Хөвсгөлийн гурван суманд дархад уртын дуу судлаад иржээ

Хөвсгөлийн гурван суманд дархад уртын дуу судлаад иржээ

Уртын дуучин, уртын дуу судлаач, ЮНЕСКО-ийн Монгол Улс дахь судалгааны Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн ажилтан М.Дорждагва Хөвсгөл аймгийн дархад ястнууд голчлон амьдардаг Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ суманд судалгааны ажлаар яваад иржээ. Дархад ястнууд монголчуудын өв соёлын үнэт эрдэнэсийн нэг уртын дууг дуулж байна уу, үгүй юу, ямар дэг жаяг, ая, аялгаар дуулдаг зэргийг тандаад 80-аас дээш насны цөөн хэдэн ахмад л дуулдаг болохыг тогтоожээ. Залуучууд нь бараг дуулдаггүй, сурахыг хүсдэггүй болохыг мөн тэмдэглэж ирсэн байна.  “Баянзүрх сумын дархадуудын дуунд халх, хотгойд чигийн аялга мэдэгдэж байсан бол  Рэнчинлхүмбэ сумын дархад дууны аялгуу нь цаатан маягийн бүтэцтэй юм байна. Харин Улаан-Уул сумын дархадуудын уртын дуу нь өвөрмөц сонин аялгуу, аялгатай нь одоогоор мэдэгдэж байна. Дархад уртын дуу дуулдаг цөөн хэдэн хөгшнөөс хойш энэ ястны хувьд уртын дуу дуулдаг хүнгүй болох юм байна гэсэн дүгнэлт хийлээ. Аль аль суманд ганц нэгхэн залуу л хөгшдийн дуулдгаар сурахыг эрмэлзэж байгааг эс тооцвол дархадуудын уртын дууг дуулах, өвлүүлэх талд анхаарал сул байдаг юм байна” хэмээн судлаач ярьж байна.

Уртын дуу судлаач М.Дорждагва дээрх сумдаас дархад уртын дуугаа язгуураар нь дуулдаг хөгшчүүдийн төлөөлөл болгож Баянзүрх сумын Шарнууд овгийн Хандын Дамдинжий, Улаан-Уул сумын иргэн Шарнууд овгийн Сономын Хөхчулуу, Рэнчинлхүмбэ сумын иргэн Цагаан хуулар овгийн Намдагийн Баасанжий нартай уулзаж, дуулуулж, яриа хөөрөөг нь тэмдэглэж авчээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай