М.Мягмар: Шилдэг оролцогчид хоёр өрөө байрны урьдчилгаа төлбөр бэлэглэнэ

М.Мягмар: Шилдэг оролцогчид хоёр өрөө байрны урьдчилгаа төлбөр бэлэглэнэ

“Гайз” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмар “Байна уу, ээж ээ” дууныхаа үргэлжлэл болгон “Захиа” дуу бүтээснээ өнгөрсөн сард олны хүртээл болгосон. Энэ нь түүний хэрэгжүүлж буй “Сайн байна уу, аав аа” төслийн хүрээнд “төрсөн” бүтээл аж. Түүнээс эл төсөл болоод шинэ уран бүтээлийнх нь талаар асуув.

-“Сайн байна уу, аав аа” төслийн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Өмнө нь ээждээ зориулж “Байна уу, ээж ээ” дуу бүтээн олны хүртээл болгосон. Энэ удаа аавдаа “Захиа” дуугаа зориуллаа. Хоёр жил гаруйн хугацаанд төлөвлөж эдгээр уран бүтээлээ “төрүүлсэн”.

“Сайн байна уу, аав аа” төслийн хүрээнд хэд хэдэн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, эхлээд аавдаа зориулж захидал бичих уралдаан зарлана.

Ялагчид “iPhone 7 plus” гар утас бэлэглэнэ. Мөн “Алтай констракшн”-тай хамтран уралдаан зохион байгуулж, шалгарсан хоёр хүнд “Саруул” хотхонд орон сууц худалдан авахад нь таван сая төгрөг, мөн хоёр оролцогчид хоёр өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг хөнгөлөх эрхийн бичиг бэлэглэнэ. Уралдаануудыг тухай бүрт нь зарлах болно.

-Ээж, аавдаа зориулж уран бүтээл туурвичихлаа. Дараагийн дуугаа хэнд зориулж, олон нийтэд хүргэх вэ?

-Бодсон, төлөвлөсөн зүйл их байна. Зорилготой, хүсэл тэмүүлэлтэй амьдрах сайхан. Тэгэхээр яг над шиг бодолтой, дэврүүн сэтгэлтэй залууст дараа дараагийн уран бүтээлээ зориулна.

-Энэ онд “Гайз” хамтлагийн 20 жилийн ой тохиож буй. Тоглолт хийх үү?

-Өнгөрсөн хоёр жил бид 20 жилийн ойгоо угтан маш олон газарт тоглосон. Аялан тоглолт хийхэд маш их бэлтгэл, цаг хугацаа зарцуулдаг. Тиймээс дэлгэцийн уран бүтээлүүдээ бүгд хойш тавьсан.

Энэ жил бүгд тус тусын ажлаа хийж байна. А.Төгсбаяр “Эцсийн хүсэл” кино бүтээснээ өнгөрсөн долоо хоногт үзэгчдэд хүргэлээ. Д.Лхагва мөн дэлгэцийн уран бүтээлийн ажилдаа орсон.

-2001 онд танай хамтлаг “Бидний найзын дурлал” киног үзэгчдэд хүргэсэн шүү дээ. Ойдоо зориулж дэлгэцийн уран бүтээл хамтран хийхгүй юм уу?

-Уг нь тэгж ярилцсан. Сэдвээ ч сонгосон. Гэтэл бидний бодож, төлөвлөсөн киног бүтээхэд ажиллах боловсон хүчин, техник технологи манайд алга. Одоо ч гэсэн бид энэ талаар судалж байгаа. Цаг, боломж нь бүрдвэл хийлгүй яах вэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай