Хуучирсан трансформатор ачааллаа даалгүй шатав

Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 67.3, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 60 гаруй хувийг дангаар хангадаг “ДЦС-IV”-т өчигдөр гал гарлаа. Их үдийн алдад хотын баруун хэсэгт хар утаа суунаглаж, дуут дохио хангинуулсан гал унтраах машинууд тэр зүгт хурдалсан юм.

НОБГ-ынхан “12.20 цагийн үед “ДЦС-IV”-ийн хашаан дотор байдаг дэд өртөөнд гал гарсан тухай дуудлага ирсэн. Үүний дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гал унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн зургаан тасгийн 80 гал сөнөөгч шуурхай ажиллаж, 12.52 цагт галын тархалтыг зогсоосон. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй” гэж мэдээлсэн юм.

Тус станцын ажилтан “Тоног төхөөрөмжийн насжилттай холбоотойгоор гал гарсан бололтой. Трансформаторт ачаалал өгөхөд түүнийг дийлэхгүй гал гарсан гэсэн. Энд хүний буруутай үйл ажиллагаа байгаагүй” гэв.

“ДЦС-IV”-ийн ерөнхий инженер Б.Дашдаваа галын шалтгаан нөхцөлийн талаар “ТГ-III станцаас цахилгаан дамжуулах зориулалттай 3 ТИ трансформаторт гал гарсан. Энэ трансформаторыг наймдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 20 хүртэл засаж байгаа. Үүнээс шалтгаалж станц доголдсон зүйл байхгүй, хэвийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй.

Уг трансформаторыг 1984 онд үйлдвэрлэсэн, 34 дэх жилдээ ажиллаж байгаа. Үүнийг шинээр авч суурилуулах байх. Гал хүчтэй тархаж, дэлгэрсэн бол өөр тоноглолд нөлөөлж болзошгүй байсан. Манай станцын ажилчид болон гал сөнөөгчид шуурхай ажиллаж, 30 минутын дотор унтраалаа” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай