Ц.Дашдорж: Нүүрсний тээвэр, ложистикийн дэд бүтцийг бүрдүүлж өртөг зардлыг бууруулах шаардлагатай байна

“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь “Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор Монгол Улсын Засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын түншүүдийн идэвхитэй дэмжлэгтэйгээр жил бүр амжилттай зохион байгуулагддаг билээ.

Энэ жилийн хувьд “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилготой юм. Мөн энэ жилийн онцлог нь олон улсад нэр хүнд бүхий Хятадын www.sxcoal.com веб сайтыг эрхлэгч Фэнвэй Энержи Информэйшн Техноложи компанитай түншилж, “Coal Mongolia-2017” чуулга уулзалтыг энэ жилээс хамтран зохион байгуулж байна.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй чуулга уулзалтад оролцохоор гадаадын 120 гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн иржээ. “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор зохион байгуулж буй "Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум”-ыг Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга ВК. Чан даргалж байна.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх", "Уул уурхайн дэд бүтцийн хөгжлийн урт хугацааны төлөвлөлт боловсруулж, салбар хоорондын уялдааг сайжруулах", "Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих", "Шингэрүүлсэн тулш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах ажлыг бодлогоор дэмжих" зэрэг зорилтуудыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэж нүүрсний хэрэглээ багассанаас манай улсын нүүрсний салбар бага зэргийн уналтад орсон ч өнгөрсөн оны сүүлчээс сэргэж, дотоодын хэрэгцээнд 8.0 сая тонн нүүрс нийлүүлж, 25.8 сая тонн нүүрс экспортлосон байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс дотоодын хэрэгцээнд нийлүүлж, 21.1 сая тонн нүүрс экспортлосон нь түүхэн дээд амжилт боллоо.

Нүүрсний салбар нь дотоодын цахилгаан эрчим хүч, ахуйн дулааны хэрэгцээг хангах, улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах зэргээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Ийм чухал салбарын хүний нөөц, удирдлагын менежментийг бүрдүүлж, байгалийн баялгийг сорчлохгүйгээр иж бүрэн ашиглах, нүүрсний тээвэр, ложистикийн дэд бүтцийг бүрдүүлж өртөг зардлыг бууруулах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг олон улсын зэрэглэлтэй болгож нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлж утаагүй түлш үйлдвэрлэх, дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, улмаар экспортлох боломжийг бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байна" хэмээн онцоллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай