Керамикийн их мастер 300 мянган долларын бүтээлээ Монголд бэлэглэлээ

Керамикийн их мастер 300 мянган долларын бүтээлээ Монголд бэлэглэлээ

Японы керамикийн урлагийн их мастер Канэко Харукикогийн ханын чимгийн “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийг СУИС-ийн хичээлийн V байр буюу хуучнаар Дүрслэхийн сургуульд байршуулж, нээлтийн ёслол зохион байгууллаа. Парисын Луврын музейн орчин үеийн дүрслэх урлагийн танхимд бүтээл нь байдаг алдарт уран бүтээлч 300 мянган ам.доллароор үнэлэгдэх бүтээлээ СУИС-иар дамжуулан Монголд бэлэглэж байгаа юм байна. Уран бүтээлчийн Япон дахь студид сайжруулсан монгол шавраар урласан уг хана нийт 120 ширхэг дөрвөлжингөөс бүтэх бөгөөд тус бүр дээр нь далай дүрсэлсэн гүн цэнхэр өнгийн орчин үеийн зурагтай. Дөрвөлжин тус бүрийг, холоос нийтэд нь харахад ч яг л далайн өнгө мэдрэм өвөрмөц бүтээл ажээ. Хавтгай нимгэн шавар дээр паалангаар зурсан бөгөөд техник, арга ажиллагаа нь уран бүтээлч эцэг өвгөдөөсөө өвлөж авсан эрдэм ажээ. Канэко Харукикогийн өвгө эцгийнх далайн дундах маш жижигхэн арал дээр байдаг байсан бөгөөд амьдралаа далай харж өнгөрөөсөн уран гартан гэрийнхээ гаднаас өдөр бүр хардаг тэр л зүйлээ мэдрэмж болгон урлагийн бүтээлд шингээн үр хойчдоо өвлүүлсэн нь өдгөө шаврын урлагийн үнэ цэнтэй брэнд болсон байна.

Канэко Харукикогийн Лувр дахь бүтээл нь ч гэсэн мөн далай аж. Гэхдээ тухайн үед сэтгэлээс, гараас далай дүрсэлсэн ямар зураг шавар дээр паалангаар бууна, тэр зураг байх тул Дүрслэхийн сургуулийн хана Луврынхтай яг адилхан зурагтай гэж ойлгож болохгүй юм. Зураг, зураас болгон дахин давтагдашгүй. Сонирхуулахад тус сургуулийн керамикийн багш нар Төв аймгийн Баянчандмань сумаас авсан нэг тонн шаврыг уран бүтээлч Канэкогийн студи рүү явуулжээ.

Ийнхүү Монгол Улс Луврын чансааны орчин үеийн керамик бүтээлтэй боллоо. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай