Энэ засаг унавал шинэ засаг ч огцорно

“Үнэнээсээ” мартдаг, худлаа жүжиглэдэг хоёрын аль нь болохыг сайн мэдэхгүй юм. Улстөрчид заримдаа загас шиг богинохон ой санамжтай болчихдог ажээ. Жил гаруйхны өмнө юу ярьснаа, юу гэж амласнаа мартчихдаг хүн УИХ дахь МАН-ын бүлгийн 65 дотор цөөнгүй тодроод байна. Засаг унагахаар гарын үсэг цуглуулаад буй тэр гишүүдэд өнгөрснийг нь сануулж, өөрсдийнх нь ярьснаар бичвэрээ эхлүүлье.

Сонгуулийн сурталчилгааны явцад МАН-ын бараг бүх гишүүн “АН засаглаж чаддаггүй гэдгээ харууллаа”, “Төр тогтвортой байх ёстой. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулагчдыг үргээлээ” гэхчилэн ярьж, хэлж, ухуулж явсаар УИХ-ын өндөр босгыг давсан байдаг. Тэгвэл өнөөдөр юу болж байна! Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр тохирч, эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч, хөрөнгө оруулагчид наашлах чимээ сонсогдох үед МАН-ын 65-ын бараг тал нь байгуулсан засгаа нураах санал УИХ-д оруулсныг парламент хэлэлцээд явж байна.

Нөгөө тогтвортой байдал, засаглаж чаддаг нам гэх үгс үнэндээ худал байсан нь Т.Аюурсайхан нарын 30 гишүүний Ерөнхий сайдыг огцруулах бичгээс харагдаад эхэллээ. Хамгийн гол нь, энэ бичиг цаг хугацааны хувьд ямар ч ач холбогдолгүй, зүгээр л цаг барсан, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан, эдийн засагт сөрөг дохио болсон л үйлдэл болж байна шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг тэдний хүссэнээр огцрууллаа гэж бодъё. Тэгээд юу өөрчлөгдөх юм бэ? Хасах руу орчихсон байсан эдийн засагт таван хувийн өсөлт авчирсан гавьяаг нь мартлаа ч төрийн тогтвортой байдал алдагдах аюулыг умартаж болохгүй биз дээ.

Засаг огцорно, огцрохгүй гэсэн асуудлыг илээд өнгөрөх биш, илүү лавшруулаад харъя. Гадаад, дотоод аль ч нөхцөл байдлаа бодсон Засгийн газраа огцруулж тоглодог цаг хугацаа одоо биш ээ. Харамсалтай нь, МАН-ынхан үүнийг мэдсээр байж намын дотоод зөрчлөө төрийн зовлон болгож буйд л учир байна. “Бид хамтдаа” гэж уриалж сонгогдсон тэд хуваагдаж тэмцэлдээд юу хожих вэ. Хожил магадгүй албан тушаалд шунаж байгаа Ардын намын 30 гишүүнд ногдож болох ч, ард түмэнд хохиролтой тусах нь хэнд ч ойлгомжтой. Бодоод үзье.

МАН-ын Бага хурал удахгүй хуралдана. МАН-ын төлөөллийн төв байгууллагынх нь хэлэлцэх гол асуудал бол Их хурлынхаа товыг тогтоох. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон Удирдах зөвлөлийн хурлаас нэгэнт гарчихсан чиглэлээр бол Бага хурлаас хойш 45 хоногийн дотор ээлжит Их хурлаа МАН зарлан хуралдуулах ёстой. Энэ хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагыг намын даргатай тооцож, М.Энхболд ч нэгэнтээ хэлснээрээ чөлөөлөгдөх байх.

Өөрөөр хэлбэл, ердөө хоёрхон сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-д 65 суудалтай МАН шинэ даргатай болж, тэндээс улс төрийн шинэ шийдвэрүүд гарах нь цаасан дээр бичигдээгүй л болохоос тодорчихсон зүйл. Харин тэр үед хүссэн, хүсээгүй Засгийн газрын асуудал сөхөгдөх нь гарцаагүй. Одоогийн Ерөнхий сайд МАН-ын даргаар сонгогддоггүй л юм бол Засгийн газар хөдөлгөөнд орох нь тааварлаж ядах юмгүй билээ. Ийм л нөхцөл байдал эрх баригч МАН-ын дотоодод үүсчихээд байна.

Хэн намын дарга болохоос хамаарч Засгийн газар хөдлөх, эсэх нь шийдэгдэх ийм үед намын зодооноо хоёр сарын өмнө Төрийн ордон руу яаран оруулж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь өөрөө утгагүй юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг УИХ энэ удаад огцруулахгүй гэж шийдсэн ч Засгийн газрын асуудал намын Их хуралтай хамт яригдах л сэдэв. Энэ бол ердөө л цаг хугацааны асуудал билээ.

МАН-ын Их хурлаас хамаарч бүх зүйл хөдөлгөөнд орох нь тодорхой ийм үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад яах юм. Хэнд хэрэгтэй гэж. Тэднийг үүрэг гүйцэтгэгчээр нь үргэлжлүүлж ажиллуулах юм уу? Эсвэл МАН-ын Их хурал хүртэл ахиад нэг шинэ Засгийн газар байгуулах юм уу. Хэрэв УИХ-ын олонх үнэхээр Ерөнхий сайдыг огцруулчихвал энэ сарын 7 хүртэл зарласан ээлжит бус чуулганыг сунган хуралдуулж, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах хэрэгтэй болно.

Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ томилно. Тэр хүн нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулна. Тэгээд сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барьж хүн нэг бүрчлэн томилуулна. Бараг хагас сар илүүүргэлжлэх хуулийн энэ процессын эцэст тодорсон шинэ Засгийн газар тэгээд хэд хоног ажиллах вэ. Өмнө нь өгүүлсэнчлэн МАН-ын Их хурлаас шинэ дарга тодорч, тэр нь 2007 онд С.Баярын хийсэнтэй адил “Надад үүрэх хариуцлагатай минь дүйх эрх мэдэл өг” гээд Ерөнхий сайд болно гэвэл Засгийн газрыг дахиад л МАН-ынхан өөрсдөө огцруулж таарна. Яг тэр хүртэл Монгол Улсыг харсан хөрөнгө оруулагчид, дотоодын бизнесмэнүүд хүлээлтийн байдалд шилжиж, өндийж байсан эдийн засаг зогсож, бүр уруудаж ч мэднэ.

Ийм нөхцөл байдал улс төрд ч, эдийн засагт ч үүсэхийг мэдсээр байж УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан нь ёстой богино зайн улс төр юм. Бүр хэтэрхий богино зайн улс төр гээд хэлчихэд ч буруудахгүй байх. Учир нь, энэ Засгийн газрыг огцруулаад оронд нь сайд болох тохироог гарын үсэг зурсан гишүүдийн бараг тал нь хийсэн юм билээ. Тиймээс л хоёрхон сар хүлээж тэвчилгүй гарын үсэг цуглуулж, Ерөнхий сайдыг огцруулах замаар шинэ Засагт сайд болохоор зүүдэлж яваа хэрэг.

Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо яарч болох ч хоёрхон сарын настай Засгийн газар байгуулж, сайд болохоор зүтгэх нь даанч өрөвдөлтэй. Өөрөөр бол тэдэнд энэ Засгийн газарт ингэтлээ яаран хариуцлага тооцох бодитой, хангалттай, үндэслэлтэй шалтгаан огтхон ч байхгүй. МАН-ын гишүүдийн олонх ч үүнийг мэдэж байгаа биз. Т.Аюурсайхан нарыг хоёр сар сайдын дамжаанд суулгах гэж МАН-ын Бага хурал, УИХ дахь бүлэг нь Засгийн газраа унагахгүй байх. Энэ засаг унавал шинэ засаг ч хоёр сарын дараа огцорно шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай