С.Бямбацогт: Би хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ шалгуулна

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр ХЗДХ-ын сайд С.Бямбацогт хэлэхдээ "Монголын ард түмэн 2016 онд Монгол Ардын намд итгэн хариуцлага хүлээлгэж, 65 суудалтай болгосон. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал үнэхээр ч хүнд байсан. Тиймээс ч Монгол Ардын нам бидний амьдралыг сайжруулах байх, ажилгүйдэл ядуурлаас гаргах байх, улс орны эдийн засгийг өөд нь татах байх, тогтвортой ажиллах байх гэж итгэж бидэнд саналаа өгсөн. Харамсалтай нь, жилийн дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг Монгол Ардын намын журмын нөхөд маань тавьж, өнөөдөр ард түмний итгэл рүү ус цацаж байгаад харамсч байна. Ганц итгэл найдвар нь Монгол Ардын нам байсан. 

Засгийн газар чадлаараа ажилласан. Улс орны эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал тааруухан байгаа. Гэхдээ сайжруулахын тулд ажиллаж байгаа. Тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт бий болсон. Олон улс, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэсэн. Миний хариуцсан хууль зүйн салбарт гэхэд л гэмт хэргийн гаралт 17 хувиар буурсан, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллага, Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гээд олон чухал хуулийг баталж, асуудлыг шийдэж ажиллаж байгаа. 

Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийн нэг концессийн асуудал. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэртэй 56 концессийн нэг нь Чойрын дэд станц байгаа юм. 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яам байхдаа концессийн сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд гурван компани оролцсон. Хоёр компани нь Засгийн газрын баталгаа шаардсан юм билээ. Засгийн газрын баталгаа шаардаагүй компанитай нь Эрчим хүчний сайд Зоригт байхдаа шалгаруулж, гэрээний төслийг байгуулсан. 

УИХ-ын 2016 оны тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт энэ орчихсон байгаа. Эдийн засгийг сэргээх УИХ-ын тогтоолын дагуу 2016 оны 12 дугаар сард Засгийн газрын тогтоол гарсан. 
Үндсэндээ 2013 оноос хойш явж байгаа ажил. Гэтэл өнөөдөр хууль зөрчсөн, луйвар хийсэн гэж журмын нөхөд маань ойлгуулах гэж оролдож байгаад харамсч байна. 

Хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үгийг бүү хэл гэж Монгол Ардын үг байдаг.Тиймээс би өөрийгөө шалгуулна. Би хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэгэн сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ шалгуулна.
Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ харлуулах, гутаах ийм зүйл битгий хийдэг байгаасай. Улс төр хийж болно, зорилго тавьж болно, сэтгэл санаанд нийцэхгүй байж болно. Хамгийн гол нь гүжир гүтгэлэг гаргаж битгий журмын нөхдөө гомдоож байгаасай гэж хүсмээр байна" гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай