Шүлхийг хяналтаасаа алдах нь

Шүлхийг хяналтаасаа алдах нь

Шүлхий өвчний дэгдэлттэй холбогдуулан нийслэл дэх малчин өрхүүдийг хотын зах руу нүүлгэхээр болоод буй. Ингэхдээ мал адгуулахыг зөвшөөрсөн бүс буюу Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV, Сонгинохайрханы XXI, XXXII хороонд малтай иргэдийг суурьшуулахаар болсон юм. Гэвч дээрх таван хорооны хоёрт нь шүлхий өвчний тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Хан-Уул дүүргийн XII хорооны нутагт шүлхий дахин гарав.

Өвчилсөн хоёр үхрийг устгаж, хөл хорио тогтоосон бөгөөд эрсдэлтэй бүс дэх арав гаруй өрхийн малыг холбогдох албаныхан хяналтандаа байлгаж буй талаар эх сурвалж мэдээлэв. Мөн тэнд байрлах Х сургуулийг хорио цээрийн бүсээс гаргаж, иргэдэд хүндрэл учруулахгүй байх бүх арга хэмжээг авч байгаа гэнэ. Тэгвэл энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг, төмөр замын 361 дүгээр км-ийн гарам орчимд амьдардаг айлын хоёр үхэр шүлхийгээр өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Ингээд холбогдох албаныхан авсан дээжээ шинжилж, өчигдөр шүлхий өвчин мөн болохыг лабораторийн шинжилгээгээр нотлов.

Тэнд амьдарч байсан нэгэн өрх Төв аймагт түр суурьшаад, буцахдаа малдаа вакцин хийлгээгүй аж. Вакцинжуулалтын завсрын үе буюу долдугаар сард эднийх 361 дүгээр км-ийн гарамд нүүж ирсэн учраас мал эмнэлгийнхэн анзааралгүй өнгөрөөсөн тухай тэндхийн иргэд ярилаа. Үүний уршгаар 16 өрх өнгөрсөн даваа гаригаас эхлэн хөл хорионд оржээ. Хорио цээрийн дэглэм хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тэдний 12 нь малтай бөгөөд сүүгээ зардаг гэнэ.

Өвчин гарсны улмаас айлууд амьжиргаагаа залгуулахад бэрх болжээ. XXI хорооны иргэн Ж.Аривжих “Нийслэл рүү орох төв зам дагуу хөл хорио тогтоож буй нь эрсдэлтэй гэдгийг онцгой байдлынхан ярьсан. Хяналт сул байгаа учраас л ийм өвчин гарч байгаа болов уу. Мал эмнэлгийн мэргэжилтнүүд ер нь харагддаггүй. Манай хороонд малтай өрх олон. Хэрэв шүлхий даамжирвал аюул нүүрлэнэ” хэмээн ярив.

Долдугаар сарын 23-наас хойш нийслэл бүхэлдээ хөл хорионд орсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосноор энэ бүхэн эхэлсэн. Тодруулбал, эл хорооны гурван хэсэгт хяналтын цэг байгуулж, хөдөлгөөн хориглосон 21 хоног нь дуусаагүй байхад Хан-Уул дүүргийн Х хорооны нутаг, Морингийн даваанд 28 хоног хөл хорих шийдвэр гаргасан юм. Морингийн даваа орчимд тогтоосон хорио цээрийн дэглэм одоо хэр нь цуцлагдаагүй байгаа. Өдгөө тэндхийн 865 өрхийн 1800 гаруй хүн хөдлөх эрхээ хасуулан амьдарч буй.

Шүлхийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 200 гаруй үхэр устгажээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүлхий өвчний тархалтыг зогсоож чадахгүй байгаа нь холбогдох албаныхны ажлын хариуцлагагүйтэй холбоотой гэдгийг онцлоод, хэд хэдэн захирамж гаргасан. Тухайлбал, Улаанбаатар руу мал хөлөөр нь оруулах, товчоодын дэргэд худалдахыг хориглосон.

Гэвч Баянзүрхийн болон Эмээлт дэх товчоонд иргэд хонь, ямаа тууж авчраад, худалдсаар байгаа юм. Мөн уул даван ирж, суурьших иргэд ч олширчээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн ийм байдал гарч байгаа ч хянах боломжгүйг тэмдэглээд “Бид дур мэдэн мал тууж буй хүмүүст арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдрийн (өчигдрийн) байдлаар гурван малчныг тус бүр 100.000 төгрөгөөр торголоо” хэмээн ярив.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай