Шалгарсан сэтгүүлчдийн олонх нь байгаль орчны сэдэв хөнджээ

“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаа­ наас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн мэргэжлээрээ бахархаж, өдөр бүр санаж сэрж явах учиртай энэ үгийг Ц.Балдорж эрхлэгч маань сэтгүүлчдэд захиж хэлсэн билээ. Энэ үгийн үнэ цэнэ, утга учрыг илэрхийлэхүйц сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг тодруулдаг БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол “Улаанбаатар” зочид буудалд уржигдар болсон юм. Уг ёслолыг жил бүрийн есдүгээр сард “Бал­дорж” сангаас санаачлан зохион байгуулаад ес дэх жилтэйгээ золгож байна. Уламжлал ёсоор энэхүү арга хэмжээнд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, сэтгүүлчид оролцлоо. Ц.Балдорж агсны дотнын нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди үг хэлснээр 2017 оны БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол эхлэв. (Түүний хэлсэн үгийг А5 нүүрээс уншина уу) Мэргэжлийн сэтгүүл зүйн том шалгуур болдог БАЛДОРЖ шагналыг өнгөрсөн жил сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн хүртсэн. Тэрбээр “Сүүлийн үед БАЛДОРЖ шагналд залуу сэт­гүүлчид идэвхтэй оролцож, бүтээлээ сойж байна. Сэтгүүл зүйн салбартаа хэдийнэ нэрээ дархалсан, туршлагатай сэтгүүлчид маань 10 дахь удаагийн шалгаруулалтад сайн оролцоо­сой гэж хүсэж байна” хэмээн онцолсон. БАЛДОРЖ шагналыг дагалдан ирдэг мөн­гөн урамшуулал бага биш. Тэргүүн байрын эзэн 5000, дэд байранд шалгарсан сэтгүүлч 3000 ам.доллар, түүнчлэн Улаанбаатар хотын банкныхан шилдгээр шалгарсан сэтгүүлч бүрт хоёр сая төгрөгийн урамшуулал олгож, гадаадад амраадаг. Энэ нь сэтгүүлчдэд урам өгөх томоо­хон хөшүүрэг болдгийг тэрбээр тэмдэглэсэн юм.

2016 оны есдүгээр сараас эхэлсэн сэтгүүл зүйн “Их хурд”-ын сунгаа бүтэн жилийн турш дөрвөн шаттайгаар үргэлжилж, 2017 оны шилд­гүүдийг тодрууллаа. Сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хэвлэлд ажиллаж буй 146 (дав­хардсан тоогоор) сэтгүүлч БАЛДОРЖ шаг­нал горилохоор нийт 279 бүтээл ирүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин олон үзүүлэлт. Тэдгээр бүтээлийг “Балдорж” санг үүсгэн байгуулагч Н.Шүр, “Монголньюс” ХХК-ийн ерөнхий менежер, “Балдорж” сангийн нарийн бичгийн дарга Б.Баярмагнай, СУИС-ийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, сэтгүүлч Э.Сонинтогос, Гавьяат багш, МУИС-ийн профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Баянсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Пүрэвдаш, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, Монголын урлагийн зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунаа, СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн за­хирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун нарын салбар бүртээ хүндтэй есөн эрхэм шүүн дэнсэлжээ.

“БАЛДОРЖ шагналд дэвшүүлж ирүүлсэн бүтээлийн сэдвийн агуулгыг ажиглавал олонх нь манай нийгмийн амьдралд тулгамдаж буй ээдрээтэй хийгээд түүнийг зайлшгүй гэтлэн давж, хор уршгийг нь арилгахаас өөр аргагүй, цөөнгүй асуудлыг соргогоор олж, сонссон, мэд­сэнээ лавшруулан судалж, баримт нотолгоо гарган, боловсруулж, эвлүүлсэн бүтээл байв. Энэ нь сэтгүүлчийн хөдөлмөр, тэдний бүтээл дөрөв дэх засаглал болдог хэмээсэн батал­гаа үл шаардах үнэн, голч зорилго чиглэлд нь нийцэж байна гэж хэлүүштэй. Байгаль орчноо хамгаалах талаар Ц.Балдоржийн дэвшүүлсэн мөнхийн сэдвийн залгамж холбоог цэцэглэн хөгжүүлж байгааг тэмдэглэе” хэмээн шүүгч­ дийн төлөөлөл Ж.Баянсан шалгаруулалтын талаар дүгнэсэн юм.

Ес дэх удаагийн БАЛДОРЖ шагналт­наар “Үндэсний шуудан” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Б.Энхмарт “Нулимс­тай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр, засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 5000 ам.долла­рын эзэн болов. “Б.Энхмартын байгаль орчны сэдвээр бичсэн цуврал нийтлэлүүд соргог харж сонгосон сэдэв, цуглуулсан баримт хэрэглэг­дэхүүн, түүнийгээ боловсруулж бичсэн арга барил, хөндөж дэвшүүлсэн асуудлын хувьд чан­саатай сэтгүүлчийн эгнээнд орж ирснийг гэр­чилж байна” гэж шүүгчид үнэлжээ. Тэрбээр өн­гөрсөн онд БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтаж байсан бөгөөд “Үндэсний шуудан” сони­ноос төрж буй гурав дахь БАЛДОРЖ шагналтан юм. Түүний өмнө Б.Ганчимэг, Г.Отгонбаяр нар энэ эрхэм алдрын эзэн болжээ.

Х.БАТТУЛГА: ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛЫН ҮНЭ ЦЭНЭЭ БИТГИЙ АЛДААРАЙ

Тэргүүн шагналтанд Монгол Улсын Ерөн­хийлөгч шагнал гардуулдаг уламжлалтай. Ерөн­хийлөгч Х.Баттулга ёслолыг хүндэтгэн ирж, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшигийн хамт Б.Энхмартад БАЛДОРЖ шагнал гардуул­лаа. Ерөнхийлөгч цаг зав хомс, хойшлуулш­гүй ажилтай байж таарсан тул ёслолын дэгийг энэ удаа бага зэрэг өөрчилж, тэргүүн байрын шагналтныг хамгийн сүүлд бус, ёслолын дунд хэрд тодруулсан. Индрийн ард зогсоод үг хэл­дэг албаны жаягийг Төрийн тэргүүн өөрчлөв. БАЛДОРЖ шагналтныг үг хэлэх зуур цэцэг, цом, өргөмжлөл “баригч хийж”, олныг хөг­жөөсөн тэрбээр “БАЛДОРЖ шагнал гардуу­лах ёслолд оролцож буйдаа баяртай байна. Энэ бол нэр төрийн хэрэг. Балдорж ах бид хоёр дээр үеийн найз. Ах зах гэлтгүй их ойр нөхөрлөж явснаа энд дурсахад таатай байна. Сэтгүүл зүйн салбарынхан шилдгээ шударгаар тодруулдаг уламжлал тогтсон нь сайшаалтай. Энэ уламжлалаа битгий алдаарай. Сэтгүүл зүй үнэ цэнэтэй учраас дөрөв дэх засаглал гэгд­дэг. Нийгмийн сайн, муу үйл явдлыг олон ний­тэд үнэн зөвөөр нь түгээх үүрэгтэй хүмүүс бол сэтгүүлчид. Энэ удаа тэргүүн байрыг байгаль орчны сэдвийг хөндсөн бүтээл эзэллээ. Уг шагналыг 5000 ам.доллар дагалддаг юм байна. Спортынхон, тэр дундаа бөхчүүд ийм том хэм­жээний мөнгөн шагнал авдаг. Сэтгүүл зүйн салбарт ийм хэмжээний шагнал буйг үнэлж байна. Дөрөв дэх засаглалын үнэ цэнээ битгий алдаарай гэж дахин хэлье” хэмээсэн юм.

БАЛДОРЖ шагналын дэд байранд “Өнөө­дөр” сонины тоймч Л.Ганчимэг “Аавын эзгүйд” реалити сурвалжилгаараа шалгарлаа. Тэрбээр өнгөрсөн оны БАЛДОРЖ шагналын шилдэг арвыг сэтгүүлч Ц.Болормаагийн хамт тэргүүлж байсан билээ.

Үймээн самуунтай харь газарт энхийг са­хиулж буй офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэр­тэй сонины реалити сурвалжилгыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн. Л.Ганчимэгийн бэлтгэн хүргэж буй цуврал сурвалжилга олонд танигдаж, тодорхой үр дүнд хүрээд буйг уншигчид мэдэх биз ээ. 

Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яам энэ жил “Балдорж” сантай хамтран ажил­лаж “Охид, эмэгтэйчүүдийн эрх, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт шил­дэг нийтлэлийг 1000 ам.доллароор урамшуул­лаа. Дээрх болзолт сэдвийн хүрээнд нийт 15 сэтгүүлч бүтээлээ ирүүлснээс сэтгүүлч Э.Энэ­рэл “Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” бүтээлээ­рээ тусгай шагналын эзэн болов. Монгол Ул­сын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Давид Спрул, Элчин сайдын яамны Гадаад бодлого, дипломат албаны ажилтан С.Мөнхзул нар тус­гай шагналын эзнийг зарлалаа. “Канадын Эл­чин сайдын яам энэ жил анх удаа “Балдорж” сантай хамтарч Монголын эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн, сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулсандаа таатай байна. Ка­над улс нь жендерийн тэгш байдлыг бататган, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжих нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Канадын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчид болон хэвлэлийнхэн хувь нэмрээ оруулдаг төдийгүй Засгийн газрын үйл ажил­лагаанд хяналт тавьдаг. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо жендерийн тэгш байдлын төлөөх тэмцэлд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Дэлхий дахинд жендерийн тэгш байдал дэлгэрс­нээр хүн бүр үр ашиг хүртэнэ. Бүгдэд хамаатай энэ асуудлыг хүн төрөлхтний зөвхөн нэг хэсэг нь дангаараа шийдвэрлэх боломжгүй, бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэх ёстой гэсэн” хэмээлээ.

П.ОЧИРБАТ: Ц.БАЛДОРЖИЙН ТҮВШИНД БИЧИЖ, ТУУРВИЖ БАЙЖ БАЛДОРЖ ШАГНАЛЫГ АВМААР САНАГДДАГ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгийг хүргэж байна.

-Манай нийгмийн эмзэг гэж хэлж болох сэдэв хөндсөн бүтээлийг Канад улсаас Мон­голд суугаа Элчин сайдын яамнаас анх удаа шалгаруулсан нь шинэ үзэгдэл боллоо. Эл үзэг­дэл цаашид улам дэлгэрээсэй. Сайн сайхан зүйл манай нийгэмд бишгүй. Муу муухай зүйл ч түүнээс дутахгүй бий. Энэ хоёрыг дэнсэн дээр тавьж, аль алинаас нь бичиж, нийтэлдэг бай­вал Монголын сэтгүүл зүй, манай нийгэмд хэ­рэгтэй. Монголын долоо, найман настай хүүх­дүүд хүртэл оюун ухаанаараа дэлхийн уралдаан, тэмцээнд тэргүүлж байна. Тэр хүүхэд яагаад тийм болов гэдэг талаар нийгэмд өөдтэй хүр­гэхгүй, тун хязгаарлагдмал хүрээнд мэдээл­сэн. Багш, тэмцээнд хамт оролцсон хүүхдийнх нь талаар мэдээлж, зургийг нь тавиад л орхи­чихдог. Монголын ирээдүй ийм байна, багш, эцэг, эх нь тэднийг ингэж өсгөн, хүмүүжүүлж байна, ахуй орчин нь тэгж нөлөөлжээ гэх зэр­гээр бичиж чадаж байна уу. Дэлхийд гайхуулж буй дуучид бий, Монголд. Тэднээс ярилцлага аваад л өнгөрдөг. Тухайн хүн ийм түвшинд хэрхэн хүрсэн, дэлхийд өрсөлдөхийн тулд яаж хөдөлмөрлөсөн бэ гэдгийг бусад уран бүтээл­чид нь хэрэг болж, санаа авахаар бичиж, та­ниулж, алдаршуулмаар байна. Тэр агуу дуучныг сонсоод Монгол гэж ямар улс байна гэж өөр хоорондоо ярьдаг гэсэн. Дэлхий Монголыг мэдэхгүй, бид тэр алдартнаа мэдэхгүй болохоор яах болж байна вэ. Тамирчдыг ч тэр явлаа, ир­лээ, байгууллага нь хүлээж авч, төдөн төгрө­гөөр шагналаа гээд л орхих юм. Сэтгүүлчид маань энэ талаас нь хараасай. Мөн хэллэг, бич­лэгээ монгол хэл талаас нь анзаараасай. Тэд бол нийгэмд буй буруу зөрүү зүйлсийг цэгцлэх хүч. Гэтэл тэдгээрийг зүгшрүүлэх нь битгий хэл, бусдын хэлэх, хэлэхгүй үг, яриаг авч ашиг­лах юм. Балдоржийн түвшинд бичиж, туурвиж байж БАЛДОРЖ шагналыг авмаар санагддаг. Залуу сэтгүүлчид хурдтай байна. Ахмад үе нь юм хийж чадахаа байчихсан юм уу. Өөрөөр хэлбэл, жинтэй үг энэ нийгэмд хэрэгтэй бай­гаа шүү. Шүүмжлэл хурц байх ёстой ч нэлээд судалгаатай, популист бус хэлбэрээр, эх сур­валж нь юундаа байгааг сайтар гаргаж ирэх ёстой. Манайхан сонгодог бүтээлээс илүүтэй хошин шог сонирхох болж. Заримдаа инээд нь ханиаднаас дор байдаг. Сэтгүүлчид үүнийг бодолцоход гэмгүй. Ер нь сэтгүүлчид цаг үеийн урсгалаар дэгдээд байж боломгүй. Сэтгүүлчид дөрөв дэх засаглалаа эзэгнэсэн шиг эзэгнээсэй гэж хүсье.

“Монгол ньюс”-ийн хамт олон жил бүр БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд зориулж хандив өргөдөг уламжлалтай. Энэ удаа манай хамт олны нэг өдрийн цалинг “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат сангийн тэргүүн Б.Номинтүшигт өгсөн юм.

Н.БАГАБАНДИ: Ц.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч байлаа

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үг

-Амар сайн байцгаана уу? Авьяас төгөлдөр эрхэм хүн Цэрэндоржийн Балдорж сэтгүүл зүйн цэлмэг тэнгэрээс гэгээн өдрөөр харван одсон гэрэлт нэгэн од байлаа. Эрдэнэт бие нь та бидэнтэй хамт байхгүй ч үйлс бүтээл, үлдээ­сэн өв нь Монголын сэтгүүл зүйн тэнгэрээс мэргэжил нэгт нөхдөө гэрэлтүүлэн гийгүүлсээр байна. Сэтгүүл зүйд юу өгч, юу үлдээж, юу нь үргэлжилж байгаагийнх нь төлөө Ц.Балдор­жид талархал илэрхийлэн, мэхийн хүндэлж, дээдлэн дурсах учиртай. Юуны түрүүнд Ц.Бал­дорж Монгол оронд ардчилсан, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн үрийг суулгаж, эх орноо хэвлэлийн эрх чөлөөний хаант улс бол­гох их үйл хэргийг зөн билгээрээ үүсгэн эх­лүүлж, атрын шанг нь татаж, тулган дахь галыг нь асаан бадраасан шинэчлэгч, ирээдүйг дөт­лөн ойртуулсан авьяас билэгтэн байсныг нь жил болгоны энэ өдөр дээдлэн дурсаж байх үүрэгтэй, бид.

Ц.Балдорж агуулга гүн, арга барил онцлог, асуудал нь шинэлэг сайхан бичдэг, сайн бичдэг, сайн сэтгэдэг сэтгүүлч байлаа. Сайхан бичих гэдэг нь нэгэн зэрэг сайхнаар сэтгэж, сайх­наар мэдэрч, сайхнаар илэрхийлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшихэд оршино. Ц.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч. Түүний тэнгэрлэг авьяас, өндөр боловсрол нь их мөрний усыг тэтгэгч ширгэшгүй ундаргат булаг адил бүтээл туур­вилыг нь тэтгэн амилуулдаг байсан юм. Одоо ч гэсэн тэрбээр үзэг нэгт залгамж үеэ сайн бичих, сайхан бичих, шинийг сэдэх, шилдгийг туурвих оргил өөд зам гарган, хөтөч мэт дагуулсаар байна. Авьяастныг араас нь түлхэх юм уу, гараас нь хөтөлж чангаах хэрэггүй, тэд өөрсдөө замаа гарган, бусдыг дагуулан, өмнө нь явцгаадаг юм. Сэтгүүлчид үндэстнийхээ хэл соёлын дарх­лааг хадгалан хамгаалахад тэргүүн эгнээнд ухаан бодлоо хөвчлөн, хурц зэвсгээ агсан, хил манасан хилчин адил нүд цавчилгүй зогсож байх оюуны салбарын дайчид билээ. Төрөлх хэлнийхээ жинхэнэ мэдлэггүй хэн ч гэсэн хэзээ ч жинхэнэ сэтгүүлч байж чадахгүй. Тө­рөлх хэлээ хүндэтгэдэггүй хүн төрөлх ард түм­нээ хүндэтгэдэггүй. Агуулга ядмагхан хэвш­мэл хэдхэн үгэнд эргэлдсэн, утгын болон хэл зүйн алдаа нь хэрээс хэтэрсэн, үлбэгэр болхи бичвэр уншигч, сонсогч, үзэгчдийн дургүйг хүргэж, шүүмжлэлийн бай болно уу гэхээс, тэдэнд таашаал хүртээж, анхаарлыг нь татаж, ой тойнд нь шингэхгүй нь тодорхой. Сэт­гүүлчид аялгуут сайхан монгол хэлнийхээ нэн баялаг үгийн сангийн далайгаас үнэт шүр сувд шүүрдэх адил сонгон хэрэглэж, төрөлх хэл­нийхээ мартагдсаныг сэргээж, бүдгэрснийг нь тодруулж, улам улмаар баяжуулж, хэл соёлоо хамгаалан хойч үедээ буухиалан дамжуулах мэргэжлийн хийгээд иргэний үүргээ төгс сайн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хэл соёл бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монгол түмний дангааршин хадгалах дээд үнэт зүйл мөнөөс мөн.

Сэтгүүл зүй шударга ёсыг сахин хамгаала­хад хана хэрэм мэт бат зогсож, шударга ёсны аврал, шударга бусын айдас, шударга бусын золиос болон доромжлогдон гадуурхагсдын өмгөөлөгч, шударга бусыг үйлдэн давран сагагч­дын даруулга байх ёстой. Шударга ёс цэцэглэж байгаа орчинд л хүмүүс шударга ёсыг сахидаг. Ц.Балдорж сэтгүүл зүйг шударга ёс цэцэглэ­сэн ариун тансаг орчин байлгахын төлөө тэм­цэгч байсан юм. Шударга хүн шударга бусыг хэзээ ч үйлдэхгүй. Хэнд ч харагдахгүй, хэнд ч сонсогдохгүй, хэнд ч мэдэгдэхгүй шударга бус үйлдэл хийх боломж олдсон ч тийм үйлдэл хийдэггүй хүн чин шударга. Шударга бусын золиос болон хохирсон хүмүүсийн аврал эрэн хөнддөг авран хамгаалагчид нь сэтгүүлчид би­лээ. Шударга бусыг бие махбодиороо амссан хөөрхий хүний зовлонг яг өөрийнх шиг мэдрэн хүлээн авч, ган үзгээ шүүрэн, галтай цогтой үгээ бэлдэн тулаанд ордог сэтгүүлч шударга бусыг үйлдэхгүй, шударга ёсны манаанд бат зогсох болно. Шударга байх мэргэжлийн ёс зүйн үүргээ шударга бусын сүүдэрт нуусан, үнэнийг өгүү­лэх ёс суртахууны тангаргаа худлын намагт живүүлсэн хүн сэтгүүл зүйн ариун эгнээнд байх учиргүй. Өвдсөн хүнд эм, цангасан хүнд ус авчирч өгөх нь буянтай үйлс мөн. Сэтгүүлчид нийгмийн ёс суртахууны доройтлыг эмчлэх, шударга ёсны цангааг тайлах ариун үйл хэрэгт үйлчлэх ач буянт хувь тавилангаа бүрэн дүүрэн эдлээсэй билээ.

Шударга ёс худалдагдахаараа хумхын тоос адил арилан замхардаг. Сэтгүүлчид амьдрах, бас бичих боломжтой байхын тулд мөнгө олох ёстой боловч шударга ёсыг худалдан байж мөнгө олох нь тэдний мэргэжлийн ёс зүйд гал, ус мэт харш. Дээдэлдэг үнэт зүйлээ өөрийн гараар устгаж болно гэж үү. Сэтгүүлчид мөнгө амласан атгаг бодолт, буруу үйлдэлт хүмүүсийн гутлын өсгийд наалдсан шавар шавхай мэт болж доош орон, өөрийн хийгээд мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэлж, нэр төрөө гутаах ёсгүй.

Үгээр хүнийг үхүүлж болно, сэхээж чадна, үгээр хөгжлийг хурдасгаж болно, үгээр хөгжлийг сааруулж чадна, барьж байгаа үзэг нь ч бичиж байгаа үг нь ч ирлэсэн илднээс илүү хурц зэвсэг мөн гэдгийг Ц.Балдорж алхам тутамдаа санаж, хамтран зүтгэгчдэдээ сануулж ухааруулдаг байсан юм. Ц.Балдорж юу бичихээ, яаж бичихээ, юуны тулд бичихээ сайн мэддэг, бичсэн зүйлээ үнэний шүүлтүүрээр оруулж, шударга ёсны шүүлтүүрээр шүүж, хэрэгтэй, хэрэггүй, тустай, тусгүйг нь нягталж дэнслэн байж олны хүртээл болгодог байсныг түүний үлдээсэн өвөөс нь түвэггүй харж, суралцах үүд хаалга бүхэнд нээлттэй байна.

Залгамж үетэйгээ зэрэгцэн явахын тулд сэтгүүлчид өөрийнхөө цаг үеэс түрүүлж сэтгэн, эрин үеэсээ түрүүлэн алхаж, олон түмнийг араасаа дагуулах нийгмийн түүчээ юм. Бид мэдлэг боловсрол, сэтгэлгээ, арга барил, ур чадвараараа эрин үеэсээ түрүүлж чадаж байгаа билүү гэдгээ үе үе бодож эргэцүүлж байх нь сэтгүүлчид өөрсдөдөө тавих өндөр шаардлага, байнга өсөж хөгжихийн нэг эх булаг мөн билээ. Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагнал сэтгүүлчдийн мэр­гэжлийн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээг өргөжүүлэн тэлж, өдөөн идэвхжүүлж, сэтгүүл зүйн хөгжлийг нэгэн жилийн хугацаанд толь­дон харж, үнэлэн дүгнэж болохуйц ил тод, бодит хэмжүүр болж байгаад сэтгэл дүүрэн талархалтай байдаг юм.

“БАЛДОРЖ шагнал өөрийгөө сорих хамгийн том боломж төдийгүй урам хайрласан даль жигүүр юм”

Эрхлэгчийнхээ түүчээлсэн замаар замнаж буй сэтгүүлчдийн армидаа баярлалаа

Б.НОМИНТҮШИГ (“Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч):

-Ес дэх удаагийн БАЛДОРЖ шагналыг хүртсэн “Үндэсний шуудан” сонины Б.Энхмарт болон бусад сэтгүүлч нартаа дахин баяр хүргэе. “Балдорж” санг хүндэтгэн энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, улс төр, нийгэм, соёл урлаг, сэтгүүл зүйн хүндэт төлөөлөгчид, аавын минь анд нөхөр та бүхэнд баярлалаа. БАЛДОРЖ шагнал Монголын “Пулитцер” гэгддэг болсон. Харин надад Ерөнхийлөгчөөс нь эхлээд төр, засгийн бүх өндөрлөг заавал ирж, сэтгүүлчидтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөдөг АНУ-ын Кореспонденс диннерийг санагдуулдаг. Учир нь үзэл бодлын зөрчлөө хойш тавин энд цуглардаг эрхэм хүндэт зочид аавыг минь дурсахын зэрэгцээ сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүн бүрт, сэтгүүлч гэдэг энэ амаргүй мэргэжилд хүндэтгэл үзүүлж байна гэж би ойлгодог. Өөрийнх нь нэрээр нэрлэсэн сангийн үйл ажиллагаагаар хамгаас хайртай сэтгүүлч нарынхаа хөдөлмөр, бүхий л амьдралаа зориулсан сэтгүүлчийн мэргэжил нь ингэж өндөрт өргөгдөж буйг хараад аав минь их баярлаж байгаа байх. Тухайн үеийн Ерөнхийлөгч ирж, тэргүүн шагналыг гардуулдаг сайхан уламжлалыг бий болгосон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, энэ уламжлалыг үргэлжлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд баярлалаа. Мөн БАЛДОРЖ шагналыг үе үеийн Ерөнхийлөгч нар учирдаг газар болгосон, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди танд баярлалаа. Хааяа нэг хатуухан ташуур өгч зэмлэдэг, хэцүүдсэн үед нь хэн хүнээс хамгаалдаг, чиглүүлэгч, хөдөлгөгч, түүчээ болсон эрхлэгчээ алдсан уй гашууг үйл хэргийг нь үргэлжлүүлэх сан болгож, сэтгүүлч нарыг БАЛДОРЖ шагнал гэдэг тэмүүлэлтэй болгосон ээждээ баярлалаа. Ачааны хүндийг үүрэлцсэн Сонинтогос эгчдээ, үе үеийн шүүгч нарт баярлалаа. Санд санхүүгийн гэлтгүй бүхий л төрлийн туслалцаа үзүүлсээр ирсэн Улаанбаатар хотын банкны хамт олонд мөн талархлаа илэрхийлье. Өнөөг хүртэл эрхлэгчийнхээ түчээлсэн замаар замнаж буй сэтгүүлчдийн армидаа баярлалаа. Бал эрхлэгчийн удирдлагад ажиллах нь битгий хэл барааг нь ч хараагүй сэтгүүлч нарын зүрх сэтгэлд аав минь өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь та бүхний гавьяа.

БАЛДОРЖ шагнал сэтгүүл зүйн салбарын хамгийн том уралдаан

О.БАНЗРАГЧ (Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал):

-Эрхэм хүндэт сэтгүүлчид, “Балдорж” сангийн хамт олон, Монгол Улсын үе үеийн Төрийн тэргүүнд энэ өдрийн мэнд хүргэе. БАЛДОРЖ шагнал сэтгүүл зүйн салбарын хамгийн том уралдаан. Тэр утгаараа Улаанбаатар хотын банкнаас “Балдорж” сангийн үйл ажиллагааг дэмжиж, шалгарсан шилдэг сэтгүүлчдийг урамшуулж, гадаадад амрааж ирсэн. Сангийн үйл ажиллагааг цаашид ч дэмжих болно. “Балдорж” сан ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа тогтмолжуулж, сэтгүүл зүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж буй тус сангийн хамт олон, Ц.Балдорж агсны гэр бүлийнхэнд талархал илэрхийлье. Монголын сэтгүүл зүйг сэтгүүлч та бүхэн л хөгжүүлнэ. Монгол Улсын үе үеийн Төрийн тэргүүн нар БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолд оролцдог нь сангийн үйл ажиллагааг улам ач холбогдолтой болгодог тул эрхэм Ерөнхийлөгч та бүхэнд талархал илэрхийлье.

Асуудлыг шийдвэрлэх арга зам хөндсөн бүтээл дэвшүүлэх нь зүйтэй

Ж.БАЯНСАН (БАЛДОРЖ шагналын шүүгч, Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор):

-Энэ удаагийн БАЛДОРЖ шагнал хэд хэдэн онцлогтой боллоо. Зарим сэтгүүлч сүүлийн 2-3 жилд тогтмол оролцож байхад жилийн турш хэд хэдэн цуврал бүтээлээрээ оролцож буй сурвалжлагч ч байна. Мөн гэрэл зургийн сурвалжилга, радио, телевизийн баримтат нэвтрүүлэг түлхүү орж ирлээ. Сэтгүүлчид нийт 280-аад бүтээл ирүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс тооны хувьд олон болжээ. Хэвлэл мэдээллийн бүх салбарын сэтгүүлчдийн бүтээлийг шалгаруулахад түвэгтэй байв. Тодорхой нэг асуудлыг олон талаас нь жинтэй бичсэн, олон зүйл бичээгүй ч асуудлыг уртай боловсруулж, хөндсөн бүтээлийг авч хэлэлцэх ёстой гэсэн зарчим баримталсан. Мөн нийгэмд тулгарч буй ээдрээтэй, эгзэгтэй, олон түмний санаа сэтгэл зовоосон асуудлыг шийдвэрлэх арга замыг хөндөж, түүний мөрөөр ажил зохиож, эхний үр дүн гарсан бүтээлийг дэвшүүлэх нь зүйтэй гэж боддог.

Зөвхөн баримт дэлгэх биш, дүн шинжилгээ хийж буй нь сайшаалтай

П.БАТХУЯГ (БАЛДОРЖ шагналын шүүгч, хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач):

-Сэтгүүлчдийн бүтээлийг уншиж, шүүхэд хоёр зүйл анхаарал татлаа. Монголын сэтгүүл зүйд яах аргагүй шинэ, хүчтэй үе гарч ирж байгаа нь энэ жилийн сонгон шалгаруулалтаас харагдав. Эхний 25-д шалгарсан сэтгүүлчийн дотор “Энх”-ээр эхэлсэн нэртэй хүн зургаа байсан нь сонирхол татсан. Энх гэдэг нэртэй сэтгүүлчид өнөөгийн сэтгүүл зүйд хүчтэй түрэн орж ирж байна. Өөр нэг анхаарал татсан зүйл нь манай сэтгүүлчид олж авсан сэдвээ хөдөлшгүй баримт, эх сурвалжуудаар баяжуулдаг болж. Ингэхдээ зөвхөн баримт дэлгэх биш, дүн шинжилгээ хийж, судлаачийн байр сууринаас ханддаг болсон нь сэтгүүл зүй нэг талдаа илүү нарийн мэргэшсэн, нийгэмд хүчтэй нөлөөлөх мөн чанар, зүй тогтолдоо эргэн орсныг харуулж байгаа юм. Сэтгүүлчдийн хэн нь ямархуу түвшинд, ямар сэдвээр бичдэг билээ гэдгийг ерөнхийд нь мэддэг. Харин энэ цаг үед гарч ирж буй залуу сэтгүүлчид нийгэм, байгаль, экологийн ямар ч сэдвээр бичсэн түүнийгээ сайтар судлан, шинжилж, нийгэмд нөлөөлөх цаад шалтгааныг олохыг эрмэлзэж байгаа нь сайшаалтай.

Шагнал хүртсэн сэтгүүлчдийн сэтгэгдлийг хүргэе. 

ИРЭХ ЖИЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ЯРИЛЦЛАГА, ХӨРӨГ БИЧИЖ ОРОЛЦОНО

Б.ЭНХМАРТ (“Үндэсний шуудан” сонин):

-Ийм дээгүүр давхина гэж бодсонгүй. Гэнэтийн зүйл болж, нэлээд сандарлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Хүйс, Шаргын говиор долоо хоног явж сурвалжилга бэлтгэсэн. Нэн ховор монгол бөхөн өвчний улмаас үй олноор үхэж байхад хамгаалах ёстой хүмүүс нь ямар ажил хийж байгааг сурвалжилгаараа гаргахыг зорьсон. Яам, тамгын газрынхан ийм, тийм арга хэмжээ авч байгаа гэж ярьсан ч бодит байдал огт өөр байсан. Сэлэнгэ аймаг дахь Ерөө голд очиж цуврал сурвалжилга бэлтгэсэн. Ээлжийн амралтаа авчихсан байсан хэр нь Ерөө гол эмгэнэлт байдалд орсныг сонсоод зүгээр сууж чадаагүй. Байгаль орчноо ариун дагшнаар нь хойч үедээ хадгалан үлдээхийн төлөө хүн төрөлхтөн үеийн үед тэмцэж ирсэн. Бидний амьдарч буй энэ цаг үед байгаль орчны төлөө хийж чадах зүйл нь сэтгүүлчийн ажил. Хөл хүрэх газраа очиж, байгаль орчноо хамгаалж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах санаачилгыг минь хамт олон, сонины удирдлага дэмжвэл би нөхцөл байдлыг үнэн бодитоор нь гаргахыг хичээдэг. Багагүй хугацаанд байгаль орчин, эрэн сурвалжлах чиглэлээр нийтлэл, сурвалжилга бичлээ. Ирэх жилийн шалгаруулалтад ярилцлага, хөрөг бичиж оролцохыг зорьж байна. Мэдээж хэрэг багагүй хөдөлмөр, ур чадвар шаардана.

АМЬДРАЛЫН ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ТАЛЫГ ОЛЖ ХАРАХЫГ ХИЧЭЭДЭГ

Л.ГАНЧИМЭГ (“Өнөөдөр” сонин):

-Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монголын цэргийн багийн V ээлжийнхэн явах гэж байхад энхийг сахиулагчийн гэр бүлийнхэн хэрхэн аж төрдгийг сурвалжилбал сонирхолтой юм гэж манай сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат ах санаачилга гаргасан. Ингээд хэд хэдэн гэр бүлээс нэг айл сонгосон нь хүндийг өргөлтийн залуучууд, оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийнх болж таарсан нь сонин тохиолдол, хувь ерөөл. Өрхийн тэргүүн Ч.Мөнхжанцан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд Афганистанд энхийг сахиулахаар явсан. М.Анхцэцэгийн дүү түлэгдэж, БНСУ руу явж, мэс засал хийлгэх шаардлагатай, багадаа 65 сая төгрөг хэрэгтэйг сурвалжилга хийх явцдаа олж мэдсэн. Ингээд зөвхөн сурвалжилга хийх бус, халуун дулаан уур амьсгалтай тэр гэр бүлийнхэнд туслах зорилго тавьсан юм. Олон нийтийн дэмжлэгээр “М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аян өрнөж, монгол түмний элгэн халуун сэтгэлээр 70 гаруй сая төгрөг цугларсан. Өдгөө дүү нь мэс засал хийлгээд ирсэн, сар гаруйн дараа аавыгаа ирэхэд баяртай мэдээтэй угтах болсон нь нэг том үр дүн юм. Гэсэн ч сэтгүүлч хүнд баримтлах зарчим бий. “Аавын эзгүйд” сурвалжилгыг хийх явцдаа тамирчин охин, тухайн гэр бүлийн талаар олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлэх вий гэдгээс болгоомжилж, ёс зүйн зарчмаа барьж, хариуцлагатай ажиллахыг хичээсэн. 

Хүмүүс төдийлөн мэдэхгүй “Монголын нууц товчоо” гэдэг жижигхэн сургуулийг би төгссөн. Манай сургуулийн захирал, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж “Та нар энэ сургуульд хүн байхын утга учрыг ойлгоод төгсөнө. Миний хүүхдүүд хүнд хэрэгтэй зүйл хийж байгаарай. Хэрэгтэй зүйл хийж чадахгүй юм бол хэрэггүй зүйл бүү хийгээрэй” гэж захидаг байсан. Тэр их чухал үг гэдгийг би алхам тутамдаа санадаг юм. Тиймээс амьдралын гэрэл гэгээтэй талыг аль болохоор харуулж, хүнд хэрэгтэй зүйл бичих юмсан гэж боддог. Дуулиан шуугиан хэт хөөцөлдөж, бусдын улыг шагайлгүй, мэргэжлийн сэтгүүл зүйд хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Мэргэжлийн сэтгүүлчдийн зүг чигийг заагч луужин болсон энэ уралдааны дэд байрт шалгарсандаа их баяртай байна. Өндөр босгоороо алхсан хэнийг ч ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүлч болгон төлөвшүүлж, хүмүүжүүлж чаддаг үе үеийн “Өнөөдөр”-ийнхөндөө баярлалаа.

ӨМНӨХӨӨ ДАВСАН ЧАМБАЙ БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Ж.ЗОЛЗАЯА (МҮОНР-гийн “Хурд” агентлаг, “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг):

-Би МҮОНР-гийн мэдээллийн “Хурд” агентлагт сэтгүүлчээр 11 жил ажилласан. Сүүлийн нэг жил эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнаж, энэ чиглэлээр бүтээл хийж буй. Залуу, чадварлаг сэтгүүлчидтэй гар нийлж, бүтээсэн цуврал нэвтрүүлэг минь энэ нэр хүндтэй уралдааны шилдэг арвыг тэргүүлсэнд баяртай байна. “Балдорж” сангаас жил бүр зохион байгуулдаг уралдаан сэтгүүлчдэд урам, эрч хүч өгч, илүү сайн бүтээл хийх хүсэл тэмүүлэл хайрладаг. МҮОНР-гийн “Баримт” эрэн сурвалжлах багийнхан ч өмнөхийгөө давсан, чамбай бүтээлүүд хийхийг зорьж байна. Нийгмийн амьдралд тулгамдсан аливаа асуудал бэрхшээл, далд бүхнийг уудлан илчилсэн, тэдгээрийг олон нийтийн анхаарлын төвд аваачсан, гарц шийдэл эрэлхийлсэн нэвтрүүлэг хийнэ. Эмч өвчтөнийг, сэтгүүлч нийгмийг эмчилдэг гэдэг. Сэтгүүлчид ийм хүчтэй байдгийн гол шалтгаан нь тэд аливааг хөдөлшгүй баримттайгаар дэлгэдэг. Бид ч нэвтрүүлгээ хийхдээ үүнийг баримталдаг юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчид олон талаас нь нягталж, шүүн тунгааж, шударгаар үнэлдгийг харлаа. Эл уралдаанд анх удаа оролцоод ингэж өндрөөр үнэлүүлсэндээ баяртай байна.

ЯГ Л СУДЛААЧ ШИГ АЖИЛЛАСАН

Г.ОДГАРАВ (www.gogo.mn сайт):

“Балдорж” сангийн уралдааны шилдэгт багтана гэдэг гурван жилийн өмнө мөрөөдөл байсан гэж хэлж болно. Мундгууд оролцдог, сэтгүүлчээс тал бүрийн авьяас шаарддаг, босго өндөртэй уралдаан шүү дээ. Өнгөрсөн онд шилдэг аравт багтаж байв. Энэ амжилтаа өнөө жил ахиулсандаа баяртай байна. Сүүлийн хоёр жилд сэтгүүлчийнхээ хувьд өөрийгөө нээсэн юм болов уу. Сэтгүүлч хүн нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөж, шийдэх гарцыг нь эрэлхийлж байх ёстой. Энэ удаагийн уралдаанд ярилцлагаас гадна хар тугалгын хор хөнөөлийн талаар бичсэн нийтлэлээрээ оролцлоо. Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ их, түүнээс үүдэлтэй уршиг юу вэ гэдгийг бичихийн тулд яг л судлаач шиг ажилласан. Судлаач ямар зарчмаар ажилладаг, түүн шиг уншиж, судалж, хүмүүстэй уулзах, дүгнэлт хийх гээд өөрийгөө их дайчилсан. Сонгосон сэдэв маань ч үүнийг шаардсан. Энэ бүхний үр дүнд шилдэг аравт багтлаа.

ЗАЛУУСЫГ ДЭМЖИХ ҮҮДНЭЭС ХАМТАРСАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ОРОЛЦЛОО

Ц.ОЮУНДАРЬ (МҮОНТ):

-2011 оноос хэрэгжүүлж буй “XX зуун, 100 жил” төслийн хүрээнд хийсэн бүтээлүүдийн багахан хэсэг нь “Эр бор харцага” баримтат кино. Тухайн онд Монгол Улс тусгаар тогтнолоо эргэн сэргээсний түүхт ой тохиосон. Үүнтэй уялдуулаад МҮОНТ-ээс баримтат кино хийх залуусыг нэг баг болгоод XX зууны түүхийг эргэн харах, мэдрэх, үзэл суртлаас болж дарагдсан олон асуудлыг судалж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх ажлыг эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд хамтарч ажилласан археологичид, түүхчид, МУИС-ийн Түүхийн тэнхимийн хамт олон, уран бүтээлийн багийнхандаа маш их баярлалаа. Энэ багт надтай хамт тууштай байсан залуусыг урамшуулж, дэмжих гэж зориуд хамтарсан бүтээлээ сойсон юм

1992 онд “Ардын эрх” сонин Төрийн ордны дөрөвдүгээр давхарт байрладаг байв. Бал ах эрхлэгч нь байсан. Сонинд дадлага хийхээр очиж зуны гурван сар Бал эрхлэгчийн хуралд сууж, “загнуулж” өнгөрөөсөн. “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхэлсэндээ маш их бахархаж, баярлаж явдаг. Залуустайгаа хамт бүтээлээ сойж, шилдэг аравт шалгарсандаа баяртай байна.

“ДҮРВЭГСДИЙН ЖИМЭЭР” БАРИМТАТ КИНОГОО ОНЦЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Х.ШИНЭ-ОД (МҮОНТ):

-Шилдэг аравт багтсандаа баяртай байна. МҮОНТ “XX зуун, 100 жил” гэдэг кино төсөл хэрэгжүүлсэн. Монголын XX зууны түүхэн дэх хамгийн эгзэгтэй сэдвүүдээр 12 анги баримтат кино хийсэн юм. “Балдорж” сангийн уралдаанд хамгийн отгон бүтээлүүдээ сойсон гэж хэлж болно. “Дүрвэгсдийн жимээр” хоёр ангит баримтат киногоо онцлохыг хүсэж байна. Яагаад гэвэл 1920-иод оны сүүлч, 1930 оны эхээр монголчууд олноороо хил дамнан нүүсэн. Энэ хүмүүс яагаад нүүсэн бэ, буцаад хэд нь ирсэн юм, тэдэнд ямар бэрхшээл тохиолдсон талаар түүхчдэд судлагдахуун байгаагүй. Тэр үед нутаг дамжин нүүдэллэсэн иргэд одоо дал, наян нас хүрчээ. Тэднийг байгаа дээр нь орхигдсон сэдвийг хөндөж, түүхийг нь яриулах ёстой гэж бодсон. Монгол орны тав, зургаан аймгаар явж судалгаа хийж, зураг авсан. Үүнээс гадна дүрвээд Энэтхэг, Америкт оччихсон хүмүүсийн араас явж уулзлаа. Тэр хүмүүсийн үр хүүхэд хаана байна вэ гэдгийг сурвалжиллаа. Ц.Оюундарь эгч зохиолыг нь бичсэн “Эр бор харцага”, “Хил дамнасан нүүдэл суудал” нэвтрүүлгээрээ уралдаанд оролцоод нэр хүндтэй шагнал авсандаа баяртай байна.

ЭНЭ ШАГНАЛЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР, ШАРГУУ ХӨДӨЛМӨРИЙН ТОЛЬ

Б.БАЯРМАА (“Засгийн газрын мэдээ” сонин):

-Монголын сэтгүүл зүйн салбарт БАЛДОРЖ шагналын хувь нэмэр асар их. Босго өндөртэй энэ шалгаруулалт залуу сэтгүүлчдэд мэргэжлийн ур чадвараа бусадтай харьцуулах, өмнөх үеэсээ суралцах боломж олгодог. Мөн ахмад үеийнхэнд залуусын сэтгэлгээний өөрчлөлтийг мэдрүүлж, үе үеийн сэтгүүлчдийн гинжин холбоо болж байна. Мэдээ, нийтлэл бэлтгэнэ гэдэг хөлөөрөө явж хийдэг ажил. Бусдын очоогүй газарт хүрч, олон эх сурвалжтай уулзаж мэдээлэл бэлтгэх нь сэтгүүлч мэргэжлийн салшгүй хэсэг. БАЛДОРЖ шагналд шилдгээр тодорсон нийтлэлүүдийн дийлэнх нь бүтээлч хөдөлмөр шаардсан сурвалжилга байгаа нь ч үүнийг харууллаа. Энэ шагналын шилдэг бүтээлүүд бол сэтгүүлчийн ур чадвар, шаргуу хөдөлмөрийн толь. Нөгөө талаас харвал, хөндсөн сэдвүүд нь тухайн цаг үеийн өнгө төрхийг харуулсан нийгмийн тусгал болж байна. Энэ жил БАЛДОРЖ шагналын шилдэг аравт гэрэл зургийн хоёр бүтээл шалгарсан нь онцлог байлаа. 

ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ БАЛДОРЖ ШАГНАЛД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭЭРЭЙ ГЭЖ УРИАЛЪЯ

Т.ЭНХБАТ (“Өнөөдөр” сонин):

-Монголын эдийн засагт засаж залруулах өчнөөн бэрхшээл бий. “Монголын хямрал” цуврал нийтлэлээрээ төсөв санхүү, хөрөнгө оруулалт, уул уурхайд баримталж буй төрийн бодлого зарим талаар алдаатай явж ирсэн, энэ нь эдийн засгаа хүндрэлд оруулж байгааг гаргаж тавья гэж зорьсон юм. Нийтлэлээ бичихийн тулд эдийн засагчид, нийгэмд нөлөө бүхий олон хүнтэй уулзаж, байр суурийг нь сонссон. Санал бодлоо харамгүй хуваалцсан тэдэнд талархаж байна. Есөн жил эдийн засаг, бизнесийн сэдвээр дагнан бичжээ. Өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагаа сорьё гэж “Балдорж” сангийн уралдаанд бүтээлээ сойлоо. БАЛДОРЖ шагналын шилдэг арван сэтгүүлчийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч найзууд маань надаас илүү баярлаж байх шиг санагдлаа. Надад итгэж байсан бололтой. Тэд маань эдийн засгийн чамбай нийтлэлүүд бичиж, БАЛДОРЖ шагналд бүтээлээ сойгоосой гэж хүсдэг. 

ИХИЙГ СУРЧ, МЭДЭХ ТАШУУР БОЛНО ГЭЖ ИТГЭДЭГ

Ж.СУВДМАА (“Өнөөдөр” сонин):

-Би 2015 онд сургуулиа төгсөөд “Өнөөдөр” сонин хэмээх их айлд анх хөл тавьсан. Ороод удаагүй, 20 гаруй хоногийн дараа БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм. Туршилтаар ажиллаж байсан би хариуцсан ажлаа дуусгачихаад жийнсэн өмд, ноосон цамцтай очсоноо тодоос тод санадаг. Жигтэйхэн ичиж билээ. Нийтлэл, бүтээлийг нь амтархан уншдаг нэртэй сэтгүүлч, зохиолчид, цэнхэр дэлгэцээр эчнээ танил болсон эрхмүүд цугласныг хараад балмагдсан. 2016 оны БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяртай давхацсан. Шилдэг арвыг манай сонины сэтгүүлчдийн бүтээл тэргүүлж, тэднийгээ дагаад догдолж, огшсоор байгаад л дууссан. Харин өнөө жил тэдний догдлолыг өөрөө мэдэрлээ. “Түрүүлэхдээ, тэмцэлдэхдээ гол биш, энэ уралдаанд бүтээлээ сойх нь, тэр олон сэтгүүлчийн дунд чиний нэр байх нь л чухал” гэж дотнын сэтгүүлч эгч минь хэлсэн. Би яг үүнийг л бодож “Балдорж” сангийн уралдаанд бүтээлээ явуулдаг байсан. Шилдэг аравт багтсандаа итгэж өгөхгүй, одоо хүртэл “шок”-ноосоо гараагүй явна.

Унших, сонсох, үзэх гурвыг сэтгүүлчид хоол идэж, цай уудаг шигээ хэвшил болгох хэрэгтэй гэдэг. Энэ шагнал ихийг сурч, мэдэх ташуур болно гэдэгт итгэлтэй байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт үүссэн нөхцөл байдлыг анх хэлэхэд газар дээр нь очиж нүдээр үзэж, сурвалжлах үүрэг өгсөн, дэмжсэн хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат ахдаа баярлаж явдаг. Мөн бичсэн зүйлийг минь шүүмжилж, чиглүүлэн, үнэтэй зөвлөгөө өгч, үлгэрлэдэг “Өнөөдөр”-ийн бүх мундгууддаа талархаж явдаг шүү.

БАЛДОРЖ ШАГНАЛ ӨӨРИЙГӨӨ СОРИХ ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ

Б.ЭНХЗАЯА (“Зууны мэдээ” сонин):

-Өнгөрсөн онд БАЛДОРЖ уралдаанд гаргасан амжилтаа бататгасандаа баяртай байна. Монголын сэтгүүлчид жил тойрон бүтээлээ сойдог энэ уралдаан залуу сэтгүүлчдийн хувьд өөрийгөө сорих хамгийн том боломж төдийгүй урам хайрласан даль жигүүр юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч би сэтгүүл зүйн тогооныхоо аль хэсэгт нь явж байгаа бол, өсөж дэвжиж байна уу, миний хөндсөн сэдвийг энэ салбарын толгой сэтгүүлчид, мэргэжлийн шүүгчид хэрхэн үнэлж байна вэ гэдэг байнгын хариулт нэхсэн, түүнийхээ төлөө илүү их хөдөлмөрлөхийг шаардсан үнэ цэнэтэй шагнал юм. Цаашид дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бүтээл туурвихын төлөө улам хичээх болно. Өөрийгөө олохын, сэтгүүлч мэргэжилдээ эзэн байхын гүүр болсон “Зууны мэдээ” сониныхоо хамт олонд талархсанаа илэрхийлье.

МАНАЙ ГЭР БҮЛ “БАЛДОРЖ” САНГИЙН УРАЛДААНЫ ТАВАН ШАГНАЛТАЙ БОЛЛОО

Э.ХҮРЭЛБААТАР (“Өдрийн сонин”):

-2015 онд БАЛДОРЖ шагналтан болж, өнгөрсөн онд уралдаанд оролцолгүй өнжөөд энэ жил бүтээлээ сойлоо. “Хүрэлбаатар байнга л томилолтоор явдаг” гэдэгчлэн энэ жил Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Эрдэнэцагаан руу явж сурвалжилга хийсэн. Монгол адуу үй олноороо тарчлан үхэж байгааг нүдээрээ харж, шалтгааныг хөндөн бичсэн. Мөн Ховд аймгийн Монгол Алтайн нуруу руу сурвалжилганд явлаа. Шилдэг аравт багтсандаа баяртай байна. Өнөө жил гэргий минь БАЛДОРЖ шагналтан боллоо. Ингээд манай гэр бүл “Балдорж” сангийн уралдааны таван шагналтай болж байна. Маш их баяртай байна. Монголын сэтгүүл зүйд сэтгүүлчдийн үнэлэмжийг бий болгодог “Балдорж” сангийнхаа хамт олонд баярласнаа илэрхийлье.

ЯГ ИЙМ БАЙДЛААР ХАНДВАЛ ТУУЛ ГОЛ УРТ НАСЛАХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХЫГ ЗОРЬСОН

Э.ХАРЦАГА (“Өнөөдөр” сонин):

-“Балдорж” сангийн уралдаанд өмнө нь гэрэл зургийн төрөл огт байгаагүй. Дөрөв, таван жил “заргалдаж”, санал дэвшүүлсний дүнд мэргэжил нэгтнүүд минь БАЛДОРЖ шагналын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Гэвч өнгөрсөн жил би уралдаанд оролцож чадаагүй нь харамсалтай. “Энэ л гайгүй үнэлэгдэх болов уу” гэж найдсан зураг байгаагүй л дээ. Үүний дараачаас ямар зураг авч, уралдаанд сойх талаараа нэлээд бодох болсон. Бүр “Балдорж сангийн уралдаанд сойх зураг” гэж анхаарлын тэмдэгтэй бичээд хөргөгчин дээрээ наасан. Ингэж бодсоны эцэст Туул голыг “онилсон”. Хаанаасаа эхлээд бохирддог, аль хэсэгтээ цэвэр байна, үүнд юу нөлөөлдөг, иргэд Туулыг яаж “балладаг”, ойр орчмынх нь бохирдол ямар аймшигтай хэмжээнд хүрсэн, хүмүүсийн буруутай үйлдлээс болж экологийн тэнцвэрт байдал хэрхэн алдагдсан зэргийг харуулах зургийг би жилийн турш авсан. Хэрэв бид, тэр дундаа нийслэлчүүд байгальдаа яг ийм байдлаар хандсаар байвал Туул гол урт наслахгүй гэдгийг бүтээлээрээ харуулахыг зорьсон. Хамгийн гол зураг нь энэ байсан юм билээ. Үүнээс гадна Нүхтийн аманд гарсан түймрийн үеэр авсан зургаа уралдаанд сойсон.

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид “Балдорж” сангийн уралдаанд идэвхтэй оролцож буйд баяртай байна. Энэ жилээс уралдаандаа идэвхтэй оролцож, бүтээлээ явуулна. Би гэрэл зураг аваад 20 жил боллоо. Анх Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин М.Цэрэнжамцын Өсвөрийн зохион бүтээгчдийн ордонд удирдан явуулдаг байсан дугуйланд сурч төгсөөд, үүгээрээ дамжин сэтгүүл зүйн ангид суралцсаныхаа дараа “Өнөөдөр” сонинд ажилласан. Мундаг гэрэл зурагчидтай хамтран ажиллаж байлаа. Одоо тэднийхээ галыг сахиад, сониндоо сайн зураг гаргахыг хичээн, зүтгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай