“Уриа, тунхгаа орхиод бодитой ажил хийж, шийдэлд хүрмээр байна”

2010 онд шинэчилсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Аюулгүй байдлын чухал хэсэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал” хэмээн тусгасан. Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүний хувьд санаачилга гарган Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Уг чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермер, малчин, тариалан эрхлэгч болон судлаач, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцов.

Чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн. Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлын талаар олон жил ярьсан ч ямар ч шийдэлд хүрээгүй. Одоо элдэв тодорхойлолт, уриа, тунхгаа орхиод бодитой ажил хийж, шийдэлд хүрмээр байна” хэмээн шууд барьж авах гаргалгааг тус чуулганаас олоосой гэж хүсэж буйгаа үгийнхээ эхэнд тэмдэглэсэн. Мөн “Хүнсний үйлдвэрүүдэд урт хугацаатай, хүү багатай зээл олгож гэмээнэ эргэлтийн хөрөнгөтэй болж, өрсөлдөх чадвар нь сайжирна. Хүнсний салбарт олон жилийн түүхтэй компаниудад түүхээр нь банкууд зээл олгох ёстой. Салбартаа үнэнч ажилласан хүмүүсээс банк үндсэн хөрөнгө, бусад зүйл шаардах хэрэггүй.

Монгол Улсад нэг үеэ бодвол хүлэмжийн аж ахуй боломжийн хөгжиж байна. Хүлэмжийн аж ахуйг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зэргээр Засгийн газраас дэмжвэл гарал үүсэл нь тодорхойгүй, хортой ногоо импортлохыг хязгаарлах боломжтой. Хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаа ч хөдөлгөх шинжгүй. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20 хувийн гаалийн татвар тавихад л чамлахааргүй дэмжлэг болно.

Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд л тариалан эрхэлдэг. Эл хэмжээг гурван хувьд хүргэчихвэл гурил, буудай, хивэг болон төмс, лууван, рапс экспортлох бэлээхэн зах зээл хажууд байна. Гагцхүү нийлүүлэлт, түүнийг дэмжих төрийн бодлого, зохицуулалт алга. Улаан буудайн урамшуулал гэж тонн тутамд 50-70 мянган төгрөг олгохоос өөр олигтой шийдэл алга. Энэ нь ч цагийн эрхээр хуучирч, дэм өгөхөө больж байна. Усалгаатай тариалан хөгжүүлэх нь урамшуулал олгохоос илүү чухал болжээ.

Махны экспортод ч боломж муугүй байгаа. Малын эрүүл мэндийг стандартад хэрхэн нийцүүлэх юм, хөршүүдтэй ямар байдлаар хамтрах вэ гээд гарц хайвал олдож л таарна. Хүнсний асуудлаар дамжиж өнөөдөр бидэнд ямар асуудлууд тулгарч буйг ч хэлэх ёстой. Өнөөдөр хүүхдийн өвчлөлийн асуудал, ялангуяа шүдний өвчлөл анхаарал татах хэмжээнд хүрээд байгаа” гэв.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, үүнийг нь сайжруулах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг тус чуулганаар боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэхэд шахаж ажиллахаа Төрийн тэргүүн төгсгөлд нь анхааруулсан юм. Үндэсний чуулганыг угтан өнгөрөгч сараас салбар хуралдаанууд хийж, мах, сүү, өндөг, ундаа, савласан ус, тос, төмс, хүнсний ногоо, гурил үйлдвэрлэгчидтэй тус тусад нь уулзаж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай