Ял шийтгэлийн тодорхойлолт олгох журамд өөрчлөлт оруулжээ

Ял шийтгэлийн тодорхойлолт олгох журамд өөрчлөлт оруулжээ

Цагдаагийн ерөнхий газраас 2017 оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн ял шийтгэлийн тодорхойлолт олгохгүй болжээ. 2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын А/12 тоот тушаалаар баталсан журмын дагуу ял шийтгэлтэй, эсэх лавлагааг тухайн иргэн материалаа бүрдүүлээд, хураамжаа төлсөн тохиолдолд цагдаагийн байгууллагаас олгодог байсан.

Харин өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд иргэний ялтай байдлыг байхгүй болгосонтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд өнгөрсөн долдугаар сарын 21-нд А/195 тоот тушаал гарган дээрх тушаалыг хүчингүй болгоод шинэ журам баталсан аж.

Шинэ журмаар иргэний ял шийтгэлийн лавлагаа авах эрх бүхий субъектыг тодорхой болгожээ. Үүнд зөвхөн төрийн байгууллагууд, мөн шаардлагатай тохиолдолд зарим байгууллагад эрүүгийн ял шийтгэлтэй, эсэх лавлагаа олгохоор заасан байна. Ингэхдээ шүүхээр ял шийтгэл эдлэх гэж буй, гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа иргэний ялтай, эсэх лавлагааг заавал шалгах ёстой. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагууд иргэний лавлагаа авахдаа цагдаагийн байгууллагад албан хүсэлтээ өгч байж авах болсон гэнэ.

Харин бусад тохиолдолд иргэнд ялтай, эсэх лавлагаа олгохоо больсон бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд, ЭСЯ-д иргэнээс ялтай, эсэх лавлагаа авч ирэхийг шаардах ёсгүй гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай