Х.Нямбаатар: Засгийн газрыг огцруулах саналд нэмж хоёр гишүүн гарын үсэг зурна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр (уржигдар) хуралдсан. Ямар шийдвэр гарсан юм бол. Та бүхэнд мэдэгдэв үү?

- МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан гэж сонссон. Бидэнд албан ёсны шийдвэр ирүүлээгүй. Олж мэдсэнээр Удирдах зөвлөлөөс “2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалж, улмаар чадавхжуулан сайжруулж ажиллах нь зүйтэй” гэсэн тогтоол гарсан. “Засгийн газрыг огцруулах, чадавхжуулах асуудлыг УИХ дахь олонх болох МАН-ын бүлэг, намын үндсэн дүрмийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой” гэсэн тогтоол гэж ойлгож байна.

-МАН-ын бүлэг яагаад тогтсон цагтаа хуралдсангүй вэ?

-Сайн мэдэхгүй байна. Ирц хүрээгүй байх.

-Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн гишүүд нэгдмэл байр суурьтай байж чадаж байна уу?

-Нэгдмэл байр суурьтай байгаа.

-Нэмж гарын үсэг зурсан гишүүн бий юү?

-“Засгийн газрыг огцруулах саналд нэмж хоёр гишүүн гарын үсэг зурна” гэсэн мэдээлэл авсан. Өөрсдөө энэ шийдвэрээ олон нийтэд мэдээлэх байх.

-МАН-д үүссэн өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын тухайд та юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр намын үйл ажиллагаанд иргэд дүн тавьсан. Үүнийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааг иргэд үнэлэхгүй байна.

Тиймээс өөрсдөдөө шинэчлэл хийх ёстой юм байна гэдэг агуулгаар 30 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Нам шинэчлэгдэх ёстой.

-Намын удирдлагуудаас та бүхний үзэл бодолд нөлөөлөх, шахалт үзүүлэх хандлага гарав уу?

-Тэгсэн зүйл байхгүй. МАН бол дотоод ардчилалтай нам. Би нэг зүйлийг маш итгэлтэй хэлж чадна. 1990 оноос хойш МАН удирдлагаа олон удаа шинэчилж, сольсон. Гэхдээ бодлогын залгамж шинж чанараа хадгалж үлдсэн юм. 1990 оноос хойш МАН-ын даргаар П.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, М.Энхболд гээд олон хүн ажилласан.

Энэ бол намын удирдлага шинэчлэгдэх амьд үйл явц. Сөрөг хүчнээ шүүмжлэхэд АН-д ийм үйл явц арай удаан байна гэж боддог. 1990 оны Ардчилсан хөдөлгөөнд оролцож явсан хүмүүс өнөөг хүртэл намын удирдлагадаа байгаа. Тиймээс эдгээр үйл явдал манай нам дахь ердийн, бодлогын шинэчлэл гэж ойлгож байна. Нам гэдэг амьд организм. Дотроосоо төлжиж, шинэчлэгддэг зүй тогтолтой.

Манай нам 1899 оноос үүсэлтэй социал демократ үзэл баримтлалтай. Социал демократууд эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг чухалчилдаг. Эдгээр үнэт зүйлээ гээхгүй бодлогын шинэчлэл агуулсан ийм өөрчлөлтүүд явагдана.

-Нөхцөл байдлаас харахад одоогийн Засгийн газрын хувь заяа бүрхэг байна. Хэрэв огцорвол шинэ Засгийн газрын талаар ямар бодолтой байна вэ?

-Бид Засгийн газарт хэд хэдэн алдаа байна гэж үзсэн. Нэгдүгээрт, хууль зөрчсөн. Хоёрдугаарт, бодлого, шийдвэр нь тодорхой бус, гаргасан шийдвэрээсээ буцсан. Гуравдугаарт, АН-ын Засгийн газрын үед гаргасан алдаануудад дорвитой арга хэмжээ аваагүй. Тэгэхээр дараагийн Засгийн газар энэ алдааг давтаж болохгүй.

Эдийн засгийг эрүүлжүүлэх, өсөлтийг хангахад зоримог шийдэмгий шийдвэр гаргаж ажиллах ёстой гэж бодож байна. Засаглалын легитм шинж чанарыг хадгалсан үйл ажиллагаа явуулж, засаг, төрийн тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдын халаа сэлгээг болиулах Засгийн газар байгаасай.

-Та бүхний гаргасан саналд олон нийт хэрхэн хандаж байх юм?

-Надад төдийгүй гарын үсэг зурсан хэд хэдэн гишүүнд “АН-тай нийлж Засгийн газраа унагадаг энэ нөхөрт сонгогчид нь хариуцлага тооцооч” гэсэн гүтгэлгийн шинжтэй мессеж ирсэн. Үүнээс гадна иргэдээс олон мессеж авлаа.

Ер нь ирж буй мессежний 70-80 орчим хувь нь “Та бүхний саналыг дэмжиж байна. Шинэчлэлийг зоригтой хий” гэсэн. Иргэд дэмжиж байгаа.

-Албан тушаалын төлөө ийм алхам хийв үү гэх хүмүүс ч цөөнгүй байгаа шүү дээ?

-Огт тийм зүйл яриагүй. Цаашид ч ярихгүй байх. Миний хувьд УИХ-ын гишүүн гэдэг нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажлаа чамбай хийх ёстой гэж боддог.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай