Янгирын үхэл анхаарлын гадна яагаад үлдэв

Янгирын үхэл анхаарлын гадна яагаад үлдэв

“Зүүн гарын говийн Тахийн шар нуруу, Байтаг Богдод өвөлжиж байсан малчид 2016 оны хавар гурав, дөрөвдүгээр сард хурга, ишиг нь өвчилж үхээд байна гэж мэдэгдсэн. Тухайн үед мал эмнэлгийн байгууллага, төр, засаг огт анхаараагүй. Мал эмнэлгийг хувьчилчихсан учраас хаа байсан хол газарт очиж арга хэмжээ авахгүй шүү дээ. Өнөөх айлууд Зүүн гарын говийг гатлан, Монгол Алтайн нуруунд ирж зусахдаа мялзан өвчнийг Ховд аймаг даяар тараасан.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Байтаг богдод гарсан уг өвчин аравдугаар сард Ховдод газар авахад л анзаарч, арга хэмжээ авсан хэрэг. 2007 онд Хятадад мялзан дэгдсэн. Түүнээс улбаалан янгираар дамжиж, анх Монгол Алтайн нуруунаас урагш, Байтаг Богдод өвөлжиж байсан айлуудын малд халдсан гэх таамаг бий” гэж ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн амьтан судлалын салбарын эрхлэгч, доктор Л.Амгалан ярьсан. Өнгөрсөн онд манай улсад анх удаа бүртгэгдсэн бог малын мялзан өвчний эх сурвалжийн талаарх таамаг ийм байв.

Мялзан дэгдсэний улмаас нэн ховор монгол бөхөнгийн 60 орчим хувь нь өнгөрсөн хавар хорогдсон юм. Дулааны улирал эхэлснээс хойш буюу өнгөрсөн зургадугаар сараас бөхөн үхэж хорогдох нь эрс багассан гэж мэргэжлийн байгууллага, орон нутгийн холбогдох албаныхан мэдээлж буй. Байгаль хамгаалах байгууллагууд, төр, засгийн хамтын ажиллагааны үр дүнд нэн ховор уг амьтныг мөхлөөс аварсан ч сүүлийн үед мялзангаар янгир өвчлөх болжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан өнгөрсөн сард Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Сүмийн хөндийд өвчтэй янгир, онох (төл) хоёртой таарсан бөгөөд нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадаж, сульдсан байсан гэнэ. “Шинжилгээгээр тогтоогоогүй ч мялзангаар өвчилсөн бөхөнгүүдтэй ижил шинж тэмдэгтэй байна” гэж тэд ярьсан юм. Ховдын Дарви суманд ч мөн ийм тохиолдол илэрчээ. Ихэвчлэн өндөр уул, хад асганд сүрэглэн амьдардаг тул хүмүүст мэдэгдээгүй хэчнээн тохиолдол бийг таамаглахад бэрх.

...1980 оны эхээр улсын хэмжээнд 80.000 орчим янгир байгааг тогтоож байжээ. 2009 онд байгаль орчны салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол орны уулын туруутан амьтдын нөөцийг тодорхойлох судалгаа хийсэн юм байна. Тэр үед янгирын тоо 36.018 болж буурсныг тогтоожээ. Ан агнуур, хамуу өвчин, гуур, хачиг мэтийн цус сорогч шавьж шимэгчлэх, зуданд олноор хорогдох зэрэг шалтгаанаар ийн цөөрчээ. Харин 2009 оноос хойш өдгөө хэд хүрсэн нь тодорхой бус бөгөөд зэрлэг амьтдыг тоолох нь зардал ихтэй болохоор хаячихаж...

Янгир өвчилж үхсэн талаар байгаль хамгаалагчид холбогдох газруудад мэдээлсэн бөгөөд мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, өвчтэй янгираас цусны дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд мялзангаар өвчилсөн нь тогтоогдсон юм. “Бог малын мялзан өвчний тархалт дулааны улиралд саарна” гэж өнгөрсөн хавар манай болон олон улсын мэргэжилтнүүд дүгнээд байсан ч харамсалтай нь, зуны дэлгэр цагт ч намжаагүйг энэ явдал гэрчилнэ.

Дэлхий дахинд 1942 онд анх бүртгэгдсэн бог малын мялзан өвчнөөр одоогоор 21 зүйлийн зэрлэг амьтан өвчлөөд буй юм байна.

Манай оронд энэ өвчнийг тусах магадлалтай таван төрлийн амьтан байдгийн нэг нь янгир. Одоохондоо өргөн хүрээнд тархаагүй ч нэг л мэдэхэд монгол бөхөн шиг эмгэнэл нүүрлэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс холбогдох газрууд, ялангуяа орон нутгийнхан анхаарал хандуулж буй, эсэхийг тодруулахад тоож байгаа хүн ч алга. Мялзангаас болж үхсэнийг нь мэдэж буй ч яг хэзээ, хэд устсаныг анхаарч, тоолоогүй л байна.

Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын дарга Д.Батмагнай “Өнгөрсөн зургадугаар сард нэг дор 10 гаруй янгир үхсэн байсан. Лабораторийн шинжилгээгээр мялзан өвчин илэрсэн. Түүнээс хойш янгир үхсэн талаарх мэдээлэл ирээгүй. Асуудал гарвал мэдээлээрэй гэж малчдад захисан” гэв. Харин онцгой байдлынхны хувьд өдгөө дэгдээд буйн шүлхий өвчинд анхаарлаа хандуулаад “Мялзангийн тохиолдол бүртгэгдээгүй” гэж ярьсан шигээ сууж байх юм.

Монгол Улсын “Улаан ном”-нд ховор зүйл гэж тэмдэглэгдсэн янгир Монгол Алтай, Говь-Алтай, Зүүн гар, Алтайн өвөр говь, Хан Хөхий, Хорьдол Сарьдаг, Улаан тайгын нуруу, Дундговь, Дорноговь аймгийн цөл, цөлөрхөг хээрийн бүсийн уулсаар алаг цоог тархсан. 1980 оны эхээр улсын хэмжээнд 80.000 орчим янгир байгааг тогтоож байжээ. 2009 онд байгаль орчны салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол орны уулын туруутан амьтдын нөөцийг тодорхойлох судалгаа хийсэн юм байна. Тэр үед янгирын тоо 36.018 болж буурсныг тогтоожээ.

Ан агнуур, хамуу өвчин, гуур, хачиг мэтийн цус сорогч шавьж шимэгчлэх, зуданд олноор хорогдох зэрэг шалтгаанаар ийн цөөрчээ. Харин 2009 оноос хойш өдгөө хэд хүрсэн нь тодорхой бус бөгөөд зэрлэг амьтдыг тоолох нь зардал ихтэй болохоор хаячихаж. Өдгөө мялзан өвчин популяцад нь хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй. Гэвч холбогдох газрынхан “Хэдэн янгир үхсэн нь үнэн. Тийм тохиолдол дахиж бүртгэгдээгүй байна” гээд хээв нэг ярьж суух жишээтэй. Тархац, нөөцийг нь нарийвчлан судалж, тохиромжтой газарт сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, зудын үед нэмэлт тэжээл тавьж өгөх, хууль бусаар агнахыг таслан зогсоож, удмын санг нь хадгалах шаардлагатайг 2013 оны “Улаан ном”-нд тэмдэглэсэн байна.

Ирвэс, чоно, шилүүс зэрэг араатан янгираар хооллодог. Ялангуяа нэн ховор цоохор ирвэсийн идэш тэжээлийн цөм нь янгир. Зарим ууланд ирвэсийн нийт идэш тэжээлийн 70 хүртэл хувийг бүрдүүлдэг гэнэ. Экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог ач холбогдолтой энэ амьтан цөөрөх нь Монгол орны амьтны аймгаас ганц зүйл устах тухай асуудал биш. Ирвэсийн тоо толгойд сөргөөр нөлөөлж, том цохилт болно гэсэн үг.

Янгир цөөрснөөр хүн ирвэс хоорондын зөрчил нэмэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд онцолсон. Учир нь хоол тэжээлгүй болсон цоохор ирвэс өлсөж үхэхгүйн тулд бэлчээрийн малд халдана гэсэн үг. Сонирхуулахад, генетикийн судалгаагаар цоохор ирвэс нь гурван дэд зүйлтэй болохыг албан ёсоор тогтоосон. Монгол оронд амьдардаг ирвэс бусад газар дахь төрөл нэгтнүүдээсээ өөр, тусдаа дэд зүйл болох нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монголд л байдаг онцгой ховор амьтан бөгөөд хамгаалахгүй бол удахгүй устах эрсдэл янгир цөөрснөөс болж тулгарах магадлалтай юм байна.

Бог малын мялзан өвчин манай улсад өнгөрсөн онд анх удаа тэмдэглэгдсэн, ялангуяа нэн ховор монгол бөхөнд халдсан учраас ямар арга хэмжээ авбал зохихоос эхлээд олон асуултад албаныхан, эрдэмтэд ч бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байсан. Тиймээс шалтгааныг нарийвчлан тодруулахаар олон улсын байгууллагад хандаж байв. Ингээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кок манай улсад ирсэн.

Тэрбээр “Зөвхөн бөхөн гэлтгүй, хар сүүлт, янгир ч мялзангаар өвчилснийг орон нутагт ажиллахдаа баттай тогтоолоо. Махчин амьтад өвчлөхгүй. Хамгийн гол нь тэдгээр амьтны идэш тэжээл нь болдог аргаль, янгир мялзангаар үгүй болчихвол махчид бэлчээрийн мал руу дайрна. Цаашлаад устах эрсдэлтэй. Зэрлэг амьтдын тухайд бол халдвар аажимдаа устаж, дархлаа тогтсон нь амьд үлдэнэ. Мөн бэлчээрийн мал аж ахуйд ч сөргөөр нөлөөлнө. Бог мал мялзангаар халдварласан тохиолдол өнгөрсөн онд Монгол Улсад бүртгэгдэж, шуурхай арга хэмжээ авч, голомтын бүс дэх бүх малд вакцин хийжээ. Цаашид төлийг нь вакцинжуулах шаардлагатай” гэж байлаа.

“Зэрлэг амьтан яах вэ. Хамгийн чухал нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүрэг” гэж манайхан хэлдэг. Тэгвэл янгирын тархац нутаг малын бэлчээртэй давхцах болсон тул мялзангаар дахиад мал халдварлах эрсдэл тулгарч болзошгүйг дурдъя. Говь-Алтай аймгийн Цээл, Халиун сумын нутгийг дамнан оршдог Хар азаргын нуруу нь аргаль, янгирын гол тархац нутгийн нэг.

Тиймээс янгирын сүрэгт энэ өвчин тархвал аргалиас эхлээд туруутан бусад амьтанд ч халдаж, Хар азаргын нуруугаар дамжин Баянхонгорын нутагт хүрэх эрсдэлтэй юм байна. “Өнгөрсөн хавар мялзан дэгдэхэд бөхөн бүхий сумдын малыг вакцинжуулсан. Гэхдээ ойролцоо аймгийн бүх мал, тэр дундаа төлд вакцин хийж чадсан, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ асуудлыг онцгой байдал, холбогдох яам, Тамгын газар анхааралдаа авч урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэж Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан сануулсан.

Хээрийн амьтныг барьж, вакцин тарих боломжгүй учраас өвчний тархалтыг газар авахуулахгүйн тулд мэдээж малаа вакцинжуулах шаардлагатай. Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмонгоос ийм эрсдэлээс малаа хамгаалж чадсан, эсэхийг тодруулахад “2016 онд анх удаа гоц халдварт, бог малын мялзан өвчин Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулаад бид БНХАУ-аас нийт 11 сая тун вакцин авч, 10.2 сая малд тарьсан. Уг вакциныг нэг удаа тарьчихсан байхад гурван жил дархлаа тогтдог.

Одоогоор төл малын вакциныг ОХУ-аас авахаар гэрээ хэлэлцээр хийж буй. Зэрлэг амьтад мялзан туссантай холбоотойгоор бид өвчин тархсан газар нутаг дахь айлуудын малыг вакцинжуулсан. Энэ долоо хоногоос төл малд вакцин тарих гэж байна. Зэрлэг амьтад өвчилсөн гэж бүртгэгдээгүй газрууд дахь төлийг үүнээс арай хожуу буюу энэ сард багтаан вакцинжуулна.

Ийм арга хэмжээг тогтмол авч чадвал таван жилийн дараа мялзанг бүрэн дарж, эрүүл бүс болно гэсэн зорилттой ажиллаж буй. Мялзангийн вакцины дархлаа хэр тогтсон талаарх тандалт судалгааг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхан саяхан хийлээ. Хангалттай хэмжээнд хамгаалж байна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс бог малын мялзан өвчнийг хяналтдаа авсан гэж үзсэн ч болно” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай