Б.Лхагвасүрэн: Монголчуудад халимагуудаас сурах зүйл их байна

Б.Лхагвасүрэн: Монголчуудад халимагуудаас сурах зүйл их байна

ОХУ-ын Халимаг улсын нийслэл Элиста хотод “Пентатоника” олон улсын хөгжмийн IX наадам 6, 7-нд үргэлжилж буй юм. Монгол хэлтэн улсуудын орчин үеийн хөгжмийн зохиолуудыг эгшиглүүлэх уг наадмын симфони найрал хөгжмийн тоглолтын хэсгийг “Удирдаачдын парад” хэмээж буй бөгөөд Халимаг улс, Астрахань муж, Москвагийн болон Монголын удирдаачид симфони бүтээлүүд удирдан тоглуулж буй юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Урлагийн их сургуульд багш, удирдаачаар ажилладаг монгол удирдаач Б.Лхагвасүрэн урилгаар очсон. Наадам эхлэхийн өмнө түүнтэй холбогдож мэдээлэл авсан юм.

-Маэстро таныг БНХАУ-ын удирдаач гэж албан ёсны мэдээлэлд бичсэн байна билээ. Урд хөршид ажиллаж байгаа болохүоор тэр үү?

-Тэр алдаа болжээ. Би энэ хөгжмийн наадмыг хувиараа сонирхож бүтээл удирдаж тоглуулъя гэж саналаа өгсөн болохоор заавал ажиллаж байгаа газраар Хятадаас гэх хэрэггүй байсан юм. Би зохион байгуулагчдад хэлж засуулсан. Одоо бол Монголын удирдаач гэж явж байгаа.

-Та ямар бүтээлүүд удирдан тоглуулж байна вэ?

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Зуурдын орон” балетын сюит, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “286 дугаар галт тэрэг”, Халимагийн хөгжмийн зохиолч А.Манжиевын II симфони гэсэн гурван зохиол тоглуулах гэж байна. Хэдэн өдрийн турш бэлтгэл сургууль хийлээ.

-Таны шалгуурт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ш.Өлзийбаяр нарын бүтээл тэнцсэн гэж ойлгож  болох уу?

-Нэг талаар тэгж хэлж болно. “Зуурдын орон”-ыг би гадаадад өөр фестивальд тоглуулж байсан юм. Монголд харин цөөн тоглосон байх аа. Удирдаач бүрт Халимагийн нэг хөгжмийн зохиолчийн бүтээлийг өгөхөд надад А.Манжиевын II симфони таарсанд баяртай байна. Халимаг хүмүүс 1943 оны цөллөг, хавчлагыг яаж даван туулсан тухай энэ зохиол их таалагдаж байна. Үүнийг Монголд заавал тоглуулах ёстой гэж бодлоо. Эндхийн хүмүүс яах аргагүй монголчуудын үсэрсэн цус, тасарсан мах гэдгийг бүр илүү ойлгож байна. Үнэнийг хэлэхэд би энд, 150 гаруйхан мянган хүн амтай хотод ийм хэмжээний олон улсын хөгжмийн наадам зохион байгуулж байх юм гэж бодсонгүй. Бараг л шооконд оров. Эндхийн хүмүүсийн хөгжимд хандаж байгаа хандлага өөр юм.  Хөгжмийн наадмыг чанартай сайн зохион байгуулах, хөгжмийн бүтээлийн дуугаралтыг сайн байлгахын тулд Астраханиас симфони найрал хөгжим авчирч хүч нэмжээ. Хоёр оркестр нийлж тоглож байна. Халимагуудын зан төлөвшил ч эерэг сайхан юм. Эндхийн хүмүүсээс сурах зүйл монголчуудад их байна даа.

-Жишээ нь юу сурах вэ?

-Монгол сэтгэлгээгээр зөв сайхан ярьж байна. Бие биедээ хүндэтгэлтэй хандаж, харилцах юм. Ер нь нэг тийм эрүүл, оюунлаг орчин, нийгэм юм даа гэж бодогдож байна.  

-Та урд хөршид хэдий болтол ажиллах вэ?

-Гэрээ дуусах арай болоогүй байна.

-Ажил ихтэй байдаг уу?

-Шахуу байдаг. Одоо очоод томоохон хоёр тоглолт хийнэ.     

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай