М.Уранцэцэг: Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш нь тавьсан

Дэлхийн хошой аварга болохыг олон жилийн турш зорьсон юм сан. Энэ удаа мөрөөдөлдөө хүрэхэд ганцхан даваа үлдсэн ч даанч чадсангүй. Дэлхийн дэд аварга болчихоод мөнгөн медалиа улсынхаа Ерөнхийлөгчөөс гардаж авах мөчид түрүүлж чадаагүйдээ бүр их харамссан. Хэдийгээр ДАШТ-д аваргын төлөө хоёр удаа барилдан, Төрийн дууллаа эгшиглүүлсэн ч өдий хүртэл хөдөлмөрлөчихөөд олимпын медальгүй гэж бодохоор сэтгэл гонсойдог. Одоо надад олимпоос бусад бүх тэмцээний түрүү бий. Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө дахиад зүтгэнэ ээ” хэмээн Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг өгүүлэв.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, өдгөө 27 настай тэрбээр хэдхэн хоногийн өмнө дэлхийн дэвжээнд үзүүрлэн, ДАШТ-ий хос медальтан болсон юм. Жүдогийн спортоос мэндэлсэн Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэгийг “Өнөөдөр” сонин зочныхоо хойморт урилаа.

-Монголчууд бид “Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” хэмээн чоныг ихэд хүндэлж, дээдэлдэг. Таныг барилдахын өмнөх шөнө Ш.Цэвэлмаа багш тань хээрийн амьтан зүүдэлсэн гэж сонссон.

Айсуй ялалт, амжилтыг тань зөгнөлөө гээд багш, шавь хоёр бэлгэшээж байсан нь лавтай.

-Багшийн зүүд дэлхийн дэд аварга болохыг минь зөгнөсөн гэдэгт итгэдэг. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн юм билээ. Барилдахын өглөө багш минь “Шөнөжингөө чоно зүүдэллээ. Бэлгэшээлтэй сайхан санагдаж байна. Дотор онгойчихлоо. Миний охин өнөөдөр өнгөлөг байна аа” гээд инээхэд нь их эрч, хүч авсан шүү. Нээрэн л түрүүлчих юм шиг санагдаад, бүр догдолсон.

Бэлтгэл, сургуулилалт сайтай, өмнө нь дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж байсан болохоор энэ удаа амжилтаа давтах, хошой аварга болохын төлөө зүтгэлээ. Харамсалтай нь, хараахан хүрч чадсангүй. Монголын ард түмнээсээ хүлцэл өчье. Уг нь түрүүлсэн бол ДАШТ-ий хошой алтан медальт Монголын анхны жүдоч болох байлаа. Гэхдээ юу гэж мөнгөн медалиа чамлах вэ. Баяртай байна аа.

-ДАШТ-ий хос медальтан болно гэдэг том амжилт ч хошой аварга болж чадсангүй гэж харамсах сэтгэл таныг нэлээд зовоосон болов уу?

-Шагналын тавцанд зогсож байхад “Хэрвээ түрүүлсэн бол гоё байхгүй юү” гэж бодон, зөндөө харамссан. Одоо ч гэсэн сэтгэл бага зэрэг гонсгор л байна. “Рио-2016” олимпод тааруу амжилт гаргасны дараа үнэхээр хүнд байсан. Хэсэг хугацаанд шоконд орсон шүү. Бразилаас эх орондоо ирснийхээ маргаашнаас бэлтгэлээ хийж, энэ жил дэлхийн дэвжээнд түрүүлнэ гэж хамгийн ойрын зорилгоо тодорхойлон хөдөлмөрлөсөн юм. Тэмцээн үүгээр дуусахгүй болохоор дахиад олон удаа аваргалахын төлөө хичээнэ ээ.

-Гавьяат тамирчин Д.Сумъяа таны дутууг гүйцээн, 13 минут барилдсаны эцэст түрүүлэхэд тайвширсан уу?

-Манай шигшээ багийнхан ямар ч гэр бүлээс дутахгүй элэгсэг, атгасан гар мэт байдаг. Өдөрт ойролцоогоор 2-3 удаа хамтдаа бэлтгэл хийнэ. За тэгээд байрлаж бэлтгэлээ базаавал хамтдаа “амьдарна”.

Ер нь гэр бүлдээ гаргаж амждаггүй цаг хугацааг жүдогийнхонтойгоо өнгөрүүлдэг. Нөгөөдөр нь Д.Сумъяа барилдан түрүүлэхэд ямар гоё байсан гэж санана.

Өөрөө түрүүлсэн юм шиг хөл газар хүрэхгүй шахам баярлалаа. Эмэгтэй хүн ямар их тэсвэр тэвчээртэйг яруу тод харуулсан Д.Сумъяагаараа бахархаж байна. Үнэхээр гайхалтай. Жүдогийн дүрмийг шинэчилснээс хойш 13 минут үргэлжилсэн эн тэнцүү өрсөлдөөнтэй, ийм хүнд барилдаан би лав үзээгүй.

Дэлхийн дэвжээнд хэн түрүүлэх нь хамаагүй, монгол хүн аваргалж, монголчуудаа баярлуулах нь л хамгийн чухал. Д.Сумъяа аваргалж байна гэдэг чинь бид хамт олноороо түрүүллээ л гэсэн үг. Манай жүдогийн шигшээ багийнхан “Хамтын хүч амжилт” гэсэн сайхан уриатай. Зөвхөн би бус хэн нэгнийгээ амжилт гаргахад урианыхаа үнэ цэнийг бүр их мэдэрдэг юм.

-Таны медалийг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан. Дэлхийн дэд аварга болчихоод мөнгөн медалиа Ерөнхийлөгчөөрөө зүүлгэнэ гэдэг яахын аргагүй ховор тохиолдол.

-Тийм шүү. Үүнээс илүү хувь заяа, аз завшаан гэж юу байх вэ. Үнэхээр сайхан санагддаг юм билээ. Тамирчин бүхэнд олдохгүй ховор тохиолдол л доо. Сайхан дурсамжаас гадна түүх болон үлдэх байх. Ерөнхийлөгчөөс мөнгөн медалиа гардаж авах мөчид “Түрүүлж, алтан медаль хүртсэн бол...” гэж бүр их харамссан. Ерөнхийлөгч маань ДАШТ-ийг очиж үзэн, тамирчдаа дэмжсэн нь бидэнд их урам хайрлалаа. Бидний ур чадвар дэлхийн жүдо бөхийн өнгийг тодорхойлох хэмжээнд хүрсэн нь яахын аргагүй Х.Баттулга ерөнхийлөгчийн гавьяа.

-Хагас шигшээд мөнхийн өрсөлдөгч тань гэж тодотгож болох олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт А.Кондог ялсан. Та түүнд “Рио-2016” олимпын хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж байсан шүү дээ.

Дахиад өвдөг шороодох вий гэж эмээсэн үү?

-Өнөө цагийн жүдо бөхийн хамгийн өрсөлдөөнтэй, олон шилдэг бөхтэй жин бол яахын аргагүй эмэгтэйчүүдийн 48 кг. Ер нь тэр тэрэнтэй, энэ энэнтэй нэг хэсэгт багтан, тэр нь дийлэх болов уу хэмээн миний таамаглаж байсны дагуу боллоо. Тамирчин бүхний барилдааныг нарийн судалж, тус бүрт нь тохирсон барилдааны төлөвлөгөө боловсруулж, мэх давтсан.

Медалийн өнгө шийдэх чухал даваанд түүнтэй таарах нь тодорхой байсан. Хийе гэж төлөвлөсөн мэхээ хийгээд, санасан барилдаанаа бүрэн гаргаж чадсаныхаа хүчинд яллаа.

-Аваргын төлөөх барилдаанд Японы 22 настай жүдоч Тонаки Фүнад дийлдсэн. Тэрбээр А.Кондотой харьцуулахад сул өрсөлдөгч. Гол өрсөлдөгчөө ялчихлаа гээд хэт тайвширсан тал бий юү?

-Ялна гэдэгтээ итгэлтэй, хэтэрхий тайван байсны улмаас дийлдсэн гэж алдаагаа дүгнэж байна. 

-Хамгийн хөнгөн жинд барилддаг гэдэг утгаараа эхний өдөр Г.Болдбаатар, Д.Амартүвшин та гурав зодоглосон. Та бүхэн өндөр амжилт гаргавал бусад бөх урам авна, медаль хүртэх итгэл нь бүр их нэмэгдэнэ.

Эсрэгээрээ доогуур даваанд өвдөг шороодвол сэтгэлээр унана. Энэ бүхэн танд дарамт болдог уу?

-Сайхан асуулт байна. Хөнгөн жинд барилддаг бөхийн онцлогуудын нэг нь энэ. Аливаа зүйлийн эхлэл их чухал. Амжилт гаргахад тамирчид маань урамшвал медаль хүртсэнээсээ дутахгүй баярладаг. Энэ жил Г.Болдбаатар гавьяат бид хоёрын амжилт булган сүүлтэй байж дахин дөрвөн медальтан төрсөнд бэлгэшээж байна. Бид хоёр эхлэлийг нь сайхан тавьснаас илүүтэй манай тамирчдын бэлтгэл яг таарсан болоод л ийм өндөр амжилт гаргасан нь дамжиггүй.

-ДАШТ-ээс Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, хоёр монгол жүдоч шагналын тавцанд зогсож байхыг харах сайхан байлаа. Ер нь Г.Отгонцэцэг та хоёрын өрсөлдөөн спорт сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн.

Түүнийг иргэншлээ солих шийдвэр гаргахад та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би энэ талаар юу хэлэх вэ дээ. Түүний сонголтыг хүндлэлгүй яах вэ. Отгоотойгоо хамт ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэх сайхан байлаа.

-Томоохон тэмцээнд таныг оролцуулаад Г.Отгонцэцэгийг өрсөлдүүлдэггүй байсны улмаас иргэншлээ сольсон гэж зарим хүн шүүмжилж байсныг нь нэг бус удаа сонссон юм л даа.

-Зөв ажигласан байна. Ийм буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг нь үнэн. Гэхдээ огт тийм биш. Г.Отгонцэцэг Монголд байхдаа бусад тамирчны адил тэмцээнд оролцон, шигшээ багт бэлтгэл хийж ирсэн. Отгоо амжилт гаргах хэмжээнд хүрэх үедээ иргэншлээ сольсон шүү дээ. Монголынхоо шигшээ багт бэлтгэл хийн, дасгалжуулагчдаасаа суралцсан нь түүний өнөөгийн амжилтад ташуур өгч байгаа болов уу.

-Ур чадвар, бэлтгэлээс гадна бусдаас юугаар илүү байсныхаа хүчинд өнөөгийн амжилтад хүрсэн гэж боддог вэ, та?

-Би өөрийгөө сэтгэл зүй сайтай юм болов уу гэж дүгнэдэг. Үүний сацуу хийе гэснээ тултал нь гүйцэтгэхийг эрмэлздэг, дуусгасныхаа дараа л сэтгэл амардаг. Чадна гэсэн бол чадахын төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг нь миний давуу тал юм болов уу.

-Өнөө цагийн жүдо бөхийн спортыг япон бөхчүүд тодорхойлж, цөөнгүй жинд ноёрхож байна. Бид тэднээс юугаараа дутуу байна вэ?

-Мэдээж үндэснийх нь спорт учраас жүдогоор барилдах нь япончуудад илүү ойр. Монголчууд бид цөөхүүлээ мөртлөө дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй нь яавч чамлах амжилт биш. Одоогоос хэдхэн жилийн өмнө япон, солонгос жүдочидтой учраа таарвал сэтгэлээр унадаг байсан үе бидэнд бий. Харин одоо бид бус тэд эмээдэг болсон. Бид жүдо өндөр хөгжсөн орнуудад хамтарсан бэлтгэл хийе гэж гуйдаг байсан үе ард хоцорлоо.

-Та ярилцлагынхаа эхэнд “Рио-2016” олимпод оролцсоныхоо дараа сэтгэлээр нэлээд унасан гэсэн. Хүнд үеийг даван туулж, бүхнийг шинээр эхлэх эрч, хүчийг юунаас авав?

-(Толгой сэгсрэв). Энэ тухай бодох бүртээ харамсдаг. Олимпоос медаль хүртэнэ, аваргална гэсэн зорилготой, тэгнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан хүн чинь ганзага хоосон хоцрохоор тэр хэрээрээ сэтгэлээр унадаг юм билээ. Их сонин барилдаанууд болсон шүү. Одоо хүртэл гайхаад байдаг юм. Хагас шигшээд л гэхэд БНСУ-ын бөх Жеон Бо Кеонтой барилдаж байхдаа санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, дэвжээнээс хөөгдчихсөн.

Уг нь түүнийг ялаад л аваргын төлөө барилдах байлаа. Дагах тойрогт олимпын аварга С.Менезесийг ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа үндсэн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө дархан мэхэнд нь ороод, дийлдчихдэг байгаа. Тэр үед тэнгэр хөмөрчих шиг л болсон. Хүнд үеийг шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхнийхээ дэмээр даван туулсан даа.

Ханийг минь Г.Төрмөнх гэдэг. Таэквондогийн тамирчин байсан, одоо Хууль сахиулахын их сургуульд багшилдаг, намайг хамгийн сайн ойлгодог. Би эхээс дөрвүүлээ, хоёр ах, нэг дүүтэй. Дунд ах (Бат-Эрдэнэ) минь надад мэх заадаг, тэг ингэ гэж зөвлөнө. Манай гэрийнхэн намайг их дэмжиж, тэмцээнд оролцоход аль болох очиж үзэн, дээлийн минь захыг мушгихыг илүүд үздэг юм. Гэр бүлийнхэн минь дэмждэггүй, ойлгодоггүй байсан бол надаас амжилт гарахгүй нь тодорхой. Би жүдо барилдахын хажуугаар “Хүч” спорт хороонд дасгалжуулагчаар ажилладаг.

Намайг үргэлж дэмждэг Монголын жүдо бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хороо, БТСГ, “Хүч” спорт хорооны хамт олон, “Хамтын хүч амжилт” уриан доор нэг нэгнээ ирлэж, хурцлан, түшиж явдаг тамирчин, дасгалжуулагчид, гэр бүлийнхэн, найз нөхөд, ханьдаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Та 2005 онд дасгалжуулагч Ж.Баярсайханаар жүдо бөх заалган, энэ спорттой амьдралаа холбосон. Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэхэд олонх эцэг, эх дургүйцдэг юм билээ.

Таныг 15 настайдаа жүдоч болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би хоёр талаасаа бөхийн удамтай. Ялангуяа аавын талд аймгийн цолтой олон хүчтэн бий. Аав минь ч бас аймгийн начин цолтой. Би багын эршүүд. Аав минь өхөөрдөөд эрэгтэй хүүхдүүдтэй барилдуулахаар давчихдаг байлаа (инээв). Намайг хичээллэж эхлэхэд Монголд жүдо өнөөгийнх шиг өндөр хөгжөөгүй байсан болоод ч тэр үү, спорт сонирхогчид эмэгтэй жүдочдыг Х.Эрдэнэт-Од багшаар л төсөөлдөг байлаа.

Зарим нь бүр эмэгтэй хүн жүдогоор барилддаг гэхээр итгэдэггүй байсан гэнэ лээ. Ээж “Эмэгтэй хүн жүдогоор барилдана гэж юу байсан юм бэ” гээд эрс дургүйцсэн. Би ч жүдоч болно гээд л гүрийчихсэн. Жүдогоор бэлтгэл хийж эхлэхэд надад хэцүү санагдаагүй. Харин ч өмнө нь хийгээд сурчихсан зүйлээ давтаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

2006 онд “Женко” клубийн тамирчин болсноосоо хойш Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийнхаа удирдлагад бэлтгэл хийн, арга ухаанаас нь суралцаж яваагаараа бахархдаг.

-Та хэвтээ, орооцолдсон барилдаанд илүү дадамгай, богино хугацаанд ухаалаг шийдвэр гаргах чадвар сайтай. Энэ чадвараа амьдралд тохиосон чухал мөчид бүрэн ашиглаж чаддаг уу?

-Чаддаг шүү. Ерөөсөө төлөвлөөгүй байсан ажлаа хүртэл гэнэт шийдчих нь энүүхэнд.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Энэ үгийг бараг мартаж байна (инээв). Байгалийн сайханд аялангаа амрах дуртай. Даанч тийм зав ер гарахгүй юм.

-Та өөрийгөө улиралтай зүйрлэвэл алийг нь онцлох бол?

-Зунтай л зүйрлэнэ. Намайг уян, зөөлөн ааштай гэж хавь ойрынхон маань ярьдаг, тэгэхээр энэ улиралтай төстэй болов уу.

-Хамгийн том ах тань Монголын Үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнай гэдгийг хүмүүс андахгүй. Танд ер нь жүдо барилдахаас өөр авьяас бий юү?

-Ээ, дээ, маруухан даа. Ер нь байхгүй юм байна аа.

-Таныг аяга цуглуулах хообийтой гэж сонссон. Ер нь юуг нь чухалчилж цуглуулдаг вэ?

-Хэлбэр, хийц, үзэмж, эсвэл эртнийх байх нь чухал биш. Зүгээр өөрт таалагдсан аягаа л худалдан авч, цуглуулгаа арвижуулдаг. Намайг ийм хообийтойг мэддэг найз, танилуудын минь бэлэглэсэн аяга зөндөө бий.

-Танд олимпоос өөр түрүүлж үзээгүй тэмцээн бий юү?

-Байхгүй. ДАШТ, Их дуулгууд, Азийн наадам, Азийн АШТ гээд бүх л томоохон тэмцээнд түрүүллээ. Өдий хүртэл оролцсон тэмцээнээс хамгийн дурсамжтай нь 2013 оны ДАШТ. Алтан медалиа энгэртээ гялалзуулан, Төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа өөртөө итгээгүй. “Нээрэн үү, зүүд биш байгаа” гэж бодож билээ.

Одоо надад олимпын аварга болох туйлын ганцхан зорилго үлдсэн.

Токиогийн олимпод зорилгоо биелүүлэхийн төлөө бүхий л нөөц, боломжоо дайчлаад зүтгэнэ дээ. Ямар ч байсан Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш нь тавьсан. Нөхөр минь ч дэмжиж, ойлгож байгаа. Өдий болтол зүтгэхдээ ДАШТ-ий алт, мөнгөн медальтай гэж бодохоор заримдаа чамламаар санагддагаа нуугаад яах вэ. Риогийн олимпоос медаль хүртэх боломжоо алдсан. Гэхдээ дэлхийн аваргын төлөө хоёр удаа барилдсан амжилтаа чангаас чанга атгалгүй яах вэ.

Хэн дуртай нь ийм амжилт гаргах амаргүй л болов уу. Би хувьтай, азтай хүн. Маргааш (өчигдөр) бид Н.Түвшинбаяр аваргын улсын заан цолны мялаалгад оролцохоор явна. Аваргадаа хүндэтгэл үзүүлэнгээ, Булган нутагт гурван хоног амарчихаад ирэх төлөвлөгөөтэй. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынх. Намайг таван настай байхад манайх Улаанбаатарт шилжиж ирсэн юм. Томоохон тэмцээний өмнө юм уу дараа нь нутагтаа очин, мөргөчихөөд ирэхээс илүү жаргал гэж юу байх вэ. Энэ жил даанч очиж амжихгүй нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай