Т.Эрдэнэбат: Сэтгэл, сэтгэхүйгээ өөрчилж байж л хүн хөгжиж, урагшилна

“Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн дэлхийд гологдохгүй болсон олон сайхан жишээ бий. Зөвхөн ямааны ноолуур, савхиар хийсэн багахан бүтээгдэхүүнээ экспортолж байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд хүнс, өдөр тутмын хувцас зэргийг гадаадын зах зээлд тодорхой хэмжээгээр гаргаж буй нь чамлахааргүй амжилт. Энэ бүхэн нь монголчууд ямартай ч дотооддоо бүтээж, хийж зогсонги байдлаасаа гарч буйн илрэл.

Хамгийн гол нь амжилтаа голж бус, дэмжиж улам олон бүтээгдэхүүнээр дэлхийд танигдах хэрэгтэй. Үүнд төр, засгийн бодлогоос эхлээд хэрэглэгч, үйлчүүлэгчид маань монгол үйлдвэрлэгчдээ дэмжиж, эрвийх дэрвийхээрээ зүтгэх ёстой болов уу. Монголдоо үйлдвэрлэсэн, “Made in Mongolia” гэсэн шошготой бүхнийг хараад ийн боддог.

Алга ташин баяр хүргэмээр нэгэн үйлдвэрлэгчтэй саяхан уулзлаа. Тэрбээр барилгын гоёл, заслын бүтээгдэхүүн болох арьсаар бүрсэн хавтанг Монголдоо анхлан хийсэн нэгэн аж. Энэ утгаараа бид өөрсдөө хийж чаддаг бас нэгэн зүйлийг бий болголоо гэсэн үг. “Эйч Эм энд Бат” компанийн захирал Т.Эрдэнэбатыг “Монголд үйлдвэрлэв” буландаа урьж, ажлынх нь талаар болон бизнесийн орчинд тулгардаг жаргал, зовлонгоос нь асуулаа.

Тэрбээр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бүр л өөрийн жаргал, зовлон, амжилт, саад бэрхшээлтэй байгаа. Тиймээс зовлон тоочихоос урьтаж хийж бүтээснээрээ бахархаж, түүнээс сайхныг, жаргалыг мэдрэх нь чухал” хэмээлээ.

-Сүүлийн үед монголчууд маань илүү тав тухтай, зарим талаараа бусдаас өвөрмөц, содон амьдрахын тулд гэр орон, орчин тойрноо тохижуулж, барилгын дотоод засал буюу интерьерт их анхаардаг болжээ.

Танайх хэзээнээс ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болов. Ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс юугаараа давуу юм бэ?

-Бид интерьерт ашигладаг гоёлын 3D арьсан хавтан үйлдвэрлээд гурван жил болж байна. Монголдоо энэ чиглэлээрээ анхдагч гэж боддог. Барилгын материалын дэлгүүрүүдэд гоёлын зориулалтын янз бүрийн хавтан байгаа. Гэхдээ бүгд импортынх. Манай бүтээгдэхүүний үнэ гадаадаас оруулж ирсэн адил төрлийнхөөс харьцангуй хямд. Жишээ нь, Хятадын хавтан ам метр нь 108.000 төгрөг бол манайх 80.000. Өөр нэг давуу тал гэвэл хэрэглэгчийн хүссэн өнгө, загвараар, богино хугацаанд нийлүүлэх боломжтой.

Хэрэв урд хөршөөс захиалбал хэдэн өдөр болно. Харин манайх хэдхэн цагийн дотор бэлэн болгоно. Цаг хугацаатай уралддаг болсон өнөө үед энэ их чухал. Үүнээс гадна үйлчлүүлэгч бүрэх материалаа авчраад хавтан хийлгэдэг. Тийм тохиолдолд үнийн дүн тодорхой хэмжээгээр хасдаг онцлог давуу талтай. Импортоор оруулж ирсэн хавтангууд манайх шиг арьсан биш. Бид хиймэл арьсаар бүрдэг болохоор илүү гоё, тансаг харагддаг.

Ер нь ийм хавтангууд чамин харагдахаас гадна дуу чимээ багасгаж, дулаан алдагдлыг тодорхой хэмжээнд бууруулдаг сайн талтай. Тэр дундаа арьсаар бүрсэн бол тэр чанарыг нь улам нэмэгдүүлдэг. Бас ус чийгэнд хэлбэрээ алдаж, өнгөө хувиргахгүй буюу механик гэмтэл гарахгүй давуу талтай.

-Гоёлын хавтан үйлдвэрлэхэд химийн төрөл бүрийн бодис ашигладаг гэсэн. Түүхий эдээ танайх өөрсдөө хийх боломжтой юу. Үйлдвэрийн тань бүтээмж, хүчин чадал хэр вэ?

-Монголд маань химийн үйлдвэр хөгжөөгүй учраас хавтангийн түүхий эдийг гадаадаас, тэр дундаа Хятадаас оруулж ирдэг. Хиймэл арьсыг БНСУ болон урд хөршөөс авдаг. Сүүлийн үед валютын ханшийн өсөлтөөс шалтгаалаад бараагаа холоос татах боломж улам хумигдаж байна.

Нөгөө талаар Хятадаас оруулж ирэхэд цаг хугацааны хувьд ч хүндрэлтэй л дээ. Хавтангийн гол түүхий эд болох бодисыг энгийн үгээр шахдаг хөөс, шингэн порлон гэж тайлбарлавал хүмүүст илүү ойлгомжтой байх болов уу. Бүтээгдэхүүн хийх зарчим маань тун энгийн. Тоймлоод хэлэхэд, хоёр төрлийн бодисыг тодорхой хэмжээгээр хольж, найруулаад зөөлөн порлон бий болно. Түүнийгээ өндөр даралтаар шахахад нягтарч, хавтан болно гэсэн үг. Үйлдвэрийн бүтээмж, хүчин чадлын хувьд одоогоор захиалгаа таслахгүйгээр нийлүүлээд болж л байна.

Өдөрт 21 төрлийн өнгө, хээ, загвар бүхий 20 гаруй ам метр хавтан хийдэг. Цаашид үйлдвэрээ өргөжүүлж, технологийн шинэчлэл хийх бодол бий. Өнгөрсөн жил Хятадад захиалж хийлгэсэн нэг шинэ төхөөрөмж маань бүргэд хаалганы дулаалга, доторлогооны зориулалттай. Энэ чиглэлээр бид мөн л анхдагч болсон. Хувиараа ийм үйлчилгээ үзүүлдэг хүн цөөнгүй байна. Тэднээс ялгарах бидний давуу тал гэвэл бүрээсийн материалаа мөн л хүмүүсийн хүссэн хээ, өнгөнд тохируулан сонгоод тусгай машинаар шахаж, хээлдэг.

Тэгээд дулаалгын доторлогоо хийгээд, түүнийгээ хаалганы дөрвөн тал руу давуулан бүрэн бүрдэг. Өөрөөр хэлбэл салхи орох зайгүй болтол дулаалж, наана. Энэ нь зөөлөн чигжээстэй бүрээс л гэсэн үг шүү дээ. Зарим хүн үүнийг ойлгохгүй хаалганы дотор талд порлон хийгээд өнгөн талд нь наадаг юм уу гэж асуудаг. Одоогийн байдлаар 150 гаруй айлын хаалгыг дулаалж, доторложээ.

Хүмүүс ам сайтай байгаад бид баярладаг. Монголчууд маань заримдаа нэгэндээ итгэхгүй “Энэ чадахгүй дээ” гэсэн сонин хандлагатай байдаг нь ажиглагддаг.

-Үнэхээр манайхан нэгнийгээ дэмждэггүй, заримдаа бүр ажин түжин байдалтай харагддаг шүү. Бүтээж, хийдэг үйлдвэрлэгчид энэ талаар их ярьдаг. Яавал бид нэгнийгээ дэмжих вэ. Төр, засгийн бодлого энэ тал дээр ямар байдаг бол?

-Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Нэгнийгээ дэмжиж, хамтдаа өсөж, дэвжих нь чухал. Солонгост ажиллаж байхад минь ийм нэг явдал тохиолдсон юм. Долоон монгол залууг нэг солонгос хөгшин удирдаад ажилд явах замдаа барилгын хог хаягдал савладаг шуудай зардаг дэлгүүрт орлоо.

Нэг боодол нь 10.000 орчим төгрөгийн үнэтэй шуудай 20-ийг авсан юм. Тэгтэл нэг залуу маань “Дарга аа, та бидэнд орой будааны нэрмэл авч өгөөрэй. Би дэлгүүрээс нэг боодол шуудай илүү аччихсан” гэхэд солонгос настан нөгөөх дэлгүүр рүү шууд утасдаад “Манай монгол хүүхдүүд андуураад нэг боодлыг илүү авчээ. Дараагийн төлбөрөөс үнийг нь хасаад тооцоорой, уучлаарай” гэдэг юм.

Тэгээд “Нэг өдрийнх нь ашгийг ингээд хулгайлаад байвал энэ хүний бизнес яаж дэвжиж, хөл дээрээ босох юм бэ. Шударга байх ёстой” гэж билээ. Энэ үнэхээр сургамжтай шүү. Тэд нэгнийгээ тэгж л дэмжиж, ойлгож, хүндэлдэг. Гэтэл манайхны сэтгэхүй ямар байна вэ. Ерөөс сэтгэл, сэтгэхүйгээ өөрчилж, бусдыг хүндэлж, итгэж байж л хүн хөгжиж, урагшилна.

Та түрүүн бизнес эрхлэгчдийг төр, засаг хэрхэн дэмждэг вэ гэж асуулаа. Энэ тал дээр ер нь хэцүү дээ. Наад захын жишээ гэхэд, гаалийн жишиг үнээр татвар авдаг. Ханын цаас нэг боодлыг 10.000 төгрөгөөр зарна. Тэгтэл түүнийг оруулж ирэхэд гаалийн жишиг үнэ нь 11.000 төгрөг, үүн дээр татвар нэмэгдэнэ. Тиймээс л хүмүүс нөгөөх “гаальтай машин” гэдэг рүү хошуурч байгаа шүү дээ. Зөв зохицуулалттай байвал тэгж хүний нүд “хуурч”, айж ичиж явах шаардлагагүй биз дээ.

Тэгэхээр хууль, журмаа эргэж хармаар. Тэгээд ч хуулийг амьдралаас “тасарсан” томчууд, мэргэжлийн бус хүмүүс батлахаар иргэдэд яаж наалдах юм бэ. Уг нь бүр доороос нь эхэлж судлаад, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн санаа оноог тусгаад, мэргэжлийнхнээр хэлэлцүүлээд, баталбал хууль амьдралд нийцнэ.

-Дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг нь тодорхой хэмжээнд ажлын байр бий болгож байгаа хэрэг. Тийм л учраас монголчууд маань эх орныхоо үйлдвэрлэгчдийг, баялаг бүтээгчдийг дэмжих нь чухал. “Эйч Эм энд Бат” компани хэчнээн хүнд ажил олгож байна вэ?

-Хавтан болон хаалганы дулаалгын гэсэн хоёр үйлдвэртээ нийт тав, зургаан ажилчинтай. Энд нэг зүйл нэмээд хэлэхэд, манайх шиг цөөхөн ажилчинтай, жижиг үйлдвэр, цех, аж ахуйн нэгжүүд нийгмийн ачааллын тодорхой хэсгийг үүрч явдаг. Ганц хүнийг ч цалинжуулаад хийж бүтээдэг цех, тасаг олон бий. Тэднийг дэмжих төр, засгийн бодлого чухал байна.

-Та ямар мэргэжилтэй вэ. Яагаад ийм бүтээгдэхүүн хийх болов?

-Би барилгын инженер мэргэжил эзэмшсэн ч энэ чиглэлээр удаан ажиллаагүй. БНСУ-д нэг хэсэг ажиллаж, амьдрахдаа голдуу барилгын ажил хийдэг байлаа. Тэгж явахдаа дотоод заслын ажлуудыг сонирхож, Монголдоо ирээд эхлээд Хятадаас ханын цаас зэрэг бүтээгдэхүүн оруулж ирсэн.

Эхнэр маань уг нь үсчин. Гэхдээ Зуун айлын барилгын дэлгүүрт ханын цаас худалддаг болсон. Ингэж байгаад бид Хятадын нийслэл болон Шанхай хотод жил бүр интерьер, ханын гоёлын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулдгийг мэдээд, явсан юм. Тэндээс олон сайхан санаа олсон.

Монголчууд маань ихэвчлэн Эрээн хотоос бараагаа татдаг байсан нь зарим талаар учир дутагдалтай санагдаж, илүү чанартай, хийц загвар сайтайг нь тухайн үйлдвэрээс нийлүүлэх боломжийг мөн судалсан. Ингэж л анх энэ чиглэлээр тууштай явахаар шийдсэн дээ. Ер нь манайхан ханын гоёл заслыг гэр орноос гадна үйлчилгээний байгууллага, оффист өргөн хэрэглэдэг болжээ.

-Танай хавтангийн өнгө, үзэмж үнэхээр гоё юм билээ. Гэхдээ Монголдоо ийм сайхан бүтээгдэхүүн хийдгийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх шиг санагдсан. Муухайг ч сайхан “болгох” гол зүйл нь сурталчилгаа гэдэг. Энэ тал дээр танайхан хэрхэн ажилладаг вэ.

-Монголд ийм хавтан үйлдвэрлэдэг болсныг хэрэглэгчид өөр хоорондоо мэдээлэл солилцох замаар багагүй мэддэг болжээ. Үйлдвэрээ оруулж ирээд удаагүй байхдаа зуун айлын барилгын материалын худалдааны төвийн гадаа самбар байрлуулдаг байлаа. Дараа нь зар сурталчилгаагаа телевизээр хэдэнтээ цацаж үзсэн. Бидэн шиг жижиг үйлдвэрлэгчдэд арай л үнэтэй санагддаг.

Хэдхэн секунд, минутад хэдэн зуун мянга, сая төгрөг төлөхөөр хэцүү л дээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүмүүс манай үйлдвэрийг мэддэг болсныг захиалгын хэмжээ илтгэнэ. Захиалга бага багаар нэмэгдэж байгаа. Энд тэнд явж байхад манай бүтээгдэхүүнээр тохижуулсан байгааг хараад өөрийн эрхгүй баярладаг юм. Найз нөхөд маань ч утасдаад “Танай хавтангаар тэнд ийм юм хийжээ. Гоё харагдаж байна” гэхээр л бахархал төрдөг.

Бага гэлтгүй би бүтээж чадсан нь л чухал шүү дээ. Хаалгаар салхи сийгэхгүй болсон, баярлалаа гэхэд л хэчнээн их урам авдаг гээч.

-Таны сонгосон чиглэл Монголд шинэ тутамд хөгжиж байна. Ер нь танайхтай адил үйл ажиллагаа явуулдаг газар байна уу. 3D монгол хавтангийн өрсөлдөх чадвар хэр байгаа бол.

-Бидний хийдэг шиг бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр алга. Тэгэхээр одоогоор дотооддоо өрсөлдөгчгүй байна. Харин хүмүүс манай бүтээгдэхүүнийг импортынхоос ялгаж, салгаж ойлгож, дэмжээсэй гэж хүсэж байна. Сүүлийн үед монголчуудын маань худалдан авах чадвар эргээд сэргэж байгаа нь мэдрэгддэг.

Үүнээс үүдэн улсын маань эдийн засаг сэргэж байна гэж бэлгэшээж, баярлаж явдаг. Энэ бол зөвхөн миний бодол биш, дотооддоо үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн үг. Валютын савлагаа жаахан халгаатай байгаа болохоос уг нь монголчууд бид хямарч сүйд болох улс биш гэж боддог. Хямарлаа, хэцүүдлээ гэдгийг дээр суугаа хэдэн хүн л хүмүүсийн тархи, сэтгэлд “суулгаж, ухуулаад” байгаа юм.

Хямарсан монголчууд баар, цэнгээний газруудаар дүүрэн байх уу, такси хөлөглөх үү. Энэ мэт наад захын жишээ олон.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай