Хөрөнгө оруулагчид дэд бүтэц, банк, ХАА, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой буйгаа илэрхийлэв

Олон улсын байгууллага, гадаад дотоодын 130 гаруй зочид төлөөлөгч, 1100 орчим хөрөнгө оруулагчдыг хамарсан “Инвест Монголиа” чуулга уулзалт 11 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. 

Хоёр өдрийн туршид Монгол Улсын эдийн засаг, банк, санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, хэтийн төлөв, хөгжлийн бодлого болон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг саад бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар үндсэн 15 илтгэл сонсон 30 гаруй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ жилийн хувьд хөрөнгө оруулагчдын тоо болон хөрөнгө оруулалтын хэмжээ 60 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг зохион байгуулагчид дурдаж байлаа. Чуулганд оролцогсод зөвхөн уул уурхайн салбар бус эрчим хүч, дэд бүтэц, банк, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг чухалчилж байв.  

Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар зарим төлөөлөл хэлж байсан юм.

“Сэхээнд” байгаа эдийг засгаа аврах, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг сэргээж чадах эсэх нь Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байна. Үүний тулд шинээр хөрөнгө оруулалт татах арга зам, боломж нөхцөлийг эрэлхийлэхээс гадна Монгол Улсад одоо байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийнхээ санал, хүсэлтийг сонсож, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах нь нэн чухал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Засгийн газрын хувьд хэлсэн амнаасаа эргэж буцах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлж, алдаагаа давтах “эрх” болоод “цаг хугацаа” байхгүй. Иймээс хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бодлогын тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүхий л боломж, бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай