Б.Магнайжаргал: Монгол гэсэн брэнд бий болгохын тулд залуус хамтдаа зүтгэх хэрэгтэй

Баатарын Магнайжаргалыг найз нөхөд нь маш тусархаг залуу гэж дүгнэдэг. Учир нь тэр АНУ-д магистрын зэрэг хамгаалахаар суралцахын хажуугаар Виржиниягийн олон улсын их сургууль (VIU)-д Маркетинг, мэдээлэл сурталчилгааны албанд ажиллаж, өөртэй нь адил сурч мэдэхийг хүссэн хүн бүрт тус болохыг хичээдэг юм билээ.

Эрх чөлөөний орон Америкт оюутан залуус сурахын хажуугаар ажиллаж, хөдөлмөрлөх ямар боломж байдаг талаар ярилцахаар Б.Магнайжаргалыг “Let’s chat” буландаа урилаа.

-Та АНУ-д суралцахын зэрэгцээ их сургуульдаа ажилладаг юм байна. Сургуульд ажилласнаар ямар давуу тал, боломж нээгдэх бол?

-Би АНУ-ын нийслэл Вашингтон Д.С хотоос холгүй орших Виржиния мужийн Файрфакс хот дахь Виржиниягийн олон улсын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Сургуулийнхаа Маркетинг, мэдээлэл сурталчилгааны албанд ажиллаад жил гаруй боллоо. Америкчуудын ажиллах соёл, ажлын байрны ёс зүйг оюутан байхдаа сураад авна гэдэг бол надад маш том завшаан юм л даа. Энэ нь төгсөөд ажлын байр олж, дадлага хийхэд их тустай.

Сургуульд ажилласнаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, хэрэгтэй мэдлэг, мэдээллээ цаг алдалгүй олж авах давуу талтай. Манай Маркетинг, мэдээлэл сурталчилгааны алба АНУ-д суралцах хүсэлтэй гадаадын оюутан, залууст бодит мэдээлэл хүргэх үүрэгтэй. Дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган оюутан манай сургуулийн сайтаас сонирхсон мэдээллээ авдаг.

Энд ажилласнаар ер нь мэдээллийг хэрхэн зөв, оновчтойгоор зорилтот зах зээлдээ хүргэх, хэрэглэгчээ яаж зөв сонгох, цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлж алхах зэрэгт суралцаж байна. Үүний дээр сургуулиас шинэ ажилтнуудаа аль болох сургаж, дадлагажуулж, хөгжүүлэхэд анхаардаг нь таалагддаг.

-Их сургуульд ажиллахад ямар шалгуур тавьдаг вэ?

-Айж эмээгээд байх өндөр шалгуур байхгүй л дээ. Ерөнхийдөө сайн дурын ажилд идэвхтэй оролцож, хүмүүстэй танилцан, нөхөрлөж, хичээлдээ амжилттай сурч байгаа нөхцөлд шалгаруулалтад тэнцэх магадлал өндөр. Номонд хайртай, ном унших дуртай оюутнууд сургуулийн номын санд ажиллах боломж нь илүү байх жишээтэй.

Ажлын байрны онцлогоос шалтгаалаад тавих шалгуур нь мэдээж өөр. Би гэхэд Маркетинг, мэдээлэл сурталчилгааны албанд орохын тулд 10 гаруй орны оюутнуудтай дөрвөн сар өрсөлдөөд шалгарч үлдсэн.

-АНУ-д суралцах хүсэлтэй монгол залууст цахим сүлжээгээр үнэгүй зөвлөгөө өгдөг юм байна. Залууст ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ?

-Бэлтгэлгүй шахам ирчихээд, шууд л суралцах гээд байдаг. АНУ-д сурах бэлтгэлээ Монголдоо сайн хангавал мөнгө, хугацаа хэмнэнэ гэдгийг ойлгодоггүй юм шиг. Жишээ нь, англи хэл сайтай бол хэлний бэлтгэлд олон сар суухгүйгээр шууд л академик шатны ангид орох боломжтой. Бас суралцах мэргэжлээ сонгочихоод ирэх хэрэгтэй. Манай сургууль гэхэд бизнес, боловсрол, мэдээлэл технологи, олон улсын харилцаа, англи хэл гэсэн таван салбар сургуультай.

TOEFL-ийн оноогүй ч энд ирсэн хойноо англи хэлний шалгалт өгч, хэлний бэлтгэлд суух боломжтой нь манай сургуулийн онцлог. Энэ мэт сурах гэж буй сургуулийнхаа давуу талуудыг сайн судалж байж ирээсэй. Залхуурч, янз бүрийн хүний үгэнд итгэж болохгүй. Хэрэгтэй мэдээллээ аль болох өөрсдөө олж авч, өөрийгөө бэлэн байгаа эсэхийг тухайн сургуулиудын цахим хуудас руу ороод шалгачих хэрэгтэй. Дээрээс нь манайхан найдвартай эсэх нь мэдэгдэхгүй зуучлагч нарт их мөнгө алдаж байна.

Албан ёсны зуучлагч байгууллагууд оюутнуудаас элсэлтийн хураамжаас өөр ямар ч нэмэлт төлбөр авах ёсгүй. Тэгэхээр сайтар судлан, зөв мэдээлэл олж авч, түүнийхээ дагуу ирж байгаасай. Хэрэв надаас мэдээлэл авахыг хүсвэл миний и-мэйл хаягаар (magnbaat@campus.viu.edu) холбогдож асууж болно шүү. Мэдсэн сурсан зүйлээ монголчуудтайгаа хуваалцахад таатай байх болно.

-Залуус Америкт суралцахыг хүсдэг ч тус улсад оюутан болж амьдрахад ямар онцлогтойг сайн мэддэггүй?

-Мэдээж Холливудын кинонд гардаг шиг биш л дээ. Би гэхэд ТОEFL өгч, өөрийгөө Монголд байхдаа сайн бэлтгэсэн гэж бодсон ч энд ирэхэд бүх зүйл төсөөлснөөс өөр, хэцүү байв. Жишээ нь, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, англиар ярьдаг ч янз бүрийн дуудлагатай хүмүүстэй харилцахад хүндрэл гарч эхэлсэн.

Чих онгойж, орчиндоо дастал нэлээд хугацаа орсон л доо. Цаашлаад хичээлийнхээ хөтөлбөрийг нарийн төлөвлөсөн, тусгайлсан стандартын дагуу хийхийг шаарддаг. Оюуны өмчийг хамгаалах асуудал энд маш чухал учраас мэдээллийн эх сурвалжаа дурдахгүй, эсвэл эх сурвалж цөөнтэй байвал багш нар дүн тавихгүй, харин ч оноо хасна.

-Мэдээж олон орны үе тэнгийнхээ залуустай өөрийгөө харьцуулна биз?

-Манайд дэлхийн 100 гаруй орны залуус суралцдаг. Сургууль маань өөрөө non-for-profit буюу ашгийн төлөө бус их сургууль учраас манайхыг сонгож, суралцах хүсэлтэй залуус их байдаг. Европ, Энэтхэг, Африк, Өмнөд Америк гээд олон орноос унаган англи хэлтэй оюутан олон ирнэ. Тэр бүгдтэй өрсөлдөнө гэдэг анх ирж байгаа, тэр тусмаа англи хэлний мэдлэг тааруу хүмүүст мэдээж хүнд л дээ. Үе тэнгийнхээ мундаг залуустай мөр зэрэгцэн суралцахад өөрийгөө голох үе олон гарна. Тэр бүрт өөртөө тавих шаардлага минь улам нэмэгддэг.

-Орон орны оюутнууд өөрийн гэсэн онцлог давуу талтай. Монгол оюутнууд юугаараа ялгардаг бол?

-Энэтхэг оюутнууд маш хүлээцтэй бол Өмнөд Америкаас ирсэн залуус байр суурь, үзэл бодлоо хамгаалахдаа их сайн. Хятад, Өмнөд Солонгосын оюутнууд юмыг их нарийн төлөвлөөд зогсохгүй багаар ажиллахдаа сайн шүү. Манайхан англиар ярьсан зүйлийг ойлгохгүй, ярьж чадахгүй шахам ирдэг ч аливааг хүлээж авахдаа хурдан, эцсийг нь үзэх гэдэг. Бүгд өөртөө том зорилго тавиад, түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж явааг нь хараад бахархах сэтгэл яах аргагүй төрдөг шүү.

Бид бас их эх оронч хүмүүс гэдгийг энд ирсэн цагаасаа мэдэрч байгаа. Гадаадын маш олон оюутан, багш нар “Монгол оюутан бүр эх орон руугаа буцна гэх юм. Яагаад энд үлдэх сонирхолгүй байдаг юм бол” гэж гайхдаг. Бид маш цөөхүүлээ, хүн бүр эх орондоо хэрэгтэй гэдгээ манайхан ойлгодог байх аа.

-Магистрын зэргээ хамгаалчихаад Америкт үлдэж, ажиллах уу, эсвэл?

-“Unitel” группэд ажиллаж байсны хувьд орчин үеийн дэвшилт техник технологийг энд ирсэн хойноо ч сонирхож судалсаар байна. Иймд төгсөөд Америкийн харилцаа, холбооны томоохон компаниудын аль нэгэнд нь жилийн хугацаанд дадлага хийгээд эх орон руугаа буцах бодолтой байгаа. Бизнесийнх нь орчин нөхцөл болон хүмүүс өөр хоорондоо хэрхэн баг болж ажиллаж буйг судлаад, тэр бүхнээ Монголдоо хэрэгжүүлэх зорилго тээж явна.

-Монголдоо тогтсон сайхан ажил, албан тушаал, нэр хүндтэй болчихсон хүмүүс АНУ-д суралцахыг хүсэх нь ховор. Таны тухайд, энд ирсэндээ амаа барих үе гарсан уу?

-Миний хувьд эргэж буцах зүйл байгаагүй, харин ч хожсон. Монголдоо байр сууриа дээшлүүлээд үргэлжлүүлэн ажиллах уу, гадаадад суралцах уу гэдэг дээр эргэлзсэн үе бий. Гэхдээ дэлхий нийттэй хөл нийлүүлж алхахыг илүүд үзсэн. Америкт ирснээр хүн хөгжиж боловсроод зогсохгүй, өөрийгөө олох гэдэг том зүйлд суралцдаг юм билээ.

Хүнд үед гаргаж буй шийдвэр бүхэн минь өөрийгөө олоход тусалдаг. Ганцаараа байхад их л олон зүйл бодогддог шүү. Дээрээс нь Магнайжаргал гэдэг хувь хүнээс илүү эх орны маань нэр гарах тул хариуцлага нэмэгддэг.

-Монголын талаар америкчууд ямар ойлголттой байдаг бол?

-Мэдээж Чингис хаан болон нүүдэлчний ахуй соёлоор нь илүүтэй мэддэг. Бид дэлхий нийтэд өөрсдийгөө сурталчлахдаа энэ хоёрыг л урдаа барьдаг болохоор тэр байх. Гэвч үнэндээ үүнээс өөрөөр, бас илүү өргөн хүрээтэй Монголыг олж хараасай гэж хүсдэг шүү. Хүний тоо яривал манай улс Америкийн жижиг хоттой л дүйнэ. Гэхдээ бидний түүх ямар билээ. Иймд Монгол гэсэн брэндийг дэлхийд бий болгож, аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд залуус бид хамтдаа зүтгэх хэрэгтэй байна. Бас хүн бүр сайн сурч, боловсроод хүссэн мэргэжлээрээ ажиллавал эх орондоо оруулж буй том хувь нэмэр юм даа.

-Залуус мэргэжил сонгохдоо алдах нь бий. Америк хүүхдүүд мэргэжлээ яаж сонгодог юм бол, анзаарав уу?

-Өглөө ажил руугаа, орой гэр рүүгээ яардаг хүн хамгийн жаргалтай гэдэг байх аа. Америк залууст ч мэргэжлээ зөв сонгоход нь асуудал тулгардаг. Гэхдээ америк эцэг эхчүүдийн давуу тал нь хүүхдүүддээ цаг зав гарган, үгийг нь сонсож, ярилцахдаа сайн. Дунд сургуулиа төгсөөд яг юу хийх, ямар чиглэлээр сурахаа шийдээгүй бол нэг жил өнжиж, өөрийгөө бэлтгэдэг юм билээ.

Манайхан бол эсрэгээрээ, хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг, эсвэл бүтэн жил алдаж байхаар ямар ч хамаагүй сургуульд оруулъя гэдэг. 14, 15-тай оюутантай Монголд таарч байсан. Насан туршдаа хийх ажлаа сонгож байгаа учраас өсвөр үеийнхэн мэргэжлээ сонгохдоо өөрийгөө сайн сонсож, хувь заяандаа хариуцлагатай хандаасай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай