Газар өмчлөлийн гацаа

Газрын харилцаа ураг төрлийн хэлхээ адил хэзээ ч тасардаггүй гэдэг. Гэвч Улаанбаатарт газартай холбоотой үйл ажиллагаа тасраад удлаа. Монгол Улсад газрын харилцаа хөгжөөд 20 жил болж буй. Үр дүнд нь иргэд байгалийн гамшиг, ослын алинд ч “булаалгахгүй”, насан туршдаа эзэмших, цаашлаад үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх үнэт хөрөнгөтэй болсон. Газар өмчлөх хуулийг 2003 онд баталж, 2008 он хүртэл газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж байв. Түүнээс хойш иргэн бүрт өмчлүүлэхээр болсон ч Улаанбаатарт газаргүй хүн олон бий. Нийслэлийн нийт өрхийн 62 хувь нь эзэмшлийн газартай гэхээр том тоо харагдана. Гэвч газартай иргэдийг тоолбол энэ хувь 13 болж буурна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд заяагдмал эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд хотын захиргаанаас газартай холбоотой авч хэрэгжүүлсэн хамгийн том арга хэмжээ нь цахимаар газар өмчлүүлсэн явдал байв. Гэвч эл арга хэмжээ үр дүнгүй, эсрэгээрээ газрын харилцааг гацааж, эзэнтэй, эсэх нь мэдэгдэхгүй газрын тоог олшруулжээ. Тухайлбал, цахимаар газар өмчлүүлэх үеэр Багануур дүүрэгт 30 мянган нэгж талбарыг иргэдэд өмчлүүлсэн. Даанч иргэд сугалаагаар өмчилсөн газраа голсон гэнэ. Тэд тухайн газраа авахаас татгалзсанаа мэдэгдэхгүй бол өөр хэн нэгэнд өмчлүүлж болохгүй хуультай. Энэ бол газар өмчлүүлэх ажлыг гацааж буй наад захын шалтгаан.

Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, төвлөрөл нь улам нэмэгдэж буй хотод алга дарам газар ч нүдний гэм болоод буй. Энэ их төвлөрлийг сааруулж, хотын захыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2014 онд Баянгол, Чингэлтэйгээс бусад дүүргийн 52 байршил дахь эзэнгүй, хүн амьдрах боломжтой газрын жагсаалтыг баталж, ингэхдээ урьд өмнө нь туршиж байгаагүй арга нэвтрүүлэн, цахимаар өмчлүүлэхээр болсон юм. Түүнийх нь дагуу иргэд мэдээллээ цахим системд байршуулан сугалаанд идэвхтэй оролцсон. Үр дүнд нь 187 мянган иргэн газартай болж, кадастрын зураг хийлгэн, эрхээ баталгаажуулсан баримт бий.

Гэвч тэдний нэг нь ч өмчилсөн газраа нүүж очоогүй. Энэ арга хэмжээний үр дүнг кадастрын зураг хийдэг компаниуд л хүртсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тухайн үед өмчлүүлэх газрын зургийг хуучнаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан гаргасан байдаг. Тэд холбогдох байгууллагуудаас санал авалгүй таамгаар зураг баталсны горыг өдгөө хотын иргэд амсаж байна. 52 байршлын зургийг Улаанбаатар 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагатай уялдуулалгүй, 2014, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ч тусгаагүй учир өдгөө маргаан дагуулсан олон асуудал үүсгэжээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлт дэх хэсэг газрыг өмчлүүлэхээр зургийг нь бэлдсэн ч цахимаар зарлаагүй шалтгаан үүнийг нотолно. Тус дүүргийн газрын албаныхан зурагт орсон газрыг хэдийнэ иргэдэд өмчлүүлж, гэрчилгээг нь олгосныг тухайн үеийн хотын удирдлага мэдэлгүй цахимаар өмчлүүлэх байршилд оруулсан байсан гэнэ. Энэ мэтээр БХЯ-ны тусгай хамгаалалттай болон ОБЕГ-ын хамгаалалтын бүстэй давхцуулан олгосон газар бишгүй. Хотын дарга асан Э.Бат-Үүл Улиастайн амны Баатархайрхан, Цагдуулын аманд амины орон сууц барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгуулсан ч тэнд нь газар өмчлүүлэхээр төлөвлөсөн нь судалгаа дутуу байсныг илтгэх биз.

Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй газар хэт налуу байж болохгүй. Гэтэл стандартын шаардлагад үл нийцсэн, гэрээсээ гараад л өнхөрч унах огцом налуу байршилд газар өмчлүүлсэн тохиолдол цөөнгүй. Мөн хиргэсүүртэй газрыг ч эл 52 байршилд оруулсан байжээ.

Авто зам тавих, сургууль, цэцэрлэг барих талбайд иргэд дур мэдэн буусан нь газар өмчлүүлэх ажлыг гацааж буй захын шалтгаан. Мөн эзэмшил газрынхаа хэмжээг томосгосон зөрчил ч үүнд нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд газраа өмчилсөн иргэдийн тоог нэмэгдүүлж болох байсан уу гэвэл, байсан. Даанч хотын үе үеийн удирдлагууд дургүйд хүчгүй гэгчээр загнажээ.

Иргэдийн олонх нь хашаагаа кадастрын зурагт заасан хэмжээнээс томосгосон байдаг. Үүнээсээ болж газраа өмчилж чаддаггүй. Хэрэв Газрын албаны мэргэжилтнүүд тухайн иргэдтэй биечлэн уулзаж, асуудлыг шийдэх зөвлөгөө өгч, хоёр айлын хашааг татуулах бүрт дахин нэг өрхийг газартай болгох боломжтой байжээ. Хэрэв иргэд хашаагаа татах хүсэлгүй байвал илүүдэл газраа гэр бүлийнхээ нэг гишүүний нэр дээр өмчилж авах, эсвэл худалдаж авахыг ч санал болгох боломж байв.

Хуульд заасан эрхээ эдэлж, газар өмчилсөн Монгол Улсын иргэн нэмж 125 ам метр хүртэлх талбайг худалдан авч болдог. Ингэхдээ ам метр бүрийг нь 13.200 төгрөгөөр тооцон төлбөрөө төлөхөд л хангалттай. Улсын төсөвт орлого нэмэх, цаашлаад газар зохион байгуулалтыг цэгцтэй болгох уг боломжийг холбогдох албаныхан анзаараагүй өнгөрсөн нь харамсалтай.

Зуслангийн газрыг өмчлүүлэх асуудал нийслэлийнхний толгойны өвчин хэвээр байна. Иргэд орох, гарах гарцгүй боогдож хэл ам хийж буй нь мөн л төлөвлөлт муугаас болсон. Зуслангийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөг 2011 онд гаргаж, дараа онд нь батлуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд зуслангийн бүсийн суурьшил нэмэгдсэн учир өдгөө уг төлөвлөгөөг мөрдөх боломжгүй. Тиймээс шинэчлэх шаардлага гарчээ. Харамсалтай нь, хотод үүнд зарцуулах төсөв байхгүй учир зуслангийн 26 аман дахь хэрүүл цаашид ч үргэлжлэх нь.

Нийслэлийн Газрын албаныхан иргэдийг оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян уржигдар эхлүүллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт оршин суугаа газраа өмчлөх боломжтой өрхүүдийг судлахад 79.9 мянга иргэн газартай болох таатай дүн гарчээ. Тэд газар эзэмших гэрчилгээ, кадастрын зурагтай, үерийн ам, хамгаалалтын бүсэд буугаагүй айлууд гэсэн үг. Тиймээс тус албаныхан энэ онд 3442 нэгж талбарыг өмчлүүлж, ирэх жилүүдэд үлдсэн 76 мянган нэгж талбарыг эзэнтэй болгохоор төлөвлөөд буй.

Ингээд Газрын албаны 14 мэргэжилтэн долоон багт хуваагдан “хэсүүчилж” эхэллээ. Тэд иргэдтэй уулзаж, газраа өмчлөхгүй байгаа шалтгааныг тодруулж, зөрчлийг нь арилгуулан, нэгж талбар бүрийг эзэнтэй болгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Газрын мэдээллийн санг бодит мэдээллээр хангаж, газартай холбоотой “но”-г илчлэх нь. Үүндээ тулгуурлан нийслэлийн Газрын албаныхан иргэн бүрийг газартай болгох ажил зохиох гэнэ. Тус албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн “Төрийн байгууллагын уялдаа муугаас болж газар өмчлүүлэх ажил гацсан нь үнэн.

Бид эхний ээлжинд хотын төвтэй ойр газруудыг өмчлүүлэх ажил эхлүүллээ. Мөн нийслэлийн иргэнийг орон нутагт газар өмчлөх боломж, нөхцөлийг судалж байна. Тодруулбал, орон нутгийн удирдлагатай зөвшилцөж, Улаанбаатарт газар өмчилж байгаагүй хүмүүст ачаа, тээврийн гол зам дагуу газар өмчлүүлнэ гэсэн үг” хэмээн ярив.

Дэлгэр уудам нутагтай атлаа иргэдийнх нь талаас илүү хувь нь Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байгаагийн голлох шалтгаан нь төрийн байгууллагын уялдаагүй байдал гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй. Шинээр газар өмчлүүлж эхлэхдээ бус, одоогийн зохион байгуулалтыг сайжруулах нь зүйтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай