Мартаж болохгүй “хар” өдрийг нэхэн дурсав

Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Д.Гомбосүрэн “Аав минь лам хүн байсан. 1938 онд түүнд хилс хэрэг тулган, буудан хороосон юм. Дараа онд нь ээж минь нас барсан. Аравхан настайдаа өнчирч хоцорсон шалтгаан минь улс төрийн хэлмэгдүүлэлт. Тэр үеэс хойш би “Эсэргүүний хүүхэд” нэр зүүн, сурч, мэдэх эрхээ хасуулсан. Гэлээ ч өөрийн хүчээр улсдаа 30 жил зүтгэжээ. Их хэлмэгдүүлэлтийн уршиг энэ шүү дээ. Нялх багадаа өнчирсөн, цусаар уйлж өссөн хүн олон бий. Хэдийгээр аавд минь тохсон хэргийг цагаатгасан ч сэтгэл дэх хар толбыг арилгаж чадахгүй” хэмээн ярив.

Одоогоос 80 жилийн өмнө буюу 1937- 1939 онд 25.824 хүнийг хилс хэрэг тулган шийтгэснээс 20.474-ийг нь буудан хороох ял оноож байсан гэх сэртхийм баримт бий. 17 мянга орчим лам, хувраг хилс хэрэгт шийтгүүлсний 14 мянга нь цаазаар авахуулсан байдаг. Д.Гомбосүрэн бол хилсээр амиа алдсан хүмүүсийн үр хүүхдийн төлөөлөл. Түүнтэй ижил улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед эцэг, эх, төрөл, төрөгсдөө алдсан хүмүүс өнгөрсөн хоёр хоног тэднийгээ нэхэн дурсав.

Хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүйн тулд есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт өртөж, амиа алдсан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглээд 22 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хамбын овоон дахь хэлмэгдсэн лам нарт зориулан босгосон суваргад хүндэтгэл үзүүлэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан “Хойч үеийнхэн минь хэзээ ч мартаж болохгүй түүхийн сануулга болж энэ толгод бидний сэтгэлийн энгэрт байх ёстой.

Энд, яг бидний хөл доор өвөг дээдэс маань нойрсож байгаа. Хорвоогоос зүгээр нэг буцаагүй, гадаад улс орны харгис бодлогын золиос болсон 37 мянган иргэнээс 24 мянга нь нийслэл орчимд, Шар хад, Сонгины ам, энд бидний хэнэггүй, сэрэмжгүй алхаж яваа газар шороон доор нойрсож байна. Энэ хүмүүсийг мартахгүй, дахин тийм хэлмэгдүүлэлт гаргахгүй байх нь чухал” гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав тэргүүтэй хүмүүс өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хандаж, “Та, бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах төрийн дархлааг бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд цуглаад байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл. Монголын төрд ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх, бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг энэ өдөр ахин дахин сануулмаар байна.

Үүний тулд Монголын төр хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, үр хүүхэд, залгамж хойчоос оройтсон ч гэсэн бүрэн уучлал гуйх ёстой. Би ард олныхоо итгэлээр Монголын төрийг тэргүүлж байгаагийн хувьд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс гүнээ уучлал гуйж байна. Хүлээж авна уу” гэлээ.

Хүний амийг юугаар ч орлуулж болохгүй. Гэлээ ч төр иргэнээ хилсээр ял тулгасныхаа хариуцлагыг хүлээх ёстой талаар хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн ярьж байв. Тухайлбал, иргэн Д.Батдэлгэр “Хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль гарсан ч хохирол барагдуулах ажиллагаа нүдээ олоогүй гэж боддог. Үнэндээ 1938 онд хилсээр амиа алдсан хүмүүсийн хань, үр хүүхэд тун цөөн. Тиймээс 1960-1970 онд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд голдуу нөхөн олговор өгдөг байх” гэв.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалайгийн хэлж буйгаар 31.220 хүнийг цагаатгажээ. Мөн ар гэрийнхэнд нь 500 мянгаас нэг сая төгрөг олгодог гэнэ. Энэ нь хохирлыг барагдуулах хэмжээ төлбөр биш тул УИХ-ын зарим гишүүн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, нөхөн олговрын хэмжээг нэмэх санал гаргаад буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай