Том шунал, жижиг төр

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Хятадын “Ти Би Эф интернэшл групп” компанид “Эрдэнэс Тавантолгой”-гоос таван сая тонн нүүрс хямд үнээр худалдах албан бичиг явуулсан баримтыг экс спикер З.Энхболд дэлгэсэн. Энэ үйл явдал Ерөнхийлөгчийн сонгуулийн нэмэлт санал хураалтын өмнөх өдөр болсон билээ. Улс төрийн зорилготой дэлгэсэн энэ баримтыг Ж.Мөнхбат хуурамч хэмээн няцааж, шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдэж байв. Тэгсхийгээд хэрэг явдал намжив.

Шүүхийн байгууллагад хандсан, эсэх нь ч тодорхойгүй хоцорлоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хүсэлт явуулсан компанийнхан Монголд ирчихсэн “Ийм санал тавьсан. Ямар хариулт өгвөл зохилтой вэ” гээд уул уурхайн салбарт ажиллаж байсан зарим хүнээс зөвлөгөө авсныг эх сурвалж нотлов. Тэд л Ж.Мөнхбат сайдын гарыг үсэгтэй албан бичгийг З.Энхболдын гарт атгуулсан хэрэг.

...Уул уурхайн салбар яагаад улстөрчдийн шуналын золиос болоод байна вэ? Асар их мөнгө эргэлддэг учраас улстөрчдийн шуналыг хөдөлгөдөг салбар. Их мөнгийг дагаж хуйлрах нь капитализмын хамгийн гол мөн чанар гэхэд хилсдэхгүй. Тэдний шуналыг сайн засаглал л хязгаарлаж чадна. Муу засаглалтай бол намайг хэн тоох вэ, нохойг хэн саах вэ гэдэг шиг л аашилна.
асаглалын гажигтай манайд улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн яг л ингэж аашилдаг. Мөнгөтэй бол бүхнийг өөрийн тал руу эргүүлэх гэж хичээж байна. Уул уурхайн төслүүдийг эсэргүүцсэн жагсаал цуглаан, хэрүүл тэмцлийг улстөрчид л санхүүжүүлж байгаа...

Үнэхээр албан бичиг хуурамч байсан бол төрийн сайдын тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг “өндөр”-өө авмаар юм. Гэтэл чимээ байдаггүй шүү. Нэг тонн нүүрсийг 47 ам.доллароор худалдахаар зэхэж байсан гэж З.Энхболд ярьсан. “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ уурхайн амнаас 72 ам.доллароор худалдаж эхэлснийг гүйцэтгэх захирал Д.Ариунболд нь сүр дуулиантайгаар мэдээлж байв. Нэг тонн нүүрсийг зах зээлийн үнээс хэт хямдаар зарах санал тавьсан нь ямар учиртай вэ? Энэ асуултад хариулт нэхэх шаардлагатай болов уу.

“Эрдэнэс Тавантолгой” компани “жижиг” хэмээх “Тавантолгой”-н удирдлагуудтай хуйвалдан хоёр уурхайнхаа амны хил залгасан мөргөцгийн нүүрсийг хямд үнээр худалдсан гэх дуулиан мөн л дэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан дээрх мэдээллийг эрс няцаасан ч 260 мянган тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр борлуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа.

Монгол Улс эрдэс баялгийн салбараа хэрхэн удирдаж буйг “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой эргэлзээ дагуулсан хоёр жишээ тодорхой харуулна. Үүнээс хамгийн түрүүнд төр уул уурхайн бизнестэй хутгалджээ гэсэн дүгнэлт хийж болох юм.

Монгол Улсын экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Мөн төсвийн орлогын 20 гаруй хувийг энэ салбарынхны татвар төвлөрүүлж байна. Иймээс л Монголыг уул уурхайн орон гэж тодорхойлдог болсон. Уул уурхай хөгжөөгүй 2000-аад оноос өмнө Монголыг хөдөө аж ахуйн орон гэдэг байсныг түүх гэрчилж үлдэх биз. Өдгөө эрдэс баялгийн салбар жижиг эдийн засагтаа ийн жин даржээ.

Тиймээс уул уурхайн салбарын үйл ажиллагаа, бодлого зөв, үр ашигтай байх нь эдийн засагт “нэмэх оноо” авчрах учиртай. Уул уурхайн салбарын эрх зүй, бодлогын чиглэлээр чамгүй хугацаанд ажилласан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монгол Улс ойрын 20-30 жилд уул уурхайн хамаарлаас гарч чадахгүй” гэж ярьсан удаатай. Тэрбээр уул уурхайн салбарт баримтлах бодлогыг сайтар судалж байж батлах хэрэгтэй гэж үздэг. Тиймээс төрд үйлчлэх үүрэгтэй уул уурхайн судалгааны байгууллага бий болгож ажиллуулах хэрэгтэй гэж ярьдаг юм. Мэргэжлийн баг ажиллаж, зөв өнцгөөс харвал ул суурьтай бодлогын сонголт хийх нь дамжиггүй.

Төрд үйлчлэх чиг үүрэгтэй ийм байгууллага Монголд байхгүй учраас улстөрчдийн төсөөллөөр л энэ салбарын бодлого тодорхойлогддог гэхэд хилсдэхгүй. Бас бодлого нь тэдний ашиг сонирхолд нийцэж байх учиртай. Уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бүрийг улстөрчид, төрд нөлөөтэй бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол дагадаг нь нууц биш.

Газрын хэвлийн асар их баялгаа зүй зохистой ашиглаж чадахгүй байгаагийн гол бэрхшээл нь улстөрчид, нам дамнасан бизнесийн бүлэглэлийн эрх ашиг. Аль нэгийнх нь эрх ашигт нийцэхгүй бол уул уурхайн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй хэвлэлийн “дайн зарладаг”, аль муу муухайгаар буруутган ухуулдаг гажиг нэгэнт тогтжээ.

“Төмөр замыг нарийн царигаар тавина” гэсэн МСS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Өргөнөөр тавих ёстой” гэж зүтгэсэн Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Х.Баттулга нарын гурван жил сунжирсан хэрүүл, 2011 онд эхэлсэн Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын хэлэлцээр гурван удаа буцсан нь хэн нэгэн улстөрчийн эрх ашигт нийцээгүйгээс шалтгаалсан юм. Улстөрчид Монголд ашиггүй гэх нэрийн доор өөртөө л хонжоо хайсаар ирлээ. Ашиг сонирхол гэдэг их бүрхэг албаны үгийг хувийн шунал гээд ойлгочихоорой. Улстөрчдийн “том шунал” л эрдэс баялгийн салбарыг залж чиглүүлж байна.

Эрдэс баялгаа үр ашигтай ашиглаж чадахгүй бол хэн хохирох вэ? Хөлжсөн улстөрчид биш, хөдөө гандаж яваа багш, үйлдвэрт тостой холилдож байгаа ажилчин мэтийн борчууд л хохирогч нь болдог. Уул уурхайн салбараа зөв замаар хөгжүүлбэл, эдийн засаг өснө. Эдийн засаг өсвөл иргэдийн амьжиргаа дээшилнэ. Өргөн, нарийн царигийн хэрүүл сунжирсаар төмөр замаа тавиад дуусгах хугацааг барсан. Одоо манай улс Тавантолгойн ордынхоо нүүрсийг авто замаар зөөсөөр байна.

Хэрэв төмөр зам тавьчихсан бол Монгол Улс нэг тонн нүүрс тутмаас 10 ам.долларын илүү ашиг хүртэх байлаа. Төмөр зам тавихыг гацааснаараа хэн хожсон бэ? Магадгүй MCS группийнхэн хохирсон мэт харагдах. Эцсийн дүндээ Монгол Улс хожигдсон. Нэг тонн нүүрс тутмаас олох 10 ам.доллароо алдсан. Тонн нүүрсийг автомашинаар тээвэрлэснээс төмөр замаар зөөсөн нь 10 ам.доллароор бага зардалтай. Зардал хямдарвал бүтээгдэхүүний үнэ өсөх нь дамжиггүй. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосноороо хэн хожсон бэ? Хэсэг улстөрч л хожсон. Харин гадаадын хөрөнгө оруулалт буурч, ажлын байргүй болж иргэд хохирсон.

“Байгалийн нөөцийн харти”-д “Засгийн газар орлогыг одоо болон ирээдүй үеийнхэнд тэгш хүртэхүйц оновчтой үр дүн бий болгоход хөрөнгө оруулах ёстой” гэж заасан байдаг. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат баялгийг хямд үнээр худалдах санал тавьсан нь одоо үеийнхэнд ногдох байгалийн нөөцийн орлогыг бууруулсан хэрэг биш үү. Зарим эх сурвалж “Хятадын компани хямд үнээр нүүрс нийлүүлээд өөртөө урамшуулал авахаар тохирсон” гэж түүнийг хардаж байна.

Уул уурхайн салбар яагаад улстөрчдийн шуналын золиос болоод байна вэ? Асар их мөнгө эргэлддэг учраас улстөрчдийн шуналыг хөдөлгөдөг салбар. Их мөнгийг дагаж хуйлрах нь капитализмын хамгийн гол мөн чанар гэхэд хилсдэхгүй. Тэдний шуналыг сайн засаглал л хязгаарлаж чадна. Муу засаглалтай бол намайг хэн тоох вэ, нохойг хэн саах вэ гэдэг шиг л аашилна.

Засаглалын гажигтай манай оронд улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн яг л ингэж аашилдаг. Мөнгөтэй бол бүхнийг өөрийн талд эргүүлэх гэж хичээж байна. Уул уурхайн төслүүдийг эсэргүүцсэн жагсаал цуглаан, хэрүүл тэмцлийг улстөрчид л санхүүжүүлж байгаа. Үүнийг иргэд нэгэнт гадарладаг болсон учраас жишээ баримтаар нотолж, илүүг нуршаад юу хийх вэ.

Монгол Улс уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагааг хариуцаж ажилладаг яамтай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам уг нь томоохон төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх бодлогыг боловсруулж, үйл ажиллагааг нь хянаж баймаар юм. Гэтэл “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг томоохон компанийн хувьцааг эзэмшдэг “Эрдэнэс Монгол”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан нөлөөлж чаддаггүй, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-т ч эрх мэдэл нь дутна.

Нам дотроо нөлөөтэй, хүчтэй улстөрч Засгийн газрын гишүүн болбол өөрийн харьяандаа дээрх компаниудыг татаж авч, “халаасаа” болгодог “гэм” бий. “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын бүрэн эрх мэдлийн хүрээнд ажиллаж байгаа нь илэрхий болжээ.

Сайн засаглалтай төртэй байсан бол эрдэс баялгийн салбарын бодлого чиглэл хэн нэгэн хувь улстөрчөөс үл хамааран, эдийн засагтаа үр ашигтай байх хувилбараар замнах байсан нь тодорхой. Гэтэл том шуналд манай төр жижигдэв. Хариуцах ёстой яам нь ч салбарын компаниудаа бодлогоор чиглүүлж чадахгүй байна.

Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиер “Муу засаглалаас болж хүн болгон хохирохгүй, зарим цөөн хэсэг хожиж байдаг. Дэлхийн хамгийн ядуу улс орны удирдагчид дэлхийн хэмжээний баячууд байдаг. Тэд байгаа бүгдийг хэвээр хадгалах сонирхолтой учраас томоохон өөрчлөлт хийх хүсэлгүй байдаг. Санаандгүй байдлаар зарим шударга хүмүүс засаглалын дээд түвшинд хүрэх тохиолдол бий ч тэдний эрдэм мэдлэг, ур чадвар дутагдахаас гадна боловсруулсан бодлогоо хэрэгжүүлэхээсээ өмнө эсрэг тавьсан хар хүчинд дарагдах нь олонтаа.

Аливаа шинэ бодлого, өөрчлөлтийн тухай санаа ард түмний дунд муу нэртэй болсон байх тул олны дэмжлэг авч чаддаггүй” гэж ярьжээ. Түүний үг Монголын эрдэс баялгийн салбарт үүсээд буй эрээвэр хураавар, эв зүй нь алдагдсан дүр зургийг хураангуйлаад тодорхойлчихсон мэт санагдав. Том шуналыг “хазаарлаж” чадах хүчтэй төр хаана байна вэ?

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай