Монголын дуурийн ханхүүгийн 700 гаруй бүтээлээс сорчилж тоглоно

Бидний дунд домог болон амьдарч буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын 90 насны ой энэ сарын 21-нд тохионо. Үе үеийн шавь нар нь түүнд хүндэтгэл үзүүлж “Монголын дуурийн ханхүү” тоглолт зохион байгуулах юм. Тэрбээр сонгодог болон үндэсний дуурийн 30-аад дүр бүтээж, урын сандаа 700 гаруй бүтээлтэй болжээ. Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж буй, хүндэтгэлийн тоглолтод эдгээр бүтээлээс нь сорчлох аж. Төрсөн өдрийн эзэн отгон шавийн хамт хамгийн дуртай дуугаа дуулж үзэгчдэд бэлэг барих гэнэ. Цагаан “Кадиллак” хөлөглөн УДБЭТ-т ирэх түүнийг шавь нар нь тосон авснаар тоглолт эхэлнэ. БСШУСЯ, УДБЭТ, СУИС-ийнхан багшийнхаа амьдрал уран бүтээлийг харуулсан үзэсгэлэнг дэлгэж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Энэ үеэр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболд нар илтгэл тавих юм.

Г.Хайдав 1948-1954 онд П.И.Чайковскийн нэрэмжит хөгж-мийн дээд сургуульд дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр Оросын алдарт дуучин С.Я.Лемешевийн удирдлага доор суралцан төгсчээ.

“Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрийг чадварлаг бүтээж “Орос Хайдав” нэртэй болсон тэрбээр дараахан нь Монголын анхны дуурь “Шивээ хиагт”-ын Онолтын дүрийг үзсэн хүн уйлтал дуулж, “Монгол Хайдав” болсон түүхтэй. Тиймээс Монголын дуурийн хөгжлийг Г.Хайдавгүйгээр, түүнийг дуурьгүйгээр төсөөлөх аргагүй. Залуу дуучин Х.Уртнасанг анхны багшаас нь хадаг барин гуйж аваад Төрийн шагналт дуучин болгосон. Бас Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Ч.Мөнхшүр, А.Энхтайван, Гавьяат жүжигчин Д.Баадайжав, Ж.Гантөмөр, Г.Эрдэнэбат, У.Далантай, С.Жавхлан нарыг “төрүүлсэн” Г.Хайдав Монголын анхны мэргэжлийн дуучин төдийгүй эх орондоо дуурийн урлагийн шан татсан гавьяатай хүн. Түүний ачаар П.Ганбат агсан, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Б.Батжаргал нарын

дуучин дэлхийн сонорыг мялааж яваа гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймдээ ч Г.Хайдав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цол хүртсэн. Бас ОХУ түүний авьяас, ур чадварыг хүлээн зөвшөөрч Найрамдлын болон Лениний одонгоор тус тус шагнажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай