Б.Түвшинбат: Залгамж үеэс минь олимп, дэлхийн хэмжээний тамирчин төрвөл зодог тайлна

Азийн АШТ-ий мөнгө, гурван хүрэл медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Түвшинбаттай ярилцлаа. Үеийнхэн нь аль хэдийнэ зодог тайлж, дасгалжуулагч болон, цөөнгүй нь өөр салбарт хүчин зүтгэж яваа ч тэрбээр үе үеийн боксчдынхоо амжилтыг буухилахын зэрэгцээ голомтоо сахин, залуу тамирчдад туршлагагаасаа хуваалцаж, үлгэрлэн, үнэнч зүтгэсээр байна.

Боксын спортоор 19 жил хичээллэж буй өдгөө 30 настай Б.Түвшинбат саяхан болсон ДАШТ-д хүрэл медалийн төлөөх тоглолтод Германы тамирчин А.Барауд дийлдэн, V байрт шалгарсан юм.

-Германд болсон энэ жилийн ДАШТ-ий талаар ярилцлагаа эхэлье. Дэлхийн дэвжээнд тав дахь удаагаа хүч сорин, медалийн оосроос атгаад алдсан алдаагаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ тэмцээн хоёр жил тутамд нэг удаа болдог, Азийн АШТ-д жин тус бүрийн эхний зургадугаар байрт шалгарч эрх авсан тамирчид оролцдогоороо онцлогтой, тэр хэрээрээ хариуцлагатай. Би энэ жил тивийнхээ аваргаас хүрэл медаль хүртэн, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх өвөртөлсөн. Орон бүр шилдгүүдээ сойдог, болохоор ДАШТ-д сул өрсөлдөгч гэж байхгүй.

Эхний тойргуудад Европын аварга, Польшийн К.Домианыг 5:0, ДАШТ-ий хүрэл медальт, Азербайжаны Б.Павризыг 4:1-ээр ялж, медалийн төлөө өрсөлдөх болзол хангасан. Харамсалтай нь хүрэл медалийн төлөөх тоглолтод эзэн орны тамирчин А.Барауд дийлдлээ. Хамаг хүчээ шавхан, бүхий л боломжоо ашиглан тоглоод дийлдсэн болохоор харамсахгүй байна. Бид хоёр өмнө нь хоёр удаа учраа таарахад би 2015 онд “Химийн цом”-ын тэмцээнд ялан, түрүүлсэн. Тэр надаас найман насаар дүү. Хайна хагалах, дэлхийн медальтан болохын төлөө хоёулаа зүтгэлээ.

Ялахын төлөө гурван үе, есөн минутын турш хамаг хүчээ шавхсан. А.Барау энэ жил Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, өнгөтэй байгаа. Герман улсын боксчдоос медаль авах сүүлчийн найдвар болон тэр ганцаараа үлдээд байсан. Ард түмнийхээ итгэлийг алдсангүй ээ, А.Барау. Энэ жил дэлхийн дэвжээнд бид дөрвүүлээ өрсөлдөн, бүгдээрээ медалийн төлөө тоглосон нь яах аргагүй бахдам амжилт. Түүгээ ч үл барам Оки (Д.Отгондалай) дэлхийн медальтан болж, зорьсондоо хүрлээ.

-Ямар ч тэмцээнд эзэн орны давуу тал гэж айхавтар “хүч” бий. А.Барауг Германы дэвжээ ивээсэн үү?

-Ёстой тийм юм болоогүй. Эзэн орны дэвжээ ивээлээ, шүүлтэд булхай орсон гэж хардахгүй байна. Би герман, япон хүнийг шударга гэж боддог. Бэлтгэлээ улам чамбайруулж, хичээх хэрэгтэйгээ ухаарлаа. ДАШТ-д тав дахиа оролцон, анх удаагаа медалийн төлөө тоглосон ч боломжоо ашиглаж чадаагүйдээ харамсаж байна. Би тэмцээний дараа Герман улсад амь дардаг нэг залуутай уулзсан юм. Тэр залуу А.Бараутай дотнын найз юм билээ. Бид хоёрын тоглолтын талаар герман боксчноос асуухад нь “Өдий хүртэл ийм эн тэнцүү, хүнд тоглолт цөөн удаа хийсэн. Надад бус Түвшинбатад ялалт өгсөн бол би лав харамсахгүй байсан” гэж хариулсан гэнэ лээ.

...Надаас гадна гурван боксчинд 10.500 ам.долларын цалин амлаж, тамирчнаа болгох санал тавьсан юм. Тэр тухай уг нь нэг их олон хүн мэддэггүй юм шүү дээ. Яг тийм үед эх орондоо хайртайгаа, монгол хүн болж төрсөндөө омогшиж явдгаа бүр их мэдэрдэг юм билээ. Дөрвүүлээ яах вэ, ийх үү гэж хоорондоо яриа ч үгүй, шууд татгалзчихсан...

Илт ялчихаад хожлоо луйварлуулах шиг харамсалтай, эвлэрэхэд хэцүү зүйл үгүй. 2015 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Хятадын тамирчныг гурван үеийн турш илүүрхэн тоглочихоод дийлдсэндээ харамсаж явдаг. Арай хэтэрхий шүүсэн шүү. Өнөөх тамирчин хүрэл медаль хүртэн, олимпын эрх өвөртөлсөн. Энэ удаагийнх тийм бус, хэнд нь ч ялалт өгөхөд гомдохооргүй, эн тэнцүү тулаан боллоо.

Би Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд боксын дасгалжуулагчаар ажилладаг. Намайг үргэлж дэмждэг ЦЕГ, Монголын боксын холбоо, Биеийн тамир, спортын газрын хамт олон, гэр бүлийнхэн, боксын спортод хайртай монгол түмэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Олимпын аварга Э.Бадар-Ууганыг багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор аав нь хүмүүжүүлэхийн тулд боксоор хичээллүүлсэн гэдэг. Харин Та энэ спорттой амьдралаа хэрхэн холбож байв?

-Минийх ч бас бараг тийм дээ. Бага насны хүүхэд аль үймүүлж, бужигнуулахыг тэр гэх вэ. Том хүмүүс онгироогоод хүүхэдтэй зодолдуулвал буцна гэж үгүй. Ямар сайндаа цэцэрлэгт ороод л атаман болчихдог байгаа. Атаман болвол л гоё, бусдад лаг харагддаг гэж боддог байсан юм уу даа. Ерөнхий боловсролын сургуульд орсныхоо дараа ч нөгөө зангаа тавиагүй ээ.

Хэдийгээр буруу юм хийхгүй ч их хөдөлгөөнтэй, дэггүйн балгаар аав, ээжийнхээ чихийг халууцуулж мэдэхээр байсан юм байлгүй. Аав нэг өдөр спортоор хичээллэхийг зөвлөснийх нь дагуу 1998 оны арваннэгдүгээр сард “Алтан бээлий” клубийн М.Мөнхжаргал багшийн шавь болсон. Дараа жил нь Д.Банди багшийн нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан.

Багш маань 2007 онд бурхан болсноос нь хойш үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын удирдлагад бэлтгэлээ базаан, амжилтын төлөө зүтгэж байна.

-Нударга зөрүүлэхээс буцдаггүй байсан хүүг боксын спорт хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

-Спорт надад амжилтаас гадна асар их зүйл өгсөн. Хэр баргийн зүйлд шантрахгүй, хүнээс үг сонсож сурсан гээд дурдаад байвал бишгүй. Боксчдыг “За чи боксоор хичээллэдэг, мундаг гэнэ лээ. Чадалтайг чинь харъя” гэж өдөх хүн олон. Намайг ч бас тэгж шар малтдаг л байлаа. Хэн ч, яаж ч өдсөн юу ч болоогүй юм шиг өнгөрөөх тэвчээрийг би боксоос л сурсан.

Үнэхээр бяр амтагдаад байвал бусдад бус дэвжээн дээр л гаргах хэрэгтэй. Хэчнээн сайн тамирчин байлаа ч жирийн хүнд онгирч, аархаад байвал олны хүндлэлийг хүлээж, өндөр амжилт гаргаж чадахгүй.

-Зах зээлийн ороо бусгаа үед түр тараад байсан боксын шигшээ багийг 2005 онд шинээр бүрдүүлэхэд та багтсан. Тухайн үед тантай хамт улсын шигшээ багийн боксчин болсон тамирчдаас одоо танаас өөр бий юү?

-Би л галаа манаж үлдэж дээ (инээв). Тэр жил надтай хамт Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, залуучуудын ДАШТ-ий медальт Монголын цорын ганц боксчин Энхзориг, ОУХМ Чулуунтөмөр, Отгонбаяр нар багтаж байлаа.

-Үеийнх нь боксчид олимп, дэлхийн мадальтан болж, танаас бүр сүүлд гарч ирсэн тамирчид өндөр амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаад байхаар юу бодогдох юм бэ?

-Мэдээж 19 жилийн хөдөлмөр гэж бодохоор чамлалттай санагдалгүй яах вэ. Амьдрал ямар санаснаар болох биш дээ. Яах вэ, миний л хувь тавилан ийм юм байлгүй. Цаашид намайг олон тэмцээн хүлээж байна. Дутуугаа гүйцээн, дундуураа дүүргэх ч юм бил үү. Бэлтгэлээ л уйгагүй хийн, хоёргүй сэтгэлээр зүтгээд байхад алсдаа болох байлгүй.

-Гавьяат дасгалжуулагч, олимпын зэрэгтэй шүүгч Нандигжав саяхан Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 боксчинг шалгаруулсан. Та хэдэд бичигдсэн билээ?

-Наймдугаарт бичигдсэн байна лээ. Эхний аравт ОУХМ цолтой ганцхан боксчин багтсан нь, би. Олимп, дэлхийн медальтай, Гавьяат цолтнуудын дунд ганцаархнаа шалгараад мундаг байна гээд ээж магтсан. Гоё юм билээ, их урам авсан. Олон улс, олимп, дэлхийн дэвжээнд үзүүлсэн амжилтыг нь гол шалгуураа болгосон юм билээ. Тэр шалгаруулалтыг олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ гавьяат тэргүүлсэн.

-Хоёр жилийн өмнө Катар улсаас танд санал ирсэн ч эх орондоо үнэнч үлдсэн гэж сонссон. Үнэн үү?

-Үнээн. Надаас гадна гурван боксчинд 10.500 ам.долларын цалин амлаж, тамирчнаа болгох санал тавьсан юм. Тэр тухай уг нь нэг их олон хүн мэддэггүй юм шүү дээ. Яг тийм үед эх орондоо хайртайгаа, монгол хүн болж төрсөндөө омогшиж явдгаа бүр их мэдэрдэг юм билээ.

Дөрвүүлээ яах вэ, ийх үү гэж хоорондоо яриа ч үгүй, шууд татгалзчихсан. Катарууд Энэтхэг улсын хоёр номерын тамирчдад санал тавьж, өөрийн болгосон байна лээ. Тэр саналыг хүлээж авалгүй, үнэнч үлдсэндээ одоо ч баярлаж явдаг. Үр хүүхэд маань надаар бахархах байх аа.

-Хэдийгээр манай тамирчид олимп, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргаж байгаа ч дотоодын өрсөлдөөн сулраад байх шиг санагдаг. 2017 оны УАШТ-д л гэхэд Таны жинд 11-хэн тамирчин оролцсон.

Энэ нь та бүхний амжилтад хэр нөлөөлж байна вэ?

-Би ч бас үүнд санаа зовж явдаг. Хүнд жинд бүр цөөхөн тамирчин бэлтгэл хийдэг, тэмцээнд хүч сорьдог шүү дээ. Боксын спортоор хичээллэж буй залуус уйгагүй хөдөлмөрлөж, амжилтын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээсэй л гэж хүсдэг.

-“Одоо больё. Хувийн амьдралдаа анхаарья, эсвэл өөр салбарт хүч үзье” гээд шантрах, эргэлзэх үе тохиолдох юм уу?

-Өө, зөндөө шүү дээ. Бокс ямар хүнд, бэлтгэл нь хэчнээн ачаалалтай билээ. Би одоогоор олимпод хоёр, ДАШТ-д таван удаа оролцоод байна. Өнөөгийн боксчдоос хамгийн ахмад нь. Зодог тайлъя гэх бодол үе үе төрдгийг нуугаад яах вэ. Гэхдээ залуу тамирчдад юу чаддаг, мэддэгээ өвлүүлж амжаагүй байхдаа гэв гэнэт тийм шийдвэр гаргавал надад харамсалтай.

Залгамж үеэс минь олимп, дэлхийгээс медаль хүртэх хэмжээний тамирчин төрвөл зодог тайлна. Би боксын үндэсний шигшээ багийн ахлагчаар 2013 оноос хойш ажиллаж байна. Багш, тамирчны гүүр болдог чухал алба.

-Өдгөө 30 настай таныг сүүлийн долоон жил УАШТ-д дийлэхгүй байна гэхээр өнөөгийн залуу боксчдын ур чадвар, хэр хэмжээг хэлээд өгөх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монгол хүнийг басаж болохгүй. Дахиад хэдэн жил уйгагүй хөдөлмөрлөчихвөл өндөр амжилт гаргах хэмжээний залгамж халаа, ундарга манайд олон бий.

-2019 оны ДАШТ, 2020 оны Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө зүтгэх итгэл, нөөц танд бий юү?

-Нөөц хангалттай бий. Би чансаагаараа дэлхийд найм, Азид гуравдугаар бичигдэж байна. Ямар ч тэмцээнд, хэнд ч хүчтэй өрсөлдөгч нь байж чадаж байгаа. Одоогоор олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө дахин зүтгэнэ гээд итгэлтэй хэлж хараахан чадахгүй нь. Ирэх жил УАШТ-д хэр өрсөлдөх нь вэ, бэлтгэл, өнгө хэр байхаас л бүх зүйл шалтгаална.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай