Хөрөнгөнд “барьцаалагдсан” хуумгай ажлын балаг

Нийслэлийн инженерийн байгууламжийг хүнтэй адилтгавал бүрэн эдгэрэх боломжтой ч оновчтой, үр дүнтэй эмчилгээ хийлгэлгүй явсаар өвчнөө даамжруулсан, унхиагүй нэгэн юм. Өвчиндөө шаналж, туйлдсан түүнд санаа тавьж, бөөцийлөх ёстой “ойр дотнынхон нь” сайн эмчилгээ хийлгэхээс гар татаж, өнөө маргаашдаа л амийг нь торгоохоо бодож сууна. Байдал энэ янзаараа үргэлжилбэл өвчтөн удалгүй амь тавина. Харин түүнтэй яг ижил нөхцөлд буй инженерийн шугам сүлжээ юу юугүй сүйдэж, нийслэлчүүдийг зутраах эрсдэлтэй.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн нийслэлд тавьсан 379.5 км урттай шугамын 120 гаруй км нь 30-50 жилийн насжилттай гэнэ. Өөрөөр хэлбэл, нийт шугамын гуравны нэг нь хэзээ мөдгүй хагарч, “ажил хаяхад” бэлэн байгаа гэсэн үг. Гэвч инженер техникийн ажилтнууд бүхэлд нь муу “дүн” тавьдаг. Ямар сайндаа л хүүхдийн зулай шиг нимгэн, шүүрэн шанага шиг цоорхой хэмээн егөөдөж байх вэ дээ. Өнгөрсөн онд гэхэд л нийслэлд инженерийн байгууламжтай холбоотой 200 гаруй гэмтэл гарсан байна.

Шугам хоолой тавьсан, хариуцсан мэргэжилтнүүд нь үүний шалтгааныг дэд бүтэц, барилгын ажил, байгалийн үзэгдэл, иргэдийн буруутай ажиллагаатай холбон тайлбарлаж, бурууг өөрсдөөсөө булзааруулдаг. Зарим нь инженерийн байгууламжийн оновчгүй шийдэл нэвтрүүлсний уршиг хэмээх нь ч бий. Гэтэл яг манайхтай ижил шийдэл бүхий системтэй хот өчнөөн буй. Биднээс ялгаатай нь, тэнд шугам сүлжээнд гэмтэл гарлаа гэж байсхийгээд л иргэдээ “чангалж”, засвар, шинэчлэл хийх нэрээр газар ухдаггүй аж. Энэ нь тэд манайхан шиг аливаа ажлыг тооцоо судалгаагүй, оромдож хийдэггүйтэй холбоотой.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5.3 ам метр болгоно” хэмээн том зорилт дэвшүүлж, нийслэлийг “ногооруулахад” өнөө жил зөвхөн хотын захиргаанаас 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн албаныхан болон цэцэрлэгчид уйгагүй ажилласан билээ. Гэтэл инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтнүүд тэдний эсрэг ажиллаж байна уу гэлтэй ногоон байгууламжид байсхийгээд л заналхийлдэг болов.

Өвлийг өнтэй давахын тулд шугам сүлжээ засаж, шинэчлэх нь зүйн хэрэг хэмээгээд хавар тарьсан мод, бутыг намар нь хайр гамгүй “зайлуулдаг” уламжлал тогтлоо. Үүний бэлээхэн жишээ нь, Зүүн дөрвөн замаас КУДС хүртэлх хэсэг. “Одкон холдинг” компанийнхан энэ хэсгийн шугам сүлжээг засахаар хоёр долоо хоногийн өмнө газрыг нь малтаж эхэлсэн юм. Гэвч өчигдрөөс л ажлаа эхлүүлж байгаа сурагтай. Өмнө нь байсан ногоон байгууламж, явган хүний замын оронд овоолсон шороо л тэнд бий болов. Уг нь Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн албаныхан өнгөрсөн дөрөвдүгээр сард тухайн орчмыг гидро цацалтын технологи (энэ жил нэвтрүүлсэн)-иор зүлэгжүүлсэн юм. Тэдний хөдөлмөр ийнхүү талаар болжээ.

Түүнчлэн “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын 60 гаруй ажилтан, гуравхан сарын өмнө засаж, тохижуулсан Х хорооллын туслах зам дагуух хэсгийг уржигдраас ухаад эхэлчихэж. Шугамыг дулаалж, засах юм гэнэ. “Жишиг гудамж, замтай боллоо” хэмээн ам сайтай байсан, Баянгол дүүргийн V, VI хорооныхны баяр түр зуурынх байв.

Хүний хөлд халцарсан зүлэг, мөчрийг нь хугалж, гэмтээсэн мод, машины зогсоол болсон ногоон байгууламж нийслэлд олон. Тийм байтал инженер, техникийн ажилтнуудаар шугам хоолой засуулах нэрийдлээр ногоон байгууламжаа сүйтгүүлэх хэрэг юу билээ. Нэг ам метр талбайг зүлэгжүүлэхэд хамгийн багадаа 50-иад мянган төгрөг зарцуулдаг. Зөвхөн үүнд зориулж улс, нийслэлийн төсвөөс сая саяар нь хөрөнгө төсөвлөдөг шүү дээ. Хэрэв ногоон байгууламжтай газруудыг энэ мэтчилэн байнга ухаж малтах юм бол мод, бут тарьж, зүлэгжүүлэхээ больё.

Эсвэл засвар, шинэчлэлийн ажил байнга шахам хийгддэгээс жилийн жилд төнхүүлдэг иймэрхүү газарт нэг ширхэг мод ч нэмж тарихгүй байвал ямар вэ. Нэгнийхээ хийсэн ажлыг бусниулах уралдаанд оролцож байгаа биш дээ. Дэлхийн хөгжингүй орнууд хот төлөвлөлтдөө инженер техник, ногоон байгууламжийн ажлын уялдаа холбоог онцгойлон тусгасан байдаг нь ийм асуудал үүсэхээс сэргийлдэг гэж Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Билигсайхан онцолсон юм.

Нэгийг хийхдээ нөгөөг нь эвдэж сүйтгэдэг байдлыг өөрчлөхийн тулд манай улс 2011 онд инженерийн байгууламжийн шинэ систем туршжээ. Үүнийг хонгилын систем гэх. Энэ нь шугам сүлжээтэй холбоотой ажлыг газрын гүнд гүйцэтгэх боломжтойгоороо онцлог. “Шинээр байгуулсан хороолол бүр ийм системтэй болсноор шугам сүлжээний засварыг түвэггүй хийх боломж бүрдэх учраас үүнийг нийслэлд бүхэлд нь нэвтрүүлнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга тухайн үед мэдэгдэж байсан юм.

Улмаар Төв шуудангийн уулзвараас 40 мянгат хүртэлх хэсэгт ийм систем нэвтрүүлсэн. Иргэд ч “Хялбаршуулсан, жишиг системтэй болох нь” хэмээн ам сайтай байлаа. Гэвч энэ санаачилга удалгүй зогсов. Зардал өндөр учраас тэр гэнэ. Гэхдээ жил бүр ухаж, малтсанаас хамаагүй бага мөнгө үүнд шаардлагатай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлнэ лээ. Дэлхийн олон орон хонгилын системтэй аж. Харин бид “Мөнгө байхгүй” гээд үүнээс татгалзаж, бүдүүлэг шийдэлтэйгээ эвлэрсээр.

Хөрөнгө төсөвд “барьцаалагдсан”, чанаргүй бүтээн байгуулалт хэмнэснээс нь хэд дахин илүү зардал, ажил уддагийг тэдэнд сайтар ойлгуулах юм сан. Төр, засгаас дорвитой шийдэл хүлээж цөхөрсөн иргэд гадаадын улс орнууд шиг 50,100 биш юм гэхэд тав, 10 жилийн настай бүтээн байгуулалт хийгээсэй хэмээн хүсээд байна шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай