Өлдсөн мал, өвсгүй малчид

Зуншлага тааруу, ихэнх нутгаар ган болсон тул хадлангийн багагүй хувь нь “салхинд хийсэж”, аймаг, сумдын өвсний нөөцийг бүрдүүлэхэд хүндрэл учраад байна. Амьжиргаагаа залгуулдаг хэдэн малаа хүйтрэхээс өмнө борлуулах, эсвэл ирэх өвөл, хавар өвс тэжээлгүйн улмаас үхүүлж мэдэх хүндхэн сорилттой малчид нүүр тулах нь. Нөхцөл байдал иймдээ тулсан учир холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч буй бөгөөд эхний ээлжинд Засгийн газрын хуралдаанаар өвс экспортлохыг хориглосон билээ. Бэлтгэсэн болон цаашид базаах өвс, тэжээлийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, дотооддоо ашиглах үүднээс ийн шийдвэрлэсэн юм. Орон нутгийнхан ч дээр дооргүй бажгадаж, хаанаас хэдий хэмжээний өвс хадаж болох талаар нарийвчлан судалж байна. Бүр өмнөх жилүүдэд тоохгүй орхидог байсан булан тохойг хүртэл самнаж, бага ч болов өвс нөөцлөх гэж хичээж эхэлжээ. “Цаг хүндэрлээ гэхэд малын аманд хийчихээр юу байна, тэр бүгдийг, бүр адууныхаа хомоолыг ч түүж цуглуулж байгаа” гэж Төв аймгийн малчин Б.Баянбадрах хэлсэн юм.

Тус аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ч “Манай аймгийн газар нутгийн 90 орчим хувь нь гантай. Орон нутгаасаа хадлан бэлтгэх бололцоо хязгаарлагдсан. Тиймээс өөр аймгийн нутгаас багахан хэмжээний өвс хадаж авч буй” гэж онцоллоо.

Манай орны өвөл, хаврын бэлчээрийн даац сүүлийн 2-3 жилд дунджаар 60 гаруй хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн талаас илүү хувьд мал өвөлжиж, хаваржихад ямар нэгэн асуудал үүсэхээргүй, боломжийн. Харин үлдсэн хувьд мал сүргээ онд мэнд оруулахад хэцүү байв. Тэгвэл энэ жил уг тоо 25, 75 хувийн харьцаатай гарсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн тайлбарласан билээ. Тодруулбал, ган нүүрлэсний улмаас нийт нутгийн 75 хувьд мал өвөлжихөд хүндрэлтэй болсон гэсэн үг. Тиймээс малчдын дийлэнх нь отор нүүдэл хийх, нэмэлт тэжээл бэлтгэх, эсвэл малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг хүйтрэхээс өмнө авах шаардлагатай бөгөөд нэлээд чармайж байж л хэдэн малтайгаа үлдэх тооцоолол, зураглал байна. Ялангуяа Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговийн зарим сумын нутагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй.

Өвөл, хавартаа хэрхэн бэлтгэж буйг зарим аймгийнхнаас тодрууллаа. “Энэ жил нийт нутгийн 70 хувь нь гантай, үлдсэн хэсэг нь гандуу. Зуншлага сайн гээд хэлчихээр газар алга. Засгийн газрын шийдвэрээр аймгууд өвсний нөөц бүрдүүлдэг. Баянхонгор аймгийн тухайд нөөцийнхөө 66.8 хувь буюу 187 тонн өвс бэлтгэлээ. Бас сум бүр 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх даалгавартай. Бүх сумын мэдээллийг нэгтгэхэд шаардлагатай өвснийхөө 23.6 хувийг л одоогоор хангасан дүнтэй байна. Малчин айлууд бас малынхаа тооноос хамаарч, тус бүртээ өвс базаах учиртай. Уг ажил өдгөө дөнгөж 6.1 хувьтай. Аймгийн нутаг дэвсгэрээс энэ жил бэлтгэсэн хадлан болон өмнөх жилийн үлдэгдэл өвсийг нийлүүлэхэд ийм хэмжээнд хүрлээ. Цаашид хадаж авъя гэсэн ч өвс алга. Худалдаж авахаас өөр аргагүй нь. Өвөлжилтийн бэлтгэл нэг иймэрхүү, амаргүй л байна даа” гэж Баянхонгор аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга С.Батаа ярив.

...Жилд 1.2 сая тонн хадлан бэлтгэж байж улсын хэрэгцээг хангадаг. Салбарын яамныхны тооцоогоор энэ жил улсын хэмжээнд дээд тал нь 800.000 тонн хадлан бэлтгэх боломжтой гэсэн дүн гарчээ. Дутагдах 400.000 тонныг хаа нэгтэйгээс нөхөх нь маргаангүй тул яамныхан ОХУ-аас экспортлох хэлэлцээрт хүрч, баруун таван аймагт шаардлагатай өвсний нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хойд хөрш манай саналыг нааштай хүлээн авсан, бүр буцалтгүй тусламжаар олгож ч магад хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдэгдсэн...

Тус аймгийнхан өөрсдийн нөөц бололцоогоо шавхахын зэрэгцээ Сэлэнгэ аймгийн нутгаас өвс хадаж буй. Ирэх сарын 15-20-ны үед ажлаа дуусгах төлөвлөгөөтэй гэнэ. Хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд цаашид өвөлжих малынхаа тоог цөөлөх зөвлөмж малчдад өгч, түүнийх нь дагуу айлууд түрүүчээсээ адуу, үхэр, хонь, ямаагаа борлуулж эхэлжээ. Гэсэн ч мал төдийлөн үнэд хүрэхгүй байгаа учир малчид сэтгэл хангалуун бус, зөвлөмжийг нь нааштай хүлээж авахгүй байгаа гэнэ.

Баян-Өлгийнхөн өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж буйг тодруулахад “11 сумынх нь бэлчээрийн даац хэтэрчихсэн тул шуурхай арга хэмжээ авах үүднээс өнгөрсөн сарын 1-нээс хадлангаа бэлдэж эхэлсэн” гэв. Бэлтгэл ажил одоогоор 73 хувьтай, малчид 45.700 тонн өвс хадаж авчээ. Аймгийн хэмжээнд энэ жил 63.000 тонн өвсний нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн юм байна. Алтай, Булган, Цэнгэл сумынхан төлөвлөгөөт ажлын 90-ээс дээш хувийг нугалсан, Алтанцөгц, Баяннуур, Сагсай, Толбо суманд ажил 70-80, Буянт, Ногооннуур суманд 54-56 хувьтай байгаа аж. Бугат сумын хадлан бэлтгэл хамгийн удаашралтай буюу 33.8 хувийн гүйцэтгэлтэй. Бэлчээрийн ургац тааруу байгаа нь үүнд нөлөөлжээ. Энэ сард багтаан хадлангаа бүрэн бэлтгэж дуусгах бололцоотой гэж аймгийн ХХААГ-ынхан мэдээлэв.

Жилд 1.2 сая тонн хадлан бэлтгэж байж улсын хэрэгцээг хангадаг. Салбарын яамныхны тооцоогоор энэ жил улсын хэмжээнд дээд тал нь 800.000 тонн хадлан бэлтгэх боломжтой гэсэн дүн гарчээ. Дутагдах 400.000 тонныг хаа нэгтэйгээс нөхөх нь маргаангүй тул яамныхан ОХУ-аас экспортлох хэлэлцээрт хүрч, баруун таван аймагт шаардлагатай өвсний нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хойд хөрш манай саналыг нааштай хүлээн авсан, бүр буцалтгүй тусламжаар олгож ч магад хэмээн

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдэгдсэн. Харамсалтай нь, манайхан өвсөө хэрхэн авчрахаа мэдэхгүй гацчихаад буй сурагтай. Гадаадад өвс гаргаж байснаас биш, экспортолсон туршлага манайд төдийлөн үгүй тул хэрхэн тээвэрлэхээ мэдэхгүй, хэцүүхэн байдалтай суугаа юм байх.

Тэгвэл төвийн бүсийн аймгуудад дутагдах өвс, тэжээлийг Дорнодоос нөхөх төлөвлөгөөг салбарын яамныхан гаргасан. Одоогоор Дорнодын газар нутгаас хэдэн аймаг хэчнээн тонн хадлан бэлтгээд буйг тус аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Алимаагаас лавлалаа. Тэрбээр “Аймгийн малчид 61.500 тонн хадлан бэлтгэх ёстой. Өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар ажлын явц 30.2 хувьтай. Хадлангийн 134 салаа 94.000 га талбайд ажиллаж байна. Бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах төдийгүй, бусад аймагт нийлүүлэх тооцоотой. Одоогоор манай таван сумын газар нутгийн 27.800 га талбайд 10 аймаг, нийслэлийн 49 иргэн, аж ахуйн нэгж ирээд, өвс бэлтгэж байгаа” хэмээв.

Байгаль цаг уурын тааварлашгүй нөхцөл байдлаас үүдээд өвсний хомсдол үнэ нэмэгдэхэд ч нөлөөлжээ. Өнгөрсөн жил нэг боодол нь 5000-7000 төгрөг байсан бол энэ жил 10.000 төгрөг шүргэж байна. Шалтгаан нь хур тунадас оройтож орсонтой холбоотой аж. Ургаад удаагүй нялх ногоог хадахад нарийн ажиллагаатай тоног төхөөрөмж шаардлагатай тул зардал нэмэгдэж, өвсний өртөгт шингэжээ. Ялангуяа хадлан бага авсан аймгуудад цаашид ч үнэ ханш нь өсөж болзошгүйг малчид хэллээ. Говь-Алтай аймагт гэхэд боодол өвс хамгийн хямддаа 7500 төгрөгийн үнэтэй. “Өвс экспортлох асуудлаа эртхэн шийдэж, өртгийг нь хямдруулах шаардлагатай. Амьжиргаа тааруу малчид дийлэхгүй байна шүү дээ” гэж тус аймгийн Хөхморьт сумын малчин Э.Эрдэнэ ярьсан.

Ирэх өвөл нэлээд хүйтрэх төлөв гарсан. Зуншлага тааруу, малын хамар хатгах өвс бага тул өвөл хүйтрэхгүй байсан ч мал олноор хорогдох аюул нүүрлэж болзошгүйг салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа. Ийм хүндрэл бэрхшээлийн дунд малчид өвөл, хаврыг угтахаар болоод байна. Салбарын яамнаас малчдад өвс өгч, малынх нь махыг худалдан авч, дотоод, гадаад зах зээлд борлуулах зэрэг олон арга хэмжээ авахаа мэдээлсэн. Уг ажлаа хурдан шийдвэрлэж эхлүүлэхгүй бол нэг л мэдэхэд цас унаж, өвөл айлчилна. Нөгөө талаас иргэд төр, засгаас харж үзнэ гэж найдаад суулгүй малынхаа тоог зохистой хэмжээнд барихад анхаарах шаардлага зайлшгүй тулгарсныг албаныхан онцолж буй юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай