Х.Бат-Ялалт: Хэрвээ үхэх шаардлагатай бол үхнэ гэдгээ хариуцлагатайгаар хэлье

МАН-ын гишүүд Үндсэн хуулиа зөрчиж байгаад шаардлага тавих зорилгоор Монголын Хүний төлөө Нам, Монголын  Худалдаачдын холбооноос гомдлын нулимстай хэвлэлд хандлаа.

МАН нь Үндсэн Хуулийн 1.1.2-т заасан Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хөсөрдүүлж байна. Улс төрд  авилга газар авч, бусдыг хүчиндэж, дээрэмдэх, нэгнийгээ тагнаж чагнах, төсвийн хөрөнгө шамшигдуулах, төрийн эрхийг арилжих худалдаалах зэргээр үүрэг хариуцлагаа умартаж байна гэж тэд үзжээ.

Монголын Хүний төлөө Намын дарга Х.Бат-ялалт "Үндсэн хуулиа өөрчлөх бус байгаа хуулиа л дагаж мөрдье.  Өнөөдөр цалинтай хүмүүст хүртэл амьдралд нь хүрэлцэхгүй байна.  Гудамжинд гараад судалгаа авахад хадгаламждаа мөнгөтэй хүн  байхгүй өртэй хүмүүс л байна. Өглөө зургаан цагт амьдрахын төлөө наймаа хийж байгаа худалдаачдыг зайлуулна гээд  зогсож байна. Юу болж байна гээд очихоор Архангайн дугаартай приус унасан хүн асуудал гаргалаа гээд цагдаа нар доромжилж байна.  Монголын цагдаа нар ядарсан иргэддээ их дээрэлхүү ханддаг болж. Тиймээс МАН-г огцортол тэмцлийн хэлбэрээ ахиулсаар байх болно.   Хэрвээ үхэх шаардлагатай бол үхнэ гэдгээ хариуцлагатайгаар хэлье"

Мөн Иргэдийн шударга шүүх ТББ,  Монголын Худалдаачдын Холбоог төлөөлөн И.Тунгалагтуяа хэлэхдээ "Гар дээрээс худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлээгүй байж амин зуулгаа  олох гэж яваа  хүмүүсийг  хавчиж байна. Цагдаа нар  өдөрт таван мянгаар торгож, зарж байгаа бараан дээр нь нус цэрээ хаяж байна.  Ард түмэн нь хэрэггүй юм бол бид өөрсдийгөө ямар нэг байдлаар егүүтгэнэ" гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай