П.Орхон: Монгол хүн япон бөх шиг олимп, дэлхийд олон удаа түрүүлж чадна гэдгийг батлах мөрөөдөлтэй

Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглохдоо шилдгүүдийг өвдөг шороодуулсаар түрүүлж, монгол түмнээ баярлуулсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга болоод анхныхаа ярилцлагыг “Өнөөдөр”-т өглөө.

Энэ жил оролцсон бүх тэмцээндээ аваргалж, өнгөтэй байсан тэрбээр ийнхүү Монголын чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав, эмэгтэйчүүдээс гурав дахь дэлхийн аварга болсон юм. Өнгөрсөн жил олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга К.Ичог ялж, олны анхааралд өртөхийн сацуу ирээдүйд их юм дуулгахаа баталсан түүнийг энэ онд жин өгссөнөөс хойш Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгтэй хэрхэн өрсөлдөх нь олны анхаарлыг хамгийн их татаж байв.

П.Орхон шинэ жиндээ цахиур хагалж, С.Батцэцэгтэй дөрвөн удаа учраа таарахдаа бүгдэд нь ялан, сорил тэмцээнд ч хамгийн шилдэг нь байж, ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлсөн юм. Түүний алтан медаль булган сүүлтэй байж, жүдо, боксын спортын төрлөөр ч бас манай тамирчид дэлхийн дэвжээнд бахдам амжилт гаргасаар байна.

-Монголын топ спорт болох чөлөөт, жүдо, боксын тамирчид нэг жил ДАШТ-д ийм өндөр амжилт гаргасан тохиолдол тун ховор. Таны амжилт булган сүүлтэй байж Д.Сумъяа дэлхийн аварга болж, Д.Отгондалай дөрвөн жил тасраад байсан ширэн бээлийтнүүдийн медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Түүгээр ч үл барам ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтан нэжгээд төрөөд байна. Бусад тамирчныхаа медалийн салхийг хагалж, айсуй амжилтын замыг нь зассандаа түрүүлснээс дутахгүй баярлаж, бэлгэшээж байгаа болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Их сайхан байна аа. Энэ жил спортынхон маань өндөр амжилт гаргаж, дэлхийд эх орныхоо нэрийг олонтаа цуурайтууллаа. Бокс, чөлөөт, жүдо бөхийн ДАШТ дараалан болж, бүх төрөлд жигд амжилт гаргасан нь яахын аргагүй ховор тохиолдол. Азаар ч гэх юм уу чөлөөт бөхийн тэмцээн хамгийн түрүүнд болсон.

Дэлхийн аварга болсон амжилт маань булган сүүлтэй байж, араасаа олон медальтан дагуулсан нь ховор хувь заяа болов уу. Алтан медаль хүртсэнийхээ дараа “Би булган сүүлтэй шүү. Хэн шарвуулмаар байна” гээд тамирчдаараа тоглоом хийсэн юм, би. Тэгэх нь ээ танхимд байсан бөхчүүдээс Бэхээ (Э.Бэхбаяр) “Хөөе, булган сүүлт ээ. Намайг дөмөгхөн шарваадхаач” гэж инээхэд нь “шарвачихсан” юм.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялсныхаа дараа Бэхээ “Чиний шарвасны ачаар л хүрэл медаль хүртлээ” гээд инээсэн. Мэдээж би ганцхан шарваад л түүнийг медаль хүртүүлнэ гэж юу байх вэ. Олон жил зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр шимээр амжилтад хүрсэн байж таараа. Гэхдээ надад их сайхан санагддаг. Аваргын төлөөх барилдаанд Ю.Ткачийг ялж, Төрийн далбаагаа мандуулан, дэвжээ тойрон гүйснээ өчигдөр болсон мэт тод санаж байна. Хосоо багш алчуураа сэнс шиг эргүүлэн, хөл нь газар хүрэхгүй шахам баярлаж байхыг харах хэчнээн гоё байсан гэж санана.

Дэвжээн дээр багштайгаа хамт баярт мөчөө хуваалцсан маань миний амьдралд тохиосон хамгийн дурсамжтай, сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг байлаа. Төрийн дуулал эгшиглэх мөчид хамгийн түрүүнд эх орон, ээж, хоёр багшаараа их бахархсан. Унаж, босох бүхий л үед ээж, хоёр багш минь надад үргэлж түшиг, тулгуур болдог. Дэлхийн аварга болсноос илүүтэй тэднийхээ төдийгүй монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлээгүйдээ хамгийн их баярлаж байна.

Өнгөрсөн жил Риогийн олимпоос ганзага хоосон эх орондоо ирэхэд хоёр багш (Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр) маань “За одоо гутарч суух цаг биш. Хоёр багш нь шавиа ирэх жил дэлхийн аварга болгоно. Гурвуулаа чадна аа, хичээгээрэй” гэсэн. Тэгээд бэлтгэлийн шинэ төлөвлөгөө боловсруулж, бүхнийг шинээр эхэлсэн. Тухайн үед олимпод амжилт гаргаж чадаагүйдээ сэтгэлээр уначихсан байсан надад эргэлзээ төрснийг нуугаад яах вэ.

Гэхдээ надад тэгж их итгэж байхад нь хөсөрдүүлэхгүйн тулд өмнөхөөсөө бүр их хичээсэн. Хэрвээ хоёр багш минь надад итгэдэггүй, өдий хүртэл миний төлөө хөдөлмөрлөж, сэтгэлээ чилээгээгүй бол өнөөгийн амжилтад хэзээ ч хүрэхгүй байсан. Эх орондоо ирээд нэлээд хэд хонож байгаа ч хангалттай амарч амжихгүй юм. Удахгүй болох Армийн ДАШТ-ий бэлтгэлээ базаан, завгүй л гүйгээд байна. Уг нь нутагтаа очиж, амрахаар сэтгэл сэргэн, тайвшраад сайхан болдог юм. Энэ удаа даанч амжихгүй нь.

-Д.Сумъяа, Д.Отгондалай та гурав нэг ангид сурдаг бил үү?

-Тийм ээ. Бид гурав өндөр зэрэглэлийн тамирчдыг дасгалжуулах дасгалжуулагчдыг бэлтгэх зорилготой МУБИС-ийн “Аthlete career” ангид сурдаг. Нэг ангид сурдаг, хүндэлж явдаг ах, эгч хоёртойгоо хамт ДАШТ-ээс медаль хүртээд сайхан байна аа. Би бас ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны их сургуульд нийгмийн ажилтан мэргэжлээр сурдаг. Дөрөвдүгээр дамжааны оюутан.

Энэ мэргэжлээр суралцаж буйн давуу тал нь томоохон тэмцээнд оролцох, эгзэгтэй мөчид сэтгэл зүйгээ удирдаж сурсан. Өчигдөр (есдүгээр сарын 1) хоёр сургуулийнхаа нээлтэд оролцлоо. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд байсхийгээд чөлөө авах, хичээлээ таслах болдог ч намайг ойлгож, дэмждэг сургуулийн захиргаа, багш нартаа баярлаж явдаг.

-Аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Ю.Ткачтай барилдсан. Долоон удаа буудуулсан чоноос ч хашир, туршлагатай түүнтэй барилдахын өмнө бэргэсэн үү?

-Би хэнтэй ч барилдахдаа амжилтынх нь тухай боддоггүй. Цол, гуншинтай нь бус өөртэй нь л өрсөлдөх учраас тэр. Ер нь олимп, дэлхийн аварга цолноос нь илүүтэй тухайн бөхийн өнөөгийн бэлтгэл, өнгө л чухал. Ткачтай анх удаа барилдлаа. Польшийн тэмцээнд түрүүлэхэд оролцож байсан тул барилдааныг нь гадарлана.

Ер нь медалийн төлөө барилдах болов уу гэж багцаалж байлаа. Багш нарынхаа захиасын дагуу өөртөө итгэлтэй, хүч сорьж, барилдааны эхнээс санаачилгатай өрсөлдсөнийхөө хүчээр ялсан.

-Том тэмцээнд анх удаа оролцож буй зарим бөх шигшээд шалгарангуутаа амжилтдаа ханадаг гэмтэй. Таныг бас дэлхийн аваргын төлөө барилдахаасаа өмнө тэгэх вий гэж эмээж байлаа.

-(Инээв) Юу гэж тэгэх вэ. Мөнгөн медаль хүртсэний дараа ч “За одоо бол унасан ч, давсан ч яах вэ” гэж ер бодоогүй. Зөвхөн түрүүлэх зорилготой л Парисыг зорьсон болохоор алтан медаль хүртсэний дараа л сэтгэл амарсан.

-Энэ жил жин өгсөн, 63 кг-д улсын аварга болсон ч Азийн АШТ-д оролцоогүй. Богино хугацаанд гол өрсөлдөгчдөө судалж амжсан уу?

-Оролцоогүй бус намайг өрсөлдүүлээгүй шүү дээ. Тэгэхээр Азийн шилдгүүдийн бэлтгэл хэр байгааг судалж, туршлага хуримтлуулан, барилдах боломж олдоогүй гэсэн үг. Энэ жил тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон бол дэлхийн чансааг тэргүүлж, хэсэг толгойлохын сацуу эхний тойрогт гоц мөргөх боломж байсан юм. 63 кг-д дэлхийд хүчтэй өрсөлддөг, барилдаан таардаггүй бөхчүүд зөвхөн Азид бус Европ тивд олон бий.

Тиймээс багш нартайгаа зөвлөж байгаад дэлхийн аваргын өмнө Европт болсон хоёр тэмцээнд хүч сорьж, жингийн өрсөлдөгчдөө судласан нь амжилтад маань их нөлөөллөө. Дээрх хоёр тэмцээнд намайг оролцуулахын тулд хувиасаа 30-аад сая төгрөг гаргаж, дэмжсэн “Батсол” компанийн захирал Батсайхан ах, Солонго эгч хоёрыг дурдахгүй өнгөрч болохгүй. Жирийн нэг бөхийн хорхойтон тэгж дэмжсэн нь миний амжилтад ташуур өглөө.

Бөхийн спортод элэгтэй, хайртай ийм хүмүүсийн ачаар тамирчид бид амжилт гаргадаг юм. Энэ дашрамд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны хамт олон, Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Д.Энхтөр багшдаа, “Аваргууд” академийн дасгалжуулагч Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, гэр бүлийнхэн, Батсайхан, Гавьяат тамирчин Бүргэдаа ах, Солонго эгч, бэлтгэлийг маань базаалцаж, арга туршлагаасаа хуваалцдаг Б.Наранбаатар, Э.Ням-Очир ах, эмч Насанбат ах, Саранцацрал эгч нартаа болон чөлөөт бөхийн спортод хайртай монгол түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье.

-Таныг Азийн АШТ-д яагаад оролцуулаагүй юм бэ?

-Үндэсний шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл хийгээгүй гэсэн шалтгаанаар зөвхөн намайг бус УАШТ-д түрүүлсэн Г.Мандахнаран, Б.Одончимэг, С.Цэрэнчимэд, Н.Лхамгармаа тэргүүтэй долоон бөхийг хассан. Тэгснийх нь горыг ДАШТ-д амслаа, бид. Уг нь бид бэлтгэлээ огт цалгардуулалгүй анхны багш нарынхаа удирдлагад базааж байсан юм. Бэлтгэлээ чанартай л хийж байвал хаана базаах нь тийм ч ач холбогдолтой биш байлтай.

Улсын хоол идэн, үндэсний шигшээ багт бэлтгэл хийлгүүлж л байвал олон улсын тэмцээнд эхний тойрогт ялагдсан ч хамаагүй гэх хандлагатай зарим хүнийг би ойлгодоггүй юм. Олимп, дэлхийн аварга Х.Мароулис л гэхэд анхны багшийнхаа удирдлагад, үндэсний шигшээ багаас тусдаа бэлтгэл хийдэг.

Тэгснээрээ алдсан, буруудсан юм ер алга. Тэгвэл бид яагаад тэгж бэлтгэл хийн, амжилт гаргаж болохгүй гэж. Одоо дэлхийн аварга болж, том давааны ард гарлаа. Олон хүн урмын сайхан үг хэлж, амжилт хүсээд сайхан байна. Хоёулаа ийм зүйлийн талаар бус гэгээлэг сэдвээр ярилцъя. Тэгэх үү?

-Мэдээж бололгүй яах вэ. Та он гарснаас хойш оролцсон бүх тэмцээн (нийт зургаа)-дээ түрүүлсэн. Үүний сацуу дэлхийн аваргын төлөө гурван удаа барилдаж, хоёрт нь Төрийн дууллаа эгшиглүүлсэн, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгтэй энэ жил дөрвөн удаа барилдахдаа ганц ч ялагдаагүй. Тэр хэрээрээ дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд медаль хүртэнэ, түрүүлнэ гэх итгэл бүр их төрсөн нь лавтай.

-Хөдөлмөрийн баатрыг ялан байж, эрх аваад оролцсондоо бус бэлтгэл сайтай байсныхаа хүчээр л энэ амжилтад хүрсэн. Бэлтгэл ханах тусам дэлхийн аварга болно гэх итгэл бүр их нэмэгддэг юм байна.

-Монгол Улс сүүлийн жилүүдэд томоохон тэмцээнд 63 кг-д С.Батцэцэгийг л сойж буй. Хөдөлмөрийн баатар ч олны итгэлийг алдалгүй амжилт гаргасаар өдий хүрсэн.

Харин энэ жил сорил тэмцээнд түүнийг ялж, ДАШТ-д оролцохын өмнө “Хэрвээ амжилт гаргаж чадахгүй бол яана. С.Батцэцэг оролцсон бол медаль хүртэх байсан гээд хүмүүс шүүмжлэх байх” гэж эмээсэн үү?

-Өө, ёстой тэгээгүй. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийг хэн нэгний дэмжлэгээр бус сорил тэмцээнээс шалгарч, өөрийнхөө хүчээр авсан болохоор олдсон боломжоо алдахгүйг л эрмэлзсэн. Өнгөрсөн жил олимпод оролцсон нь надад том туршлага боллоо. Зарим хүн “С.Батцэцэгийн оронд оролцоод дэлхийн аварга боллоо” гэх буруу ойлголттой явдаг юм билээ. Энэ жил МЧБХ-ныхон дэлхийн дэвжээнд сойх тамирчдаа сорил тэмцээнээс шалгаруулж, би С.Батцэцэг баатарт ялагдалгүйгээр дараалан хоёр удаа дийлж, эрх авсан шүү дээ.

-Энэ жилийн ДАШТ-д таны найз залуу Н.Лхамгармаа оролцсон. Улс бүр зөвхөн шилдгээ илгээдэг дэлхийн дэвжээнд гэр бүлийн хоёр хамтдаа өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол.

Түүнд амжилт гаргах боломж байсан нь мэдээж. К.Ичог ялсны тань маргааш Н.Лхамгармаа Парист түрүүлж байсан шүү дээ.

-Азербайжаны бөхийг ялах боломж Лхамаад байсан ч ашиглаж чадсангүй. Яг “Рио-2016” олимпод гаргасан миний алдааг давтчихлаа. Энэ жил ДАШТ-д надтай хамт дунд эгч маань явсан юм. Лхамаа, эгч хоёр надад их түшиг, тулгуур боллоо.

-Та өнгөрсөн жил ч бас олимпоос бусад оролцсон бүх тэмцээнд түрүүлсэн. Хоёрхон жилийн дотор дэлхийн энтэй бөх болсон амжилтын тань нууц юу вэ. Өөртөө итгэх итгэлийг та хэнээс, юунаас авдаг вэ?

-Өмнө нь 55, 58 кг-д барилддаг байхдаа жин их хасдаг, тэр хэрээр ядардаг байсан. Харин өнгөрсөн жилээс жин өгссөн нь амжилтад эергээр нөлөөлж байна. Энэ жил 63 кг-д барилдах болсноор жингээ хэрхэн хасах вэ гэж толгойгоо гашилгахгүй амар байгаа.

Миний амжилтын нууц бол “Алдар”-ын гурван багш, гэр бүлийнхэн минь. Би гурван багштайг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Хүчний бэлтгэлийн багш Д.Энхтөр гэж мундаг хүн бий. Түүний удирдлагад хүчний бэлтгэл хийсэн шавь нараас энэ жил ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальтан төрлөө. Багш нар миний бэлтгэлийг ёстой тултал нь хийлгэдэг.

Бэлтгэл ханачихаар “Хэнтэй ч барилдсан дийлнэ, ямар ч тэмцээнд амжилт гаргаж чадна” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм.

-Та өнгөрсөн жил К.Ичог ялж, Алтан гран прид түрүүлсэн. Энэ удаа дэлхийн аварга болж, монголчууд биднийг дахин баярлууллаа. Цаашид бүр их хичээх урам, зоригийг алинаас нь илүү авав?

-Үнэнийг хэлэхэд К.Ичо аваргыг ялсан маань хамгийн сайхан дурсамжийг надад үлдээжээ. Тухайн үед түүнийг ялах нь байтугай оноо аваад дийлдвэл их юм болдог байсан шүү дээ. Би ч бас цэвэр ялагдчихгүй юм сан гэж л дэвжээнд гарсан. Түүнээс биш ялна гэж бодоогүй ээ. Тэгтэл бүр үлгэрлэж, хүндэлж, хайрлаж явдаг хүчтэнээ 10:0-ээр ялсан маань надад юу юунаас илүү урам өгч “Уйгагүй хичээн, хоёргүй сэтгэлээр зүтгэвэл олимп, дэлхийгээс медаль хүртэх боломжтой юм байна” гэх итгэл төрсөн.

Шагналын тавцанд найз Чимэдээ (С.Цэрэнчимэд)-тэйгээ хамт зогсох сайхан байсан шүү. Ичо эхний тойрогт Чимэдээг ялсан. Аваргын төлөөх барилдаанд Ичог дийлэхдээ түүний төдийгүй өмнө нь дийлдсэн монгол бөхчүүдийн хариуг авлаа гээд их баярласан шүү.

Дэлхийн аварга болсон маань нэр хүндтэй ч К.Ичог ялсан нь хамгийн үнэ цэнэтэй нь. Тэр түрүү дараа дараагийн олон амжилтын үүдийг нээсэн юм.

-ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд та хоёр багын найз. Зарим найз амжилтын төлөөх өрсөлдөөнөөс болж хөндийрдөг. Өнгөрсөн жил олимпод оролцохын төлөөх гол өрсөлдөөн та хоёрын дунд өрсөлдөхөд хэцүү байсан уу?

-Бид хоёр багаасаа нөхөрлөж, ерөнхий боловсролын сургуулийг хамт төгсөж байлаа. Нэг анги, нэг дэвжээ, нэг багшийн хоёр шавь дэлхийн аварга болсноороо бахархалгүй яах вэ. Чимэдээ ДАШТ-д түрүүлж, бидэнд боломж байгааг анх үлгэрлэсэн. Найз маань хөдөлмөрч, тусархаг. Нэг нэгнээ хурцалж, ирлэсээр өдий хүрлээ, бид хоёр.

Өнгөрсөн жил олимпод оролцохын төлөө хоорондоо өрсөлдөхөд хэцүү байгаагүй ээ. Бид хоёр дэвжээн дээр өрсөлдөгч. Харин амьдрал дээр сайн найз. Амжилтын төлөөх өрсөлдөөнөөс илүүтэй нөхөрлөл юу юунаас чухал. Багш маань “Хэн нь ч олимпод оролцсон яах вэ. Миний хоёр шавь хоёулаа мундаг юм чинь” гээд инээгээд суудаг байлаа.

Тамирчны амжилт залуу насных. Харин Чимэдээ бид хоёрын нөхөрлөл энэ насных, бат бөх байгаасай гэж хүсдэг.

-Та өнгөрсөн жил оролцсон тэмцээн бүртээ түрүүлж, бэлтгэл сайтай байсан ч олимпод тааруу амжилт гарган, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт В.Кобловад дийлдсэн. Алдаагаа хэрхэн дүгнэсэн бэ?

-Олимпын өмнө ядахдаа ганц ч болтугай ДАШТ-д оролцсон бол гэж харамсаж явдаг. Хоёр ч удаа ДАШТ-д оролцох хэмжээнд өнгөтэй, амжилт арвин байсан ч намайг бус өөр бөхийг өрсөлдүүлсэн юм. Хэрвээ дэлхийн дэвжээнд өрсөлдөөд үзчихсэн байсан бол “Рио-2016”-д арай ч тэгж ялагдахгүй байсан болов уу. Үүний сацуу олимп эхлэхээс хоёрхон сарын өмнө жин их хасаж, хоёр ч тэмцээнд өрсөлдсөний улмаас их ядарсан.

Бас болоогүй ээ, олимпод оролцохын тулд дахиад жин хасчихаар сэргэх завдал гараагүй. Жин хасахын хэцүүг адил зовлонтой байсан хүн л сайн ойлгодог. Цогоо багш өнгөрсөн жил намайг 58 кг-д барилдуулж, тэмцээнд өрсөлдүүлэхийн тулд автомашинаа худалдаж, зардлаа босгоод явсанд нь их баярладаг. Тэр хоёр тэмцээн төдийгүй олимпод багшийнхаа хүчээр жиндээ чүү чамай орсон шүү дээ. Тиймээс энэ жил багш нарынхаа зөвлөсний дагуу дахин жин өгсөж, 63 кг-д барилдаж байна.

Жиндээ хурдан дассаны үр шимээр дэлхийн аварга боллоо. Хосоо багш “Миний охин Кобловад ялагдаагүй. Шүүлтэд булхай орсон” гэдэг. Гэхдээ нэгэнт өнгөрсөн зүйлийн талаар тэгсэн, ингэсэн бол гэж ярих дэмий. Мэдээж үүнд миний буруу бий. Ичог яллаа гээд магтуулах, олимпод амжилт гаргаж чадсангүй гээд муулуулах тэнгэр, газар шиг зөрүүтэй байсан.

Амаа олохгүй шахам магтаж байсан зарим хүн хүртэл газарт ортол муулдаг юм билээ. Тэр үед аль болох сэтгэлээр унахгүйг хичээн, эх орондоо ирсний маргаашнаас шууд бэлтгэлдээ орсон.

-Дэлхийн аварга болсон тамирчин аваргын төлөө дахиад барилддаг “уламжлал” чөлөөтийнхөнд бий. Үүнээс харсан ч таныг амжилтаа батлаасай, ахиулаасай хэмээн бөхийн хорхойтнууд дээлийн чинь захыг мушгиж, бэлгэшээж байгаа нь мэдээж.

Дэлхийн аварга болчихоод дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлов?

-Миний зорилго дэлхийн аваргын түрүүгээр хязгаарлагдахгүй. Монгол хүн Японы бөхчүүд шиг ДАШТ-д яагаад олон удаа түрүүлэн, ноёрхож чадахгүй гэж. Өнөө цагийн домогт бөх С.Ёшидагийн 13, К.Ичогийн 10 түрүүлсэн амжилтыг яагаад шинэчилж дийлэхгүй гэж. Одоогоор манай чөлөөтийнхнөөс дэлхийн хошой аварга цолтой хоёр хүчтэн (З.Ойдов, С.Батцэцэг) бий.

Тэдний амжилтыг буухиалж, монгол хүн япончууд шиг дэлхийн дэвжээнд олон удаа түрүүлэн, ноёрхож чадна гэдгийг батлахыг хүсэж байна. Тэдэн шиг олон удаа түрүүлэх мөрөөдөлтэй. Ер нь тэдэн удаа түрүүлнэ гэж багцаалахад амаргүй ч Токиогийн олимп хүртэл зорилгодоо хүрэхийн төлөө бүхнээ шавхана аа. Одоо дэлхийн аварга цол хүртсэн болохоор жижиг, том ямар ч тэмцээнд тааруу амжилт гаргах эрх надад байхгүй.

-Тэгэхээр “Токио-2020” олимп хүртэл хувийн амьдралаа түр хойш нь тавьсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Үүнийг маань Лхамаа ч дэмжсэн. Бид хоёр чөлөөтийн дэвжээнд танилцаж, амжилтын төлөө хамт зүтгэж яваа болохоор бие биенээ илүү сайн ойлгодог юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

Илгээх

Энэ тухай