Манай улс өгөөмөр байдлаар 29-т жагслаа

Манай улс өгөөмөр байдлаар 29-т жагслаа

Их Британийн “Charities Aid Forma­tion” буяны байгууллага улс орнуудыг хэр өгөөмрөөр нь жагсаасан “World Giving In­dex 2017” тайлангаа танилцуулжээ.

Дэлхийн нийт хүн амын 95 хувийн төлөөлөл болсон 139 улсыг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс 29 дүгээрт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байр ухарсан үзүүлэлт юм. Ард түмэн нь буяны байгууллагад хэр хандив өгдөг, сайн дурын ажилд хэр идэвхтэй оролцдог хийгээд зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалдаг, эсэх гэсэн гурван шалгуураар улсуудыг жагсаасан байна.

Жагсаалтыг Мьянмар улс дөрвөн жил дараалан тэргүүлжээ. Зүүн өмнөд Азийн энэ улсад судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын ес нь “Буяны үйлсэд идэвхтэй оролцдог” гэж хариулжээ. Жагсаалтын хоёр, гуравдугаарт Индонез, Кени улс бичигдсэн байна. Харин жагсаалтын сүүлийг дайны хөлд нэрвэгдсэн Йемен улс мушгижээ. “Charities Aid For­mation” байгууллагын мэдэгдсэнээр, 2017 онд дэлхий даяар өглөг өгөх нь ерөнхийдөө багассан байхад хамгийн ядуу тив болох Африкийн орнуудын ард иргэд өглөг өгч, сайн үйлсийн ажилд оролцох нь эрс нэмэгджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай