд эх сурвалж дурдалгүй, тухайн сонин хэвлэлийн газрыг дурдалгүй хэсэгчлэн болон бүтнээр нь авч нийтлэх нь их байгаа. Үүнтэй холбоотой Оюуны өмчийн асуудал ч сөхөгддөг. Энэ ч мөн л бидний ярих ёстой сэдвийн нэг болов уу.      Редакцигүй,  мэргэжлийн бус хүмүүс олноор нь сайт нээж, дээр хэлсэнчлэн нягтлаагүй мэдээ материал нийтэлснээр сэтгүүл зүйн  нэр хүндийг унагахад тодорхой нөлөө үзүүлж байгаа. Сонины сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг ингэж зөвшөөрөлгүй, хагасалж, хугаслан, өөрсдийн үзэл бодлыг нэмж өөрчлөн нийтэлж, хуулийн байгууллагын өмнө очихоороо эх сурвалж тэр сонины газар гээд хэлчихдэг жишээ олон болсон.  Энэ мэтчилэн, мэргэжлийн ёс зүй, мэдээлэл олж авах эрх чөлөө, хууль эрх зүйн таатай орчин, оюуны өмчийн асуудал зэрэг ярих ёстой зүйл олон байна. Мэргэжилдээ хайртайдаа л цаг наргүй, эрсдлээс үл ажран ажиллаж ирсэн сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийг энд бас  талархан дурдмаар байна. Эцэст нь хэлэхэд телевизийг тэнэг хүн ч үзчихэж чадна. Харин сониныг ядаж бичиг үсэг тайлагдсан хүн уншдаг. Өөрийгөө соёлтой, оюуны талхыг амтлагч гэж бодож байгаа соёлтой уншигчид байгаа цагт сонин гэдэг байхгүй болохгүй гэдэгт итгэлтэй байна.  

Анхаарал тавьсанд баярлалаа"

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай