Ч.Гантулга: Хурлаа хийхийг бүлгийн даргаасаа шаардана

Ч.Гантулга: Хурлаа хийхийг бүлгийн даргаасаа шаардана

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болох байсан ч хуралдсангүй. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ дахь МАН-ын Б.Сүхбаатар, Р.Дамба Ч.Гантулга нарын нэр бүхий төлөөлөгчид ИТХ-ын тэргүүлэгчдэд шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэдний тавьж буй шаардлагын талаар төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа.

-Та бүхэн ямар асуудлаар шаардлага хүргүүлэв?

-Бид есдүгээр сарын 7-нд “Нийслэлийн ИТХ-ыг хуралдуул” гэсэн шаардлага хүргүүллээ. Энэ шаардлагын хүрээнд өнөөдөр нийслэлд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж тавьсан. Замын түгжрэл, өвөлжилтийн бэлтгэл, хоёр гурван газар шүлхий өвчин гарсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх цаг нь болсон. Үндсэндээ дөрөвдүгээр сарын 28-наас хойш хуралдсангүй. Нийслэлийн ИТХ ард түмний төлөөлөл болж, эрх ашгийг нь хамгаалж, нийслэлийн цаашдын хөгжлийг ярилцаж, шийдэх учиртай. Эдгээр асуудлыг ярьж эндээс ямар нэг бодлого, чиглэл гарах ёстой. Харамсалтай нь, хурлаа хийхгүй байна. Хэдэн хүнээс болоод нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн, МАН-ын бүлгийг хуралдуулалгүй өнөөдрийг хүрлээ. Бид энэ чуулганыг хийхийг л шаардаж байгаа юм.

-МАН-ын бүлэг асуудлаа хэлэлцэхгүй байгаа нь ямар шалтгаантай юм бэ?

-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН үр дүнгээ аль ч түвшиндээ хэлэлцэж, ярилцах байсан. Гэтэл тэгсэнгүй. Удирдах зөвлөлийн хэмжээнд л яриад өнгөрлөө. Нийслэл бол том айл, том тойрог. Тэгэхээр сонгуулийн үр дүнг хэлэлцэх зайлшгүй шаардлага бий. Өнөөг хүртэл бид сонгуулийн үр дүнг ч хэлэлцсэнгүй, алдаа дутагдлаа ч ярилцсангүй. Үүнийг ярих цаг болсон. Аливаа улс төрийн хүчин сонгуулиас сонгуулийн хооронд бодлогоо гаргаж, төлөвлөж, алдаа дутагдлаа цэгнэдэг. Тэгтэл бас л тэгсэнгүй. Бид нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд, тойргоос санал авч сонгогдсоны хувьд эрх ашгаа хамгаална. Олон мянган иргэнийхээ дуу хоолой нь болж явна.

- Та бүхэн 60 тэрбумтай холбогдох асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-60 тэрбумын асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Энэ тухайд холбогдсон хүмүүс нь ярьсан хэлснээ хүлээн зөвшөөрсөн. МАН-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа. Манай нам сүүлийн арав гаруй жилд гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцож чадахаа больсон. МАН бол зүүний чиг баримжаатай нам. МАН-ын энэ гол үзэл баримтлалыг сэргээж, нийгэмд зөв утгаар нь авч явах үүрэгтэй хүмүүс нь бид. Хэлсэн ярьсандаа үнэнч байж хариуцлагатай хандах хэрэгтэй. Намын удирдлага хариуцлагаа тооцож чаддаг байх ёстой.

- Ойрын хугацаанд МАН-ын бүлгийг хуралдуулах талаар ярилцсан зүйл бий юү?

-Намын бүлэг хуралдаасай гэж их найдаж байна. Шаардлагаа тавьж байгаа. Одоо бүлгийн даргатай уулзаж, хурлаа хэзээ, яаж хийх талаар ярилцана, шаардана. Бүлгийн хурлаар олон асуудлыг шийдэх учиртай. Ер нь цаашид хотын удирдлагууд, Иргэдийн хурлын төлөөлөгчид, бүлгийн дарга нар улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг маш мэдрэмжтэй хүлээн авч, хурлаа хийж, асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Ийм чадвар энэ хүмүүст байхгүй болоо юу даа гэж харж байгаа. Сүүлийн үед энэ хүмүүст эргэлздэг болсон.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай