Ханс Вернер Зинн: Гадаадын том компани гэхээсээ мэргэжилтнүүдийг ажиллуулах нь ашигтай

Ханс Вернер Зинн: Гадаадын том компани гэхээсээ мэргэжилтнүүдийг ажиллуулах нь ашигтай

Дэлхийн нөлөө бүхий 10 эдийн засагч, судлаачийн нэгээр шалгарч байсан Ханс Вернер Зиннтэй ярилцлаа. ХБНГУ-ын нэртэй эдийн засагч тэрбээр Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж буй нь энэ. Түүнийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Монголд урьжээ.

-Монгол Улс юунд анхаарах ёстой гэж та харж байна вэ?

-“Чингис” бондын эргэн төлөх явц хүнд байдалд орсноос үүдэн Монгол Улс ОУВС-д хандахаас өөр аргагүй болсон. Уг нь дэлхийн улс орнуудын зээлийн хүү өмнө нь байгаагүй маш доогуур буй ч Монгол Улс өрийн хямралд өртсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэчлэл хэрэгжүүлж буй учраас төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зах зээлээс хөрөнгө татах нь бусад орныг хүнд байдалд оруулж болзошгүй байгаа.

Монгол Улсын хувьд дэлхийн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авахгүйн тулд татварын тогтолцоогоо зайлшгүй шинэчилж, дотооддоо орлогын эх үүсвэр бий болгохоос өөр аргагүй. Ер нь Монгол Улс татварынхаа хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Жишээлбэл, автомашины тоо замынхаа даацаас хэд дахин хэтэрснийг би өмнө нь ирэхдээ ч хэлж байсан. Автомашины тоо, замын хүртээмжийг тэнцвэржүүлэхийн тулд татварт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Мөн ашигт малтмалын нөөцөө хэрхэн ашиглаж буйгаа эргэн харах шаардлагатай. Тус салбарын орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой болов уу. 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын өрөөс болоод Монгол Улс дампуурлын ирмэгт хүрнэ гэдэг үнэмшилгүй сонсогдож байгаа. Оюутолгойн ордын нийт үнэлэмж 50 тэрбум ам.доллар шүү дээ.

...Олон улсын шилдэг мэргэжилтнүүдийг урьж авчраад Монголын залуусыг хамт ажиллуулж, тэр хүмүүсээс суралцах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Ийм тохиолдолд ордын эзэмшлээ алдахгүй, төрд байх болно. Нэгэнт өөрсдөө эрэл хайгуул хийж, баялгаа олчихвол хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, шударга нөхцөлөөр гэрээлж болно шүү дээ. “Rio tinto”-той байгуулсан гэрээний тухайд 25 жилийн хугацаанд Монгол Улсад ямар нэг орлого байхгүй...

Тус ордод олборлолт явуулах, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай 10 гаруй тэрбум ам.долларын гуравны хоёрыг “Rio tinto” гаргаад, үлдсэнийг нь Монголын төрөөс гаргахаар тохирсон. Яагаад Монгол Улс мөнгө төлөх ёстой болсон бэ гэдгийг сөхмөөр байна. Газрын хөрсөн дэх 50 тэрбум ам.долларын зэсийн уурхайгаа ашиглуулж байж дээр нь мөнгө төлж байна.

Тухайн ордыг илрүүлсэн хүн нь эзэмших эрхтэй болохын тулд маш бага мөнгө зарцуулаад, худалдсан. Энэ нь хууль ёсны ямар нэг зөрчилгүй ч эдийн засагч хүний нүдээр харахад таагүй сэтгэгдэл төрж байна. Үүнийг шийдэхийн тулд Монгол Улсын төр, засаг нөөц баялгийнхаа эрэл хайгуул хийх чадавхиа сайжруулах хэрэгтэй. Уул уурхайн сургуулиуд байгуулж, инженерүүдийг бэлтгэж, тэднийг практик туршлагатай болгож улсын хэмжээнд ямар нөөцтэйгөө мэдэх нь зүйтэй.

-Үүнд нэлээд цаг хугацаа шаардлагатай байж таарна.

-Тийм ээ. Тэр болтол дэлхийн хэмжээний шилдэг мэргэжилтнүүдийг цалинтай ажиллуулаад, эрэл хайгуул хийлгэж болно. Олон улсын шилдэг мэргэжилтнүүдийг урьж авчраад Монголын залуусыг хамт ажиллуулж, тэр хүмүүсээс суралцах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Ийм тохиолдолд ордын эзэмшлээ алдахгүй, төрд байх болно. Нэгэнт өөрсдөө эрэл хайгуул хийж, баялгаа олчихвол хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, шударга нөхцөлөөр гэрээлж болно шүү дээ.

“Rio tinto”-той байгуулсан гэрээний тухайд 25 жилийн хугацаанд Монгол Улсад ямар нэг орлого байхгүй. Баялгийг эзэмшиж байсан эрх уг нь төрд байсан биз дээ. Багахан мөнгөний төлөө өндөр үнэлэмжтэй ордоо тавиад туучихсан хэрэг. Ингэж алдахгүйн тулд боловсролынхоо тогтолцоог сайжруулаач, эрэл хайгуул хийх хүмүүсийг бэлтгээд, нөөц баялаг илрүүлснийхээ дараа давуу байдалтай яриа хэлэлцээ хийгээч ээ гэх гээд байгаа юм.

Монголын боловсролын салбарын талаар цөөн зүйл хэлье. Би Мюнхен хотоос ирсэн. Улаанбаатарынхтай газар нутгийн хэмжээгээрээ адил Мюнхен хоёр их сургууль, цэргийн нэг сургуультай. Өөр ганц хоёр сургууль бий. Гэтэл Улаанбаатарт маш олон сургууль байна шүү дээ. Тэдгээрт зангиа зүүж, ширээний ард суудаг хүмүүсийг л бэлдэж байна.

Харин Монгол Улсад гараараа ажиллах хүмүүс л хэрэгтэй. Техник мэргэжлийн сургуулиудад бэлтгэгдсэн, ажлыг гараараа, мэргэжлийн өндөр түвшинд хийх чадвартай хүмүүс хэрэгтэй. Монголд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд бий. Тэдгээрийг улам тэлж, хөгжүүлэх, хосолсон мэргэжил эзэмшсэн хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй. Тэгэхдээ суралцагсдыг компаниудад ажиллуулж, долоо хоногийн дөрөвт нь практик туршлага хуримтлуулж, нэгт нь онолын сургалтад хамруулж, өөрөөр хэлбэл, хосолсон боловсролын тогтолцоотой болох нь зүйтэй.

Герман улс ийм системтэй. Манай улсын гадаад худалдаа ашигтай байдаг, хамгийн том экспортлогч орнуудын нэг. Энэ нь хосолсон мэргэжлийн тогтолцоотой холбоотой. Монгол Улсын боловсролын тогтолцоо АНУ-ынхтай төстэй, маш олон их сургууль, коллежтой. Гэхдээ үр дүнтэй тогтолцоо биш болох нь хэдийнэ харагдсан. Та бүхэн АНУ-ын аж үйлдвэрийн салбарыг харахад л хангалттай. Том нутаг дэвсгэр, цөөн хүн амтай Монгол Улсын хувьд уул уурхай, зам барилгын салбартаа анхаарах нь зүйтэй.

-Гадаадын хайгуулын компани манайд орж ирэхийг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гадаадын ур чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулахаас өөр аргагүй. Гагцхүү компанийг нь оруулж ирэхээр эзэмшлээ алдчихаад буйг сануулсан юм. Хэдий гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулсан ч дотоодын компани өөрөө эрэл хайгуул хийгээд, ордын эзэмшил нь Монголд үлдэх ёстой гээд буй хэрэг.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, гэрээ байгуулж болно. Тэгэхдээ зарим нөхцөлд гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж зайлшгүй зааж өгөх хэрэгтэй. Урт хугацааны гэрээ байгуулж буй тохиолдолд талууд зарчмын хувьд ерөнхий нөхцөлүүдээ хадгална гэж тохироод, ямар нэг онцгой нөхцөл үүсвэл зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой хэмээн тусгах нь зүйтэй. Гэрээ байгуулахад ямар хуульч ажиллуулах нь маш чухал ач холбогдолтойг дурдах нь зөв байх.

Эхнэр бид хоёр Зүүн Германы өмч хувьчлалын үйл ажиллагаанд оролцож байсан. Тэр туршлагадаа үндэслээд “Үсрэнгүй эхлэл” ном бичсэн юм. Энэхүү туршлагыг маань Боливын уул уурхайн хувьчлалд ашигласан. Тус улсын Үндсэн хуулиар уурхайгаа зарахыг хориглочихсон. Ийм тохиолдолд хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах вэ гэдэгт бид өөрсдийн туршлагаас санал болгосон хэрэг.

Шийдэл нь хамтарсан компани байгуулах. Тухайн хувийн хэвшлийн мэдлэг, арга техникийг оруулж ирэхийн тулд Засгийн газар хамтарсан компани байгуулах юм. Засгийн газар нөөц баялгаа, гадаадын компани техник, тоног төхөөрөмж, ноу-хаугаа хэдээр үнэлэх юм бэ гэдгээ тохироод хамтарсан аж ахуйн нэгж байгуулах загвар байгаа юм. Түүнийг хуваалцах зорилгоор Монголд ирсэн.

-Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд арилжсан. Бас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, зээл авахаар болсон тухай ямар бодолтой байна вэ?

-Энэ бол шийдэл биш, улам л хүндрэхийн дохио. Орлого багатай хүн нэг хүнээс зээл аваад түүнийгээ нөхөхийн тулд дахин өөр хүнээс зээл авбал хаана хүрэх вэ? Улсын хувьд хэн нэгний удирдлага доор орох нөхцөл үүснэ.

Норвеги улс нөөц баялгаас олох орлогоо үрчихдэггүй, дэлхийн хөрөнгийн зах зээлд оруулдаг. Тэгснээрээ зээлийн хүүг харьцангуй бага байлгадаг. Харин Венесуэл баялгаас олсон мөнгөө өөрсдөө хэрэглэж байснаас болоод бүх зүйлийн үнэ хиймлээр, байх ёсгүй хэмжээнд тултлаа өсчихсөн. Ганц нөөцөөсөө хамааралтай тус улс газрын тосны ханш хямдарснаас болоод дампуурахад хүрч байгаа.

Монгол Улс орлогоо хэрэглээний бараа бүтээгдэхүүнд (автомашин, зурагт гэх мэтчилэн) зарцуулсан бол муу. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын эдийн засагт хөөс бий болсон, тэр нь хагарч байна, тиймээс бизнес хийх нь ашиггүй гэж үзэж буй байх. Өр бол хор гэхэд буруудахгүй. Өр тавина гэдэг ирээдүйтэй зүйл огт биш. Хүссэн, хүсээгүй бүсээ чангалаад, амьжиргааны түвшнээ доошлуулаад ч хамаагүй татвараа нэмэгдүүлж одоогийн нөхцөл байдлыг даван туулах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй.

Хэрэв одоогийн хямралыг даван туулчихвал Монгол Улсыг гайхалтай, мөнхийн сайхан ирээдүй угтана.

-Манайд аялал жуулчлалын салбар хөгжих хэр боломжтой вэ?

-Герман, Швейцарь зэрэг германаар ярьдаг улс орноос Монголд нэлээд олон жуулчин ирж байгаа гэж сонссон. Эртний соёлтой, үзэсгэлэнтэй байгальтай Монгол Улсад ирж, сонирхох хүсэл германчуудад байдаг. “Ингэний нулимс” киног Германд гаргахад маш олон хүний сэтгэл хөдөлсөн. Ер нь дэлхийн хэмжээнд жуулчдыг татах боломж Монголд бий. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх ёстой.

Хөдөө орон нутгийн зочид буудлууд үйлчилгээгээ сайжруулах ёстой болов уу. Дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулж байсан түүхтэй танилцахаар хүмүүс ирж байгаа. Эртний хувцас, эдлэл, гоёл чимэглэлийг харуулсан музей, хэрхэн тулалдаж байсан, бөхийн барилдаан гээд Монголын онцлогийг харуулсан ямар л зүйл байна тэр бүгдийг жилийн турш үзүүлж байвал сонирхолтой.

Зөвхөн Наадам биш, болж өгвөл бүтэн жилийн хугацаанд, хөдөө орон нутагт сонирхолтой (зочид буудалд байрлангаа үзэх боломжтой) тоглолт зэргийг зохион байгуулбал зүйтэй байх.

Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, хөгжүүлэхэд Засгийн газар зайлшгүй оролцож, бодлогоор дэмжих ёстой. Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа ямар ажлууд хийхээ тодорхойлоод, хамтарч чадвал үр дүнд хүрнэ. Герман улс аялал жуулчлалын салбарын хөгжлөөр дэлхийд дээгүүрт бичигддэг.

Манайд жуулчдыг бусад орон руу явуулж, тур аялал хийх чиглэлээр дагнасан компаниуд бий. Тэдэнтэй хамтран ажиллаж болно. Тэд мэдээж өөрсдийн шаардлагаа тавина. Түүнийх нь дагуу олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ хөгжүүлэх боломжтой. Тэдгээр компани урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой байдаг тул Монголын зочид буудлын бизнес эрхэлж буй хүмүүс тогтвортой орлого олох нөхцөл бүрдэнэ.

-Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд бид юунд анхаарах хэрэгтэй бол?

-Дэлхийн худалдаанд улс орнуудын нийлүүлж буй бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөөд, машины үйлдвэртэй болно гэх нь юу юм. Гэхдээ эхний ээлжинд дотоодын, орон нутгийн хэмжээнд хэрэгцээгээ өөрсдөө хангах олон боломж байна шүү дээ. Байшин барилга, авто замаа өөрсдөө барих боломжтой. Үүнийг хийдэг мэргэжилтнүүд хэрэгтэйг дахин хэлье.

Дашрамд дурдахад, Хятадын зах зээл том. Гэхдээ Европын зах зээл түүнээс ч том гэдгийг мартаж болохгүй. Мэдээж Хятад бол Монгол Улсын түншлэх ёстой орны нэг ч бас өөр өрсөлдөгч бий болгох нь чухал.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай