МАН-д юу болж байна вэ

МАН-д юу болж байна вэ

Олдвол өлдөхийн зовлонг МАН амсаж байна. Улс төрийн нам сонгуульд ялах, ялангуяа үнэм­лэхүй ялалт байгуулах сайхан ч эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй эрх мэ­дэл хуваарилна гэдэг амаргүй бөгөөд боломжгүй даваа санж. Их ялалтын да­раах эрх мэдлийн хуваарилалтаас нэг хэсэг нь сэтгэл хангалуун, нөгөө хэсэг нь гонсгор үлдсэнээс хожмын хагарлын үүд нээгддэгийг бид олон удаа харлаа. Хамгийн сүүлийн жишээ нь МАН. УИХ-ын 76 суудлын 65, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ийг нь авсан тус намын­хан яаж мундраа хутгаж байгааг хар даа. УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачилга гаргаж, саналаа өгөөд Засгийн газраа огцруулчихлаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь ч Засаг даргаа огцруу­лахаар гарын үсэг цуглуулж, дотроо 2-3 хуваагдчихаад хурлаа хийж чадахгүй сууна. МАН-ын гишүүд үүнийгээ шинэч­лэлийн төлөөх тэмцэл хэмээн тайлбар­лаж буй хэдий ч энэ бол зүгээр л албан тушаалын төлөөх дайн гэдэг нь өдөр ирэх тусам тодорхой болсоор.

МАН доторх үймээн самуун, түүний гол дүрүүдийн ирээдүй хэрхэх талаар одоо барин тавин хэлэх боломжгүй, яриа тохироо ид дундаа явж байна. Хэдий тийм ч гишүүдийнх нь дунд яриа таамаг төдийгөөр ам дамжиж буй мэдээллийг багцаллаа. Энэ нь эцсийн хувилбар биш, МАН-ынхан бага хурлаасаа өмнө асууд­лаа тодорхой болгохоор орондоо орох завгүй орчилдож, яриа тохироог баруун солгойгүй хийж байгааг дахин сануулъя

ЕРӨНХИЙ САЙД НЬ НАМЫН ДАРГА БОЛНО

Нэг жилийн өмнө эмхэлсэн Зас­гийн газраа өөрсдийн гараар нураа­сан тэдний өмнө дараагийн Засгийн газраа байгуулах нажидтай үүрэг ту­лаад буй. Засгийн газраа огцруулна, үгүй хэмээн хоёр хуваагдаж, тэр чигээрээ “хориглолтод ороод” буй МАН-ынхан Засгийн газраа байгуу­лахгүй байж болохгүй, байгуулъя гэ­хээр эв гавандаа орохгүй хэцүүхэн нөхцөлд байгаа. Дараагийн Засгийн газраа нэг сарын дотор байгуулах учиртай бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн. УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 2-нд эхэлж, Засгийн газар байгуулах хуулийн хугацаа үүнээс дөрвөн өдрийн дараа дуусгавар болно. Хуулийн хугацаанд Засгийн газ­раа байгууллаа гэхэд удахгүй болох их хурлаар намын дарга солигдвол, намын шинэ дарга нь Ерөнхий сай­дын албаа авна гэвэл яах вэ гэдэг асуудал босоод буй. Ингэвэл Засгийн газар дахин огцрох хэрэг гарна гэсэн болгоомжлол ч бий. Харин МАН-ын гишүүд намын дарга болох хамгийн тохиромжтой хүнийг Ерөнхий сайд болгоё хэмээн ярилцаж буй аж. Өөрөөр хэлбэл, одоо Ерөнхий сайдаар томилогдсон хүнийг их хурлаар на­мын дарга болгоно гэсэн үг. Тэр хүн нь хэн бэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй. Н.Энхболд, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, С.Бям­бацогт, Ж.Энхбаяр гээд олон хүний нэр дараагийн Ерөнхий сайдад сон­согдож, намын гишүүд хийгээд олон нийтийн хандлагыг түншиж байна.

ЗАСАЖ, СЭЛБЭСЭН ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газраа байгуулахын тулд Ерөнхий сайдаа томилох ёстой. Үүнээс ч илүү тулгамдсан асуудал нь Засгийн газар байгуулах үед олонх болох хэмжээний саналын товчлуур цуглуулах хэрэгтэй. Ингэхийн тулд УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ойл­голцож, нэг байр суурьт хүрэх, эсвэл АН-ынхныг түшиглэх гэсэн гаргалгаа бий. УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулчихаад сөрөг хүчинтэй нийлж Засгийн газар байгуулах хэм­жээнд хүртлээ жижгэрэхгүй байхыг МАН-ын гишүүд чухалчилж буй. Тий­мээс өмнөх Засгийн газраас зарим сайдыг нь авч, “босогч”-доос талыг нь оруулсан “холимог” Засгийн газар бүрдүүлэх хувилбар нэлээд яригдаж байгаа аж. Тухайлбал, Гадаад харил­цааны сайд Ц.Мөнх-Оргил, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар гэх мэтийн гайгүй имижтэй цөөн сайдыг үлдээж, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Ц.Ням­дорж тэргүүтнийг нэмэн Засгийн газраа бүрдүүлэх санал яригдаж буй сурагтай. Харин Засгийн газрыг огц­руулсан 33 “хусмаа чамлаж” буй тул тодорхой тохиролцоонд хараахан хү­рээгүй байна.

ДАЛАВЧГҮЙ НИСЭЖ, ШҮХЭРГҮЙ ГАЗАРДСАН У.ХҮРЭЛСҮХ

Засгийн газар огцруулах асууд­лыг хэлэлцэх үеэр хуралдсан Тусгай хяналтын дэд хорооны хурлаар юу яригдсан нь өнөө хэр тодорхойгүй, нууцын зэрэглэлтэй материал үз­сэн гэснээс өөр мэдээлэлгүй байгаа. Тэгвэл тус хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуулиар намын­хаа эсрэг, АН-ын талд ажилласныг хөдөлшгүйгээр баталсан баримт үзүүлсэн гэж эх сурвалж хэлэв. Ин­гэснээр У.Хүрэлсүхийн амбийц нам дарагдаж, намын дарга болох бүү хэл намын гишүүнээрээ үлдэх, эсэ­хээ удахгүй болох намын бага, их хурлаараа шийдүүлэх болоод байгаа гэнэ. Түүнтэй хамт Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалан, Сү.Батболд нарын нэр урвагчдын эгнээнд бичигдсэн аж.

М.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААР ҮЛДЭЭХ ҮҮ

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсоноор нь шалтаглан М.Энх­болдыг унагах ажиллагаа дан ганц МАН-ын гишүүдийн хийсэн ажил биш гэдэг нь үндсэндээ тодорхой болоод буй. Үүнд өнөөгийн Ерөн­хийлөгчийн нэр холбогдож буй нь ч тодорхой болсон. Монголын улс төрийг сүүлийн жилүүдэд хүссэн­ээрээ хөдөлгөж ирсэн, улс оронд өрнөсөн бүх томоохон үйл явдлын төлөвлөгөөг нийлж суугаад боловс­руулдаг хэмээн М.Энхболд, Ц.Эл­бэгдорж, Т.Бадамжунай нарыг нэр­лэж, тэднийг улс төрөөс арчихаар нэлээд эртнээс, нарийн зохион бай­гуулалттай хэрэгжүүлсэн ажлын эх­лэл энэ гэх. Хэрэв эднийг улс төрийн тавцангаас арчихаар нэг мөсөн шийд­сэн бол М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас унагахаас нааш зогсохгүй.

Гэтэл М.Энхболдыг хазайсан дээр нь түлхээд яах вэ гэх хэсэг намд нь бий. УИХ-ын гишүүн М.Билэгтийн нэ­гэн ярилцлагадаа дурдсанчлан “2012 онд МАН бүх шатандаа ялагдаж, МАН-ын гэсэн хүн бүр гудамжинд лааз өшиглөсөн, УИХ-д сонгогдсон хэ­дэн гишүүн нь бүлэггүй, цахилгааны мөнгөө төлж чадахгүйгээс намын байр нь гэрэлгүй, Тусгаар тогтнолын ордноор орж, гардаг ч хүнгүй, тэр ч бүү хэл намын бага хуралд ирдэг хүн цөөн” байсан үед М.Энхболд намын дарга болсон. Уналтад орсон намаа 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авахуулсан гавьяаг түүнээс салгах аргагүй. Тиймээс түүнийг нэгмөсөн түлхэхээс түдгэлзэж, намын даргын албыг нь авлаа ч УИХ-ын даргын суу­далд нь үлдээх боломж УИХ-д 65 ги­шүүнтэй намд бий билээ.

Ц.НЯМДОРЖИЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ҮҮ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, байр сууриа хам­гийн хурцаар илэрхийлэн, саналаа өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газ­рыг огцруулахад идэвхийлэн оролц­сон. Түүнийг Засгийн газраа унагах бичигт зүгээр нэг гарын үсэг зурчих­ сан гэдэгт итгэх аргагүй. Ямар нэг тохироо хийсэн учраас л “урвагч”-дыг дэмжсэн хэмээн хардах үндэслэлтэй. Түүний нэр Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн дунд бий. Гэхдээ түүн шиг хэдэр ёдор зантай, хэцүү араншинтай хүн Засгийн газрын тэргүүнд тохирохгүй гэж үзэх хүн олон. Тэр тусмаа Ерөнхий сайд болсон хүн намын даргаар сонгогдоно гэж буй энэ үед түүнийг намынхан нь дэмжихгүй байх магадлалтай. 

Ц.Нямдорж өөрөө ч Засгийн газ­рын тэргүүний бус, УИХ-ын даргын суудалд тэмүүлж буй. УИХ-ын дар­гаар дахиад нэг удаа ажиллаж, шинэ цагийн Монголын эрх зүйн шинэч­лэлийг хийсэн намтраа зузааруулах нь түүнд Ерөнхий сайд, намын дар­гаар ажиллахаас илүү амар, ойр дөт юм. Мөрөөдөлд нь дэм болох хүн гэж итгэж найдан, гар нийл­сэн У.Хүрэлсүхийнх нь байдал хүн­дэрч, М.Энхболдыг УИХ-ын даргаар ч болов үлдээе гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байгаа тул түүний мөрөөдөл алсарч байх шиг. Гэхдээ Засгийн газрыг огцруулах товч­луур дарсан 33 гишүүн, тэр тусмаа Ц.Нямдорж хоосон үлдэхийг хүсэх­гүй л болов уу. Ц.Нямдоржид УИХ-ын даргаа байг гэхэд Хууль зүйн сайдын суудал ногдох л болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай