О.Энхбаатар: Сагсан бөмбөг Монголд хөгжихгүй гэдэг ойлголтыг эвдэж чадлаа

БНХАУ-ын Сияминь хотноо есдүгээр сарын 14-17-нд зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг тэргүүн байр эзэлж  өнөөдөр эх орондоо эргэн ирлээ.

Тус багийн дасгалжуулагч С.Тулга:

Тив тивийн шилдгүүдээс бүрдсэн 32 баг тамирчнаас Монголын баг шилдэг нь байж чадлаа. Манай сагсан бөмбөгчид аваргын төрлөөр тоглолтод Сербийн багийг 21:15-аар хожлоо. Энэ нь 2015 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаа ахиулсан түүхэн амжилт юм. Монголын тамирчид багийн спортын төрлөөр анх удаа дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлснээрээ онцгой байж чадлаа. Долоо хоногийн дараа Мексик улсад зохиогдох тэмцээнд энэ багаараа явна. Мөн 2018 оны дэлхийн аваргын эрхээ авахаар хөөцөлдөж байгаа. Авах ч боломжтой гэж харж байна.

Ц.Отгонжаргалын ээж Б.Оюун: Миний бага хүү Отгонжаргал нь тус багийн довтлогч юм. Одоо бол эрх гэгддэг ээжийн бага хүү байхаа болиод улсынхаа нэрийг өргөсөн том хүү болжээ. Хүү минь ШУТИС-д орсон цагаасаа сагсаар амжилт үзүүлж эхэлсэн. Хүүг минь дэмжиж тусалсан баг хамт олных нь зам мөр дардан байх болтугай. 

Б.Наранбаатарын найз  Б.Ууганхүү: Найз минь дуртай спортоороо амжилт гарган монгол залуусын үлгэр дууриалал болж байгаад  маш их баяртай байна. Тэрээр Хөвсгөл аймагт төрсөн. Улаанбаатар их сургуулийн төгсөгч. Дараа долоо хоногт болох Мексикийн тэмцээндээ амжилттай оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Багийн тамирчин О.Энхбаатар: Багийн спорт Монголд хөгжихгүй гэдэг бол худлаа. Энэ ойлголтыг эвдэж чадсандаа баяртай байна. Тогтсон ойлголтоосоо болоод бусад төрөлтэй харьцуулахад сагсан бөмбөгийг дэмжих нь бага байдаг. Гэтэл энэ бол маш гайхалтай спорт шүү дээ. Бид тоглолтын эхний өдөр зоондоо маш муу тоглосон. Гэсэн ч тэр  даруйдаа алдаагаа хэлэлцэж, юун дээр алдаад байгаагаа ойлгон, дараагийн тоглолтод нэг хүн шиг тоглож чадсан. Монголын залуус сагсан бөмбөг тоглож чаддаг юм гэдгийг харуулж чадлаа. Энэ завшааныг ашиглан гарааг минь чиглүүлсэн МУИС-ийн  н.Эрдэнэпүрэв багшдаа маш их баярлалаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай