Шумууланд хазуулснаас болж гараа тайруулжээ

Шумууланд хазуулснаас болж гараа тайруулжээ

Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр иргэн Б-гийн зүүн гар нь хавдаж, үрэвсээд ГССҮТ-д иржээ. “Шумуулд хазуулснаас гар хавдсан” гэж тэрбээр эмчид хэлсэн байна. Гэтэл гарын шарх нь үрэвсэж, хор биеийн бусад хэсгээр тархах эрсдэлтэй байсан тул түүний гарыг тайрчээ. Энэ мэтээр шумуулд хазуулснаас үүдэн гар, хөлөө тайруулах, нас барах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ. ГССҮТ-ийн Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн их эмч А.Сэргэлэнхадаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шумуулд хазуулж гараа тайруулсан гэх өвчтөн хэзээ, хаанаас ирсэн юм бэ?

-Говь-Алтай аймгаас долдугаар сард ирсэн иргэн зүүн гарын алганы арталдаа жижигхэн шархтай байсан. Юунд хазуулснаа сайн мэдэхгүй, шумуул байх гээд тоогоогүй юм билээ. Удалгүй шарх нь үрэвсэж, бугуй руугаа хавдсан гэсэн. Сумынхаа болон аймгийн эмнэлэгтээ эмчлүүлээд үр дүнд хүрэлгүй, гар нь тохой хүртэл хавдаж, үхжилт үүсч эхэлсэн. Тиймээс хотод яаралтай ирсэн юм билээ.

Эхний ээлжинд хавангаас нь цусны урсгал, мэдрэлийн судсуудыг чөлөөлөх мэс засал хийж, амийг нь аварсан. Гар нь хавдаад судас, мэдрэлээ дарчихсан байв. Түүнд долоо хоногийн зайтай хоёр удаа мэс засал хийсэн.

Дашрамд дурдахад, ГССҮТ-д өдөрт хамгийн багадаа 400 орчим хүн үйлчлүүлдгийн 25 орчим хувь нь шумуул, хорхой шавьж, могойд хазуулж, хатгуулсан гэх оноштой эмчлүүлдэг байна. Зуны цагт хөдөө орон нутаг, нийслэлд зусландаа гарсан иргэд шумууланд хазуулж, хорхой, могой, үл мэдэгдэх шавьжинд хатгуулснаас шарх нь хавдаж, халуурсан зэрэг зовиуртай эмнэлэгт ханддаг гэнэ.

Ямар нэг шавьжинд хатгуулж, шархтай болсон иргэд эмчид хандалгүй удаан явснаар хордлогод орж, энэ нь дотоод эрхтэндээ нөлөөлснөөр үхэлд хүргэх эрсдэлтэй. Шавьжинд хазуулсан тохиолдолд ЗӨСҮТ-д бус, ГССҮТ-д яаралтай хандах ёстойг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай