Виз мэдүүлэх цагаа утсаар урьдчилж авах боломж бүрдлээ

Виз мэдүүлэх цагаа утсаар урьдчилж авах боломж бүрдлээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “Цахим иммигрэйшн” зорилтынхоо хүрээнд “Утсаар цаг авах” үйлчилгээ нэвтрүүлжээ. Үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн “Утсаар цаг авах үйлчилгээ” өчигдрөөс ажиллаж буй юм.

Ингэснээр виз, зөвшөөрөлтэй холбоотой бүхий л үйлчилгээг утсаар цаг авч, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. “ГИХГ-ын үйлчлүүлэгчид нь гадаадын иргэд, тэр дундаа Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, боловсролын салбарынхан байдаг. Тиймээс тэдний цаг завыг хэмнээд зогсохгүй, аливаа чирэгдлийг багасгах шинэлэг үйлчилгээ нэвтрүүллээ.

Мөн нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг хэлбэр гэж болно. Учир нь Иммигрэйшний байгууллагаас цаг авчихсан байхад дараалалд хүлээж зогсох шаардлагагүй, тухайн цагтаа л үйлчилгээгээ аваад сэтгэл хангалуун гарна гэсэн үг” гэж тус газрын Зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн О.Эрхэмжаргал хэллээ.

ГИХГ-ын Зөвлөгөө мэдээллийн 1800-1882 дугаарын утсаар холбогдож цаг авах аж. Тус газрынхан сар хүртэлх хугацаанд багтааж цаг олгох бөгөөд үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирээд үйлчилгээгээ авах боломжтой болжээ. Гадаадын иргэд холбогдох хууль, журмын хүрээнд тавьсан шаардлагын дагуу материалаа бүрдүүлсэн байх ёстой гэнэ. Тус газрынхны өгүүлж буйгаар үйлчлүүлэгчид материалаа дутуу бүрдүүлдэг, чанарын шаардлагад нийцэхгүй зураг өгөх, анкетаа бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг асуудал гаргадаг юм байна. Материалын бүрдэл дутуугаас үйлчилгээ удааширч, чирэгдэл үүсдэг аж.

Утсаар цаг аваагүй хүмүүст урьдын адил дугаар олгож үйлчлэх гэнэ. Үүнээс гадна энэ сарын 20-ноос Виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн туршихаар болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай